Энэ Засгийн газар 19 гишүүнтэй. Тэдний 17 нь давхар дээлтэй. Дан дээлтэй хоёрхон сайдын нэг нь Зам, тээврийн сайд А.Гансүх. Сайд нь дан дээлтэй болохоор салбарын ажил нь ч саатаад байх юм алга. Өнгөрсөн жилээс эхэлсэн аймгийн төвүүдийг нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбох ажил эрчимтэй явж байна. Дан дээлтэй сайд түүртэх юмгүй замын ажилдаа санаа тавьж, ойр ойрхон очиж шалгаж, хянаж яваа юм билээ. Авто зам төдийгүй, төмөр зам, агаарын тээврийн асуудал ч сүүлийн хоёр жилд олны анхаарлын төвд байлаа. МИАТ компани Францын Парис, Германы Франкфурт руу шинээр нислэгийн “зам” нээлээ. Удахгүй Сингапур, Канад руу нисэх юм гэсэн.
Сүүлийн 2 жилийн хугацаанд МИАТ компани нислэгийн 6 чиглэл нэмсэн. УБТЗ техникийн шинэчлэлтээ хийгээд эхэлчихсэн. Суудлын шинэ вагон, зүтгүүр, рэйлбус автобустай боллоо. Хамгийн сүүлд УБТЗ ХНН Ерөнхийлөгчөөс Сүхбаатарын одон гардаж авлаа. Энэ мэтчилэн сүүлийн хоёрхон жилийн хугацаанд дан дээлтэй сайд давуу байдлаа харуулж чадлаа. Мөн төрөөс төмөр зам, авто тээвэр, агаарын тээврийн талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичгийн автор нь А.Гансүх. Тэр дээрх баримт бичгүүдийг өөрийн биеэр боловсруулан УИХ-аар батлуулж чадсан “хөнгөн жингийн бөх” гэнэ билээ.
Б.БАТ