МАН-ын удирдлагууд мэдээлэл хийлээ.
“Нүүрс” хөтөлбөрийн хүрээнд 3.5 тэрбум төгрөг завшсан байж болзошгүй гэх хэрэгт сэжиглэгдэн Төв аймгийн Урьдчилан хорих төвд саатуулагдсан ахлах зөвлөх Л.Гансүхтэй Ерөнхий сайд Н.Алтанхуяг уулзсан нь Засгийн газар иргэдээсээ хууль биелүүлэхийг шаардах эрхгүй болгож байна гэж МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ онцоллоо. Мөн МАН эл асуудлын хүрээнд байр сууриа илэрхийлэхдээ Авлигатай тэмцэх газраас гаргасан мэдэгдэлд үндэслэж байгаа гэдгийг тодотгов.
Засгийн газар өнгөрсөн хоёр жилийн хугацаанд “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ 1 тонн нүүрсийг иргэдэд 80 мянган төгрөгөөр борлуулдаг байсан. Харин Багануурын нүүрс 1 тонн 27500 төгрөг бөгөөд зөрүү нь 52500 төгрөг болно. Нийт борлуулсан нүүрсний хэмжээ 279 мянган тонн аж. Эндээс тус намынхан тооцоо хийж үзэхэд 14 тэрбум 647 сая 500 мянган төгрөгийн ашиг гаргасан дүн гарч ирж байгаа юм байна. Гэтэл “Нүүрс” хөтөлбөрөөс ашиггүй ажилласан гэж тайлбарлаж байсан төдийгүй бусад сангаас алдагдлыг нөхөх замаар мөн татаас авдаг байсан. Тиймээс энэ бүхнийг хууль хяналтын байгууллага шалгаж тогтоох ёстой гэж тус нам үзэж буй аж.
Хоёр дахь асуудал нь АТГ-аас тодорхой тайлбар хүргүүлээд байхад Ерөнхий сайд долдугаар сарын 31-нд хууль зөрчин ахлах зөвлөх Л.Гансүхтэй Төв аймгийн Урьдчилан хорих төвд очиж уулзсан нь гэмт үйлдлээ хаацайлахаар үгсэн тохиролцохын тулд хийсэн үйлдэл хэмээн үзэхээс аргагүйд хүргэж байна гэлээ.
Тиймээс МАН-аас УИХ-ын ээлжит бус чуулганыг яаралтай зарлан хуралдуулж, хууль зөрчсөн сайдад улстөрийн хариуцлага тооцохыг хүссэн мэдэгдлийг өнөөдөр УИХ-ын дарга З.Энхболдод хүргүүлж байгаа ажээ.
Г.ДАРЬ