Үндэсний “Нийслэл Лиг 2014” тэмцээний хоёрдугаар тойргийн тоглолтууд эхэллээ.
МХБХ-ны албан ёсны түнш “АПУ ХК”-тай хамтран зохион байгуулдаг Үндэсний “Нийслэл Лиг 2014” тэмцээн зургаадугаар сарын 25-ны өдөр эхэлсэн. “АПУ ХК”-ийн бүтээгдэхүүнээр овоглодог “Нийслэл Лиг-2014” тэмцээн наймдугаар сарыг дуустал 2 тойрог явагдаж, хагас шигшээ, шигшээ тоглолтууд явагдан өндөрлөх юм. Эхний тойргийн тоглолтууд 6-р сарын 25-наас 7-р сарын 8-ны өдрүүдэд амжилттай явагдаж дууссан. Энэ жилийн лигт "Эрчим", "Хангарьд", "Хоромхон", "Улаанбаатар Их Сургууль", "FC Ulaanbaatar", "Сэлэнгэпресс", "Мазаалай" багууд оролцож байна.
МХБХ-ны “Нийслэл лиг-2014” тэмцээнд гадаадын олон тамирчид тоглож байгаа нь тус тэмцээн жил ирэх тусам сонирхолтой болж байгаагийн илрэл мөн юм. Энэ жил нийт 9 орны 19 легионер тоглогчид хүрэлцэн ирж Монголын УА-ын төлөөх лигийн тоглолтуудыг чимж байна.
Энэ жилийн тоглолтуудыг МХБХ-ны хэвлэл мэдээллийн албан ёсны түнш “Sportbox HD” телевиз шууд дамжуулан үзүүлэх болно. Мөн лигийн тоглолтууд 3 стадионд зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой. Орхон аймгийн Уулыг баяжуулах "Эрдэнэт" үйлдвэрийн харъяа “Хангарьд” клуб эзэн багийн тоглолтуудаа өөрийн талбай болох Эрдэнэт хотод хүлээн авч байгаа бол Дулааны IV цахилгаан станцын дэргэдэх “Эрчим” клуб нь мөн эзэн багийн тоглолтуудаа 2012 онд ашиглалтанд орсон шинэ талбайдаа зохион байгуулж байна. Харин бусад 17 тоглолтууд МХБХ-ны “Цэнгэлдэх хүрээлэнд” явагдана.
Үндэсний "Нийслэл лиг-2014" тэмцээний наймдугаар сарын 02-ны тоглолтын мэдээллийг хүргэж байна.
Үндэсний “Нийслэл Лиг 2014” тэмцээний 23 дахь тоглолтод оноолт таарсан “Улаанбаатар Их Сургууль” – “Сэлэнгэпресс” багуудын хувьд, солилцооны цонхоор “Улаанбаатар Их Сургууль”-Масахару Катаоке /Япон/, “Сэлэнгэпресс”-Э.Эммануэль /Нигери/ гэсэн тоглогчдоор тус тус багийнхаа легионер тоглогчдын тоог нэмэгдүүлэн 2-р тойргийн тоглолтуудад хүч үзэхээр болсон. Эдгээр багуудын хооронд эн тэнцүү ширүүхэн өрсөлдөөн өрнөлөө. Энэ тоглолтын цорын ганц гоолыг 26 дахь минутад “Улаанбаатар Их Сургууль” багийн хагас хамгаалагч Юсуке Минами /Япон/ хийлээ. Юсуке Минами нь 1-р тойрогт гоолын тоогоороо мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлж байгаа юм. Харин “Сэлэнгэпресс” багийн довтлогч Г.Төгсбаяр талбай дээр бүдүүлэг алдаа гарган, улаан хуудсаар торгуулж тайлбайг орхисон.
ТОГЛОЛТ №23
“УЛААНБААТАР ИХ СУРГУУЛЬ” 1:0 “СЭЛЭНГЭПРЕСС”
ГООЛ: Юсуке Минами /Япон/ 26‘ (1:0)
ШАР ХУУДАС: Б.Ганбат 57’, Г.Баярсайхан 73’
УЛААН ХУУДАС: Г.Төгсбаяр 54’
УЛААНБААТАР ИХ СУРГУУЛЬ: Э.Ганзориг, Ж.Энхбаяр, Б.Ганбат, О.Очбаяр (Т.Доржрагчаа 90’), П.Алтантулга, Л.Мөнгөншагай, М.Сайнхүү, Г.Баярсайхан, Юсуке Минами /Япон/, М.Батхишиг, Масахару Катаока /Япон/ (Г.Ёндонжамц 78’)
СЭЛЭНГЭПРЭСС: Г.Төгсбаяр, Ц.Түмэнжаргал, Б.Мөнгөнтулга, Н.Цэдэнбал, Б.Гарьдмагнай, С.Одхүү (Э.Онон 8’), Б.Золбоо, Б.Мөнхболд, Б.Өлзий-Од, Б.Мөнх-Эрдэнэ (Б.Мөнх-Эрдэнэ 40’), Э.Эммануэль /Нигери/
ШҮҮГЧ: Б.Хаш-Эрдэнэ (Талбайн шүүгч), Р.Жаргалсайхан (Туслах шүүгч-1), Э.Төмөр-Очир (Туслах шүүгч-2), Т.Галдансүх (4-р шүүгч) нар ажиллалаа гэж Монголын хөлбөмбөгийн холбооноос мэдээлэв.