Дэлхийн шатрын олимпиад эхэллээ

Хуучирсан мэдээ: 2014.08.02-нд нийтлэгдсэн

Дэлхийн шатрын олимпиад эхэллээ

Норвеги улсын Тромсо хотноо өчигдөр Дэлхийн шатрын XXXXI олимпиадын нээлт боллоо.  эхэллээ. 2014 оны Дэлхийн шатрын олимпиад наймдугаар сарын 1-14-ний өдрүүдэд үргэлжлэх бөгөөд эрэгтэй 150, эмэгтэй 136 улсын баг оролцож байна. Монгол Улсын эрэгтэй баг 59-т, эмэгтэй баг 28-т эрэмбэлэгджээ.

Дэлхийн шатрын олимпиад нь анх 1924 онд Франц улсад зохиогдож байсан түүхтэй. Эхний хоёр олимпиадыг албан ёсны бус гэж үздэг бөгөөд 1927 онд Английн Лондон хотноо зохиогдсон Олимпиадыг анхных гэж үздэг. Уг тэмцээн нь хоёр жилд нэг удаа багийн төрлөөр явагддаг Шатрын спортын хамгийн томоохон наадам юм. Энэ удаагийн Олимпиад ОУ-ын Шатрын холбооны Ерөнхийлөгчийн сонгуультай давхцаж байгаагаараа онцлогтой. Олимпиадын үеэр Монголын 7 дахь Их мастер Алтан-Өлзийн Энхтуулын цолыг батламжлах хурал болно.

Манай улс 1956 онд хуучнаар ЗХУ-ын Москва хотноо зохиогдсон Дэлхийн шатрын XII олимпиадаас уг тэмцээнд оролцож эхэлсэн. Манай улс 1956 онд, хуучнаар ЗХУ-ын Москва хотноо зохиогдсон XII олимпиадад спортын мастер Цэвээний Жүгдэр, Баярын Жамсран, Сүрэнгийн Мөөмөө, ОУШХ-ны мастер Пүрэвийн Төмөрбаатар, спортын мастер Дашийн Цэрэндагва, Найдангийн Намжил нарын бүрэлдэхүүнтэй анх удаа оролцож, 34 орноос 30-р байр эзэлж байсан билээ. Түүнээс хойш эрэгтэйчүүд 23 дахь удаагаа, эмэгтэйчүүд 16 дахь удаагаа Дэлхийн шатрын оролцож байна.
 

Монголын багийн ахлагчаар МоШХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч, спортын мастер Чунтын Чулуунбаатар ажиллана.
 

Эрэгтэй багийн дасгалжуулагчаар Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч их мастер Дашзэгвийн Шаравдорж, эмэгтэй багийн ахлагчаар МоШХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч спортын мастер Ч.Чулуунбаатар нар ажиллах юм.

Монголын багийн бүрэлдэхүүн:

Эрэгтэй:

1. Их мастер Цэгмэдийн Батчулуун (Баянхонгор, Үндэсний шигшээ баг, "Алдар" спорт хороо, "Зууны шатар" клуб/
2. Их мастер Базарын Хатанбаатар (Завхан аймаг, БГД)
3. ОУ-ын мастер Намхайн Баттулга ("Хангарьд" спорт клуб)
4. Их мастер Баярсайханы Гүндаваа (Өвөрхангай, Үндэсний шигшээ баг, "Шунхлай" групп)
5. ОУ-ны мастер Гомбосүрэнгийн Мөнхгал (Өвөрхангай аймаг)

Эмэгтэй:
1. ОУ-ын мастер эрэгтэй Батхуягийн Мөнгөнтуул (Завхан, Үндэсний шигшээ баг, "Алдар" спорт хороо)
2. Их мастер эмэгтэй Түвшинтөгсийн Батчимэг (Үндэсний шигшээ баг, "Мончесс" клуб, "Сүлд" спорт хороо)
3. Спортын мастер эмэгтэй Баяржаргалын Баярмаа (Ховд аймаг, "Нью Прогресс" групп)
4. ОУШХ-ны мастер эмэгтэй Ууганбаярын Лхамсүрэн (Говь-Алтай аймаг, "Хан Алтай" шатрын клуб)
5. ОУ-ын мастер эмэгтэй Баянмөнхийн Анхчимэг (Архангай аймаг, "Мобиком" групп)

 

 

Монголын шатарчид олимпиадад ямар амжилттай оролцож байсан талаар сонирхуулъя.

 

  • 1960 он XIV олимпиад ХБНГУ улс, Лайпциг хот 4-р ширээнд ОУМ Лхамсүрэнгийн Мягмарсүрэн алтан медаль
  • 1964 он XVI олимпиад Израйль улс, Тель Авив хот 2-р ширээнд ОУМ Түдэвийн Үйтүмэн алтан медаль
  • 1970 он XIX олимпиад ХБНГУ улс, Зиген хот 2-р ширээнд ОУМ Түдэвийн Үйтүмэн мөнгөн медаль
  • 1992 он XXX олимпиад Филиппин улс, Манил хот 6-р ширээнд ИМ Базарын Хатанбаатар хүрэл медаль
  • 2000 он XXXIV олимпиад Турк улс, Стамбул хот 5-р ширээнд ОУШХМ Зулзагын Бямбаа хүрэл медаль
  • 2002 он XXXV олимпиад Словени улс, Блед хот 6-р ширээнд ОУШХМ Зулзагын Бямбаа  мөнгөн медаль
  • 2004 он XXXVI олимпиад Испани улс, Пальма де Мальорка хот 2-р ширээнд ИМ Базарын Хатанбаатар хүрэл медаль
  • 2004 он XXXVI олимпиад Испани улс, Пальма де Мальорка хот 3-р ширээнд ОУМЭ Түвшинтөгсийн Батцэцэг хүрэл медаль тус тус хүртсэн байна.

Багийн дүнгээр эрэгтэйчүүд 1970 онд ХБНГУ улсын Зиген хотноо зохиогдсон XIX олимпиадад 16-р байр, эмэгтэйчүүд 1990 онд хуучнаар Югослав улсын Нови Сад хотноо зохиогдсон XXIX олимпиадад 13-р байрт шалгарч байжээ.
 

2014 оны Дэлхийн шатрын олимпиад наймдугаар сарын 1-14-ний өдрүүдэд үргэлжлэх юм.

Тэмцээний албан ёсны сайт: chess24.com

Фэйсбүүк хуудас: www.facebook.com/Norway2014

Б.НЯМДАВАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж