Засгийн газрын харьяа 11-11 төвд хандсан иргэдийн санал хүсэлтийг түүвэрлэвэл багагүй хувийг газар өмчлөлтэй холбоотой асуудал эзэлжээ. Нийслэлийн хэмжээнд газар өмчлөлийг эрчимжүүлэх зорилгоор өнөөдрөөс эхлэн газар өмчлөх иргэдийн хүсэлтийг цахимаар авч эхэлсэн юм. Гэвч олон хүн зэрэг хандсанаас ачааллаа даахгүйд хүрч, хэсэг хугацаанд хүчин чадлын нэмэгдүүлэх ажлыг хийсэн. Тэгвэл энэ асуудлаар 11-11 төвд хандсан №1408015402 дугаартай зочин дараах асуудлыг хөнджээ. Тэрээр “Нийслэлийн өмчийн харилцааны газраас газар өмчлөх ажлыг онлайнаар бүртгэж эхэлнэ гэсэн боловч веб сайт нь алдаатай, бүртгүүлж болохгүй байна. Энэ асуудлыг анхнаас нь чанартай хийгээгүйгээс иргэдийг ихээр чирэгдүүлж байна” гэжээ.
Мөн №1408014283 дугаарын зочин “Газар өмчлөлийг цахимаар бүртгэх сайт руу орж амжаагүй байтал бүртгүүлэх иргэдийн тоо нь гүйцчихсэн байна. Өдөр 12:00 цагаас хойш бүртгүүлэх гэж бүтэн 3 цаг 30 минут оролдоод чадсангүй. Зохион байгуулалтгүй, хариуцлагагүй ажил хийж иргэдийг төөрөгдүүлж, бухимдуулж байгаад шүүмжлэлтэй, гомдолтой байна” гэж мэдүүлсэн байна.
Анхаарал татахуйц бас нэг асуудал хөндсөн нь онгоцны тийз 50 мянган төгрөгөөр нэмэгдсэн тухай юм. Энэ тухай №1408017893 дугаартай зочин “Хөвсгөл-Улаанбаатар чиглэлийн онгоцны тийз 270,000-320,000 төгрөг болсон байна. Үнэ нь хэтэрхий өндөр байна. Үүнд анхаарч үнийг нь буулгах арга хэмжээ авч өгнө үү” гэжээ. Түүнчлэн дараах гомдлыг иргэд тавьсныг түүвэрлэлээ.
№1408010607 СХД 14-р хороо 12-р байрны оршин суугч. Гэрийн гаднаа тавьсан машиныг ачилтын компани нь ачаад явчих юм. Ачилтын компаниуд ашгийн төлөө хэтэрхий улайрч ажиллаж байна. Байр луу орох гарцыг шугам солих ажил явж байгаа гээд хаачихсан байгаа. Ачилтын компаниудын үйл ажиллагааг журманд илүү нарийвчлан тусгах хэрэгтэй байна.
№1408013298 1, Үнийн өсөлтөө бууруулаачээ. Хүнс, бараа бүтээгдэхүүн, махны үнэ маш өндөр байна. Мах гэдэг зүйл тансаг хэрэглээ рүү орчлоо. 2.Цалингаа нэмээчээ. 3. Халаалтын суурь хураамж гэж аваад байна. Энэ хэний шийдвэр вэ. Иргэдийн халааснаас мөнгө хулгайлж байна.
№1408016431 Хан-Уул дүүргийн Эд хөрөнгийн бүртгэлийн газарт материал өгөхдөө БЗД-т өгөх ёстой бичгээ ХУД-т андуурч өгсөн байна. Эргэж ирээд ХУД-т өгсөн андуурсан бичгээ солиулах гэтэл хүлээн авагч нь "Миний буруу биш, сольж өгч чадахгүй" гэж чирэгдэл учруулж байна. Тус хүлээн авагч нь өглөө материал хүлээн авахдаа нягталж бүртгэж авах ёстой.
№1408010261 Хөдөө орон нутагт 7 хувийн хүүтэй орон сууцны зээлийн журам гарсан уу, хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ. Тодорхой мэдээлэл яаралтай өгнө үү?
№1408012133 Хан-Уул дүүргийн 3-р хороо “Ривер стон” хотхоны голд шинээр барилга барих гэж байна.Орон сууцны дунд шинээр барилга барих бол оршин суугчдаас санал хүсэлтийг нь авч байж барина гэсэн хууль дүрэм хэрэгжихгүй байна. Долдугаар сарын 11-нд хөдөлмөрийн аюулгүй байдал хангагдаагүй хүүхдийн тоглоомын талбайн яг хажууд барилгын ажил хийгдэж байна.
№1408019292 Сэлэнгэ аймгийн Баянгол суманд байдаг. Зургаан сард 13 мянган төгрөг гарсан байна. Сардаа 9000 мянган төгрөг гардаг. Зургаан сард бид эзгүй байсан. Гэтэл долоон сард тог тасалсан байна. Тог тасалсан, хүн байхгүй байхад 8000 төгрөг гарсан байна. Энэ ямар учиртай юм бэ?.
№1407311752 "Нарантуул-2" зах даваа гариг бүр амрах захирамж гарсан, "Шонхор" зах нь пүрэв гаригт амрахаар болсон боловч "Шонхор" зах нь өнөөг хүртэл хуваарьт өдрөө амрахгүй ажилласаар байна. Ингэснээр дэргэд нь үйл ажиллагаа явуулдаг Нарантуул-2 худалдааны төвийн түрээслэгчид хохирч байна. Гаргасан дүрэм журмаа адил хэмжээнд сахиж мөрдүүлэхийг шаардаж байна.
Г.НАРАН