Уньт-Мөрөнгийн замыг дуусгах үүрэг өгөв

Хуучирсан мэдээ: 2014.08.01-нд нийтлэгдсэн

Уньт-Мөрөнгийн замыг дуусгах үүрэг өгөв

Булган аймгийн Хутаг-Өндөр суманд өнөөдөр 10.00 цагт эхэлсэн Засгийн газрын хуралдаан өндөрлөөд байна. Хуралдаанд Засгийн газрын танхимын сайдууд бүгд оролцсоны зэрэгцээ Хөвсгөл, Булган аймгийн Засаг дарга нар, мөн авто зам тавьж байгаа компанийн удирдлага, сумын иргэд оролцсон байна.

Хэлэлцсэн асуудлын дийлэнх хувь хөдөөгийн хөгжилтэй холбогдсон бөгөөд энэ үеэр Ерөнхий сайд Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт багаас-Хөвсгөл аймгийн Мөрөн сум хүртэл тавьж байгаа авто замын ажлыг энэ онд багтаан ашиглалтад оруулах үүргийг талуудад өглөө.

Түүнчлэн Хутаг-Өндөр сумын иргэдийг орон нутгаа хөгжүүлэхэд саналаа хэлж, ямар ажил хийх нь илүү иргэдэд тустай болохоо ярилцаж хөгжлөө төлөвлөн төсвөөс өгч байгаа 5 тэрбум төгрөгийг зөв зохистой ашиглах ёстойг хэллээ. “Шинэ сум” төслийн хүрээнд Хутаг-Өндөр суманд 5 тэрбум төгрөг хуваарилагдсан байна. Үүгээр тус сумынхан сумын төвөө шинэчлэн тохижуулах юм. Мөн энэ үеэр Ерөнхий сайд “Шинэ сум” төслийг төсвийн хэдэн байгууллагад инженерийн шугам сүлжээнд холбосноор ойлгож болохгүй гэсэн юм.

Засгийн газар энэ долоо хоногийн ээлжит хуралдаанаа Булган аймгийн Хутаг-Өндөр суманд хийсэн нь тус суманд “Шинэ сум” төсөл хэрэгжиж байгаа, аймгийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбох ажил тус сумыг дайран өнгөрч байгаа тул тохиромжтой газар хэмээн үзэж сонгожээ.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж