Польшийн Домброва Гурнича хотод наймдугаар сарын 2-3-ны өдрүүдэд Вацлав Циолковскийн дурсгалд зориулсан эрэгтэй чөлөөт бөхийн ХХIII болон эмэгтэй чөлөөт бөхийн “Poland Open” ХYIII олон улсын тэмцээн болно.
Тэмцээний эхний өдөр эрэгтэй чөлөөт бөхийн 57, 65, 74, 97, эмэгтэй чөлөөт бөхийн 48, 55, 60, 69, хоёр дахь өдөр эрэгтэй чөлөөт бөхийн 61, 70, 86, 125, эмэгтэй чөлөөт бөхийн 53, 58, 63, 75 кг-ын жингүүдийн барилдаан болох аж.
Жин тус бүрт түрүүлсэн бөхчүүдийг алтан медаль, өргөмжлөл, 3000 еврогоор урамшуулдаг эл тэмцээнд Азербайжан, АНУ, Англи, Беларусь, Болгар, Испани, Итали, Казахстан, Канад, Киргиз, Латви, Молдав, Монгол, ОХУ, Перу, Польш, Румын, Тунис, Турк, Словак, Украин, Унгар, Франц, ХБНГУ, Швейцар, Эстони, Япон зэрэг орны бөхчүүд зодоглохоор болжээ.
Өнгөрсөн долоо хоногт Азербайжаны нийслэл Баку хотод болсон Г.Алиевийн дурсгалд зориулсан “Голден Гран-При” олон улсын уламжлалт тэмцээнд оролцсон манай эмэгтэй бөхчүүд дээр дөрвөн бөх нэмэгдэн, дээрх тэмцээнд хүч үзэх гэж байна. Тодруулбал, 48 кг-ын жинд Э.Нарангэрэл, 53 кг-д Э.Даваачимэг, Э.Сумьяа, 55 кг-ын жинд П.Орхон, 58 кг-ын жинд Б.Шоовдор, 60 кг-ын жинд Т.Мөнхтуяа, С.Цэрэнчимэд, 63 кг-ын жинд С.Батцэцэг, 69 кг-ын жинд Б.Одончимэг, 75 кг-ын жинд О.Бурмаа нар зодоглоно.
Өнгөрсөн жилийн энэ тэмцээнээс эмэгтэй 48 кг-ын жинд Гавьяат тамирчин Ц.Энхжаргал, 72 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Б.Одончимэг нар хүрэл медаль хүртэж байсан билээ.
Эх сурвалж: www.wrestling.mn