О.Чулуунбилэг: Нэгдвэл шинэ соёл бий болгоно

Хуучирсан мэдээ: 2014.08.01-нд нийтлэгдсэн

О.Чулуунбилэг: Нэгдвэл шинэ соёл бий болгоно

“Улс төрд шинэ манлайлагч”  зорилтот тв төслийн креатив багийн модератор, Либерал хаус бодлогын судалгааны хүрээлэнгийн зохицуулагч  О.Чулуунбилэгтэй товч ярилцлаа.

UBS телевизээс санаачлан “Улс төрд шинэ манлайлагч” телевизийн зорилтот төслийг зохион байгуулж байгаа. Танай клуб энэ төсөлтэй яаж холбогдчихов?

-Наадмын өмнөхөн UBS телевизийн захирал Балхжав, Баяр ах нар манай бодлогын судалгааны хүрээлэнтэй ирж уулзаж төслөө танилцуулсан. Ингээд удирдах зөвлөлөөрөө хэлэлцээд дэмжиж ажиллахаар болсон юм. Шалтгаан нь нэгд, улс төрд шинэ үеийг гаргаж ирж цус сэлбэхэд бүгдэд тэгш боломж олгох зорилготой байсан.  Хоёрт, шийдвэр гаргагчид бодлого тодорхойлохдоо хувийн үзэл бодол, мэдрэмж дээр гэхээсээ илүү тодорхой чиглэсэн бодлого, суурь суудалгаанууд дээр үндэслэж гаргадаг шинэ соёлыг дэмжинэ гэсэн нь бидний зарчимтай нийлж байсан учир талархан хүлээн авсан.

Улстөрд шинэ үе гаргаж ирэхэд заавал тусгайлан телевизийн төсөл хэрэгтэй гэж үү? Сонгуулиар өөрсдөө гараад ирэх ёстой биш үү?

Амбицтай, оролцоотой, сэргэлэн цөөн хэдэн залуусын тухай ярьж байсан бол тийм байж болно. Энэ телевизийн төсөл бол нам, шашин, үзэл бодол, бэлгийн чиг хандлага, нийгмийн давхарга, боловсрол үл шалтгаалж бүтэн нэг үеийн залуусыг бүхэлд нь идэвхижүүлэхэд чиглэсэн том зорилготой төсөл. Шулуухан хэлэхэд улс төрд долларын ханшнаас ч хурдан өсөж байгаа дарга ангийн тоог огт нэмэхгүй. Харин бүтээлч залуусын шинэ үеийг дэмжиж, урамшуулж,  улс үндэстнийхээ төлөө нэгдэж чадсан том бүтээлч хүчийг улс төржилт, сонгуулийн циклээс үл хамаарч буй болгох гэсэн зорилготой.

-Тэгэхдээ л цаана нь хэсэг залуусыг улстөрч болгож дахин ард түмний тархийг угаах нь гэсэн хардлага хүмүүст  яваад байна?

-Нэг тв төсөлд оролцоод шууд парламентийн гишүүн, сайд бүр хурган дарга нар болно гэж ч юу байхав. (инээв) Хүмүүс өнөөгийн олон улс төрчдөөс залхчихсан, итгэл алдарчихсан байгаа учраас л  зарим нь шууд тэгж хардаж байгаа байх. Энэ бол аль нэг нам,  хэн нэг улс төрчийн,  хэсэг сонгогчдын зовлон биш юм. Энэ бол өнөөгийн монголын зовлон.  Иргэд нь  улс төрийг бохир гээд итгэчихсэн, улс төрчид нь  нийгмийн өмнө тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх чадваргүй байлаа гээд улсаа мөхөөж, төрөө тарааж цыганууд шиг дэлхийгээр нэг нүүдэллэж явалтай биш биз дээ. Зовлонг гэтлэж ард нь давж гарах ёстой. Бид шинэ үеийг дэмжсэнээр, шинэ үеийн залуус хамтдаа зүтгэснээр улс төрд зөв шинэлэг шийдэл, бодлогын өөр хэлбэр, улс төрийн зөв манлайлал байдаг гэдгийг харуулж чадна гэсэн өндөр итгэлтэй байгаа. Шүүмжийг хэн ч ярьж чадна. Шийдлийг хамтдаа гаргахаас өөр арга байхгүй. Тиймээс телевизийн төслийн эхний шат нь “Надад шийдэл байна” гэсэн сэдвээр зарлагдаж байгаа. Тухайн оролцогч залуу өөрийн харъяалалтай баг сум, хорооныхоо төвшинд ямар ч асуудал дээр өөрийн шийдлийг санал болгож түүнээ исээ болгож бичих ёстой. Үүнээс эх орон, үндэстэн, галактикийн хэмжээний асуудлыг шийдэх гэж зүтгэх шаардлага байхгүй.

-Төсөлд оролцогч залуусыг бодитоор яаж дэмжих вэ?

-Энэ төсөл нь залуу шинэ үеийнхэнд заавал даргын цүнх барьж үсээ гелдэж гүйхгүй эсвэл фракцийн амьгүй кнопчин, улаан хамгаалагч болж үеийнхэндээ нэр нүүрээрээ золиос болохгүйгээр 22-40 насны бүх залууст сум, хороо, дүүрэг, нийгэмдээ  манлайлах, улс төрд шударга өрсөлдөх тэгш боломжийг олгож байгаа нь хамгийн том дэмжлэг юм.  Мөн II шатнаас 90 оролцогчыг шалгаруулж бүтэн жил Удирдлагын академид суралцах, түүнээс шалгарсан 30 оролцогч Америкт манлайллын чиглэлээр нэг сар суралцах эрх, сүүлийн шатанд шалгарсан нэг баг НҮБ-н их сургуульд богино хугацаагаар суралцах, ялсан манлайлагч залуу Харвард, Иел зэрэг дэлхийн их топ их сургуулиудад богино хугацааны хөтөлбөрт хамрагдах эрх авах зэрэг олон бодитой дэмжлэгүүд бий.   

-Нам хамааралгүй баахан залуучууд нийлээд бидний эсрэг дайрах юм байх гэж нөлөө бүхий хүн хэлж байсан. Ийм бодолтой хүн олон байх шиг?

-Энэ төслийг хамгийн их эсэргүүцэж, дооглонгуй хандаж байгаа нь нам дамжсан сүлжээнийхэн,  улс төрд тодорхой байр суурь эзэлсэн том давхарга. Тэд залуу үеийнхэнтэйгээ хамтарч ажиллахын оронд байр сууриа алдах вий, нийгмийн үнэлэмж нь буурчих вий гэсэн айдсандаа хөтлөгдөж байгалийн зөнгөөрөө л эсэргүүцэж байгааг ойлгож байна.  Одоогийн залуус нэг л бишээ гэсэн ахмадуудын хандлага эртний Грект ч яригддаг л байсан юм гэнэлээ. Ирж яваа цагийн дууг харьж яваа хүн дуулдаггүй гэсэн үг ч бий. Залуучууд ганц нэгээрээ, цөөнөөрөө манлайлах гэвэл одоо байгаа нам дамжсан системд  хэрчүүлээд л дуусна. Бүтэн үеэрээ, бөөнөөрөө нэгдэж тэмцвэл улс төрийн шинэ соёлыг бий болгож улс төрд итгэл адарсан хүмүүсийн итгэлийг дахин сэргээж чадна. Үүний эхний бодит алхам нь “улс төрд шинэ манлайлагч” зорилтот тв төсөлдөө идэвхитэй оролцох юм шүү.  

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж