Улаанбаатар хот бизнес машин байх ёстой

Хуучирсан мэдээ: 2010.07.01-нд нийтлэгдсэн

Улаанбаатар хот бизнес машин байх ёстой

Улаанбаатар хот маш том бизнес машин байх ёстой. Энэ хотод оюутан суулгасан микроавтобус сүлжилдэх биш капитал үйлдвэрлэгчид бужигнасан нийслэл болмоор байна гэж доктор Батболд хэлж байна. Тэрээр нийслэлийн барилга хот байгуулалт, төлөвлөлтийн газрынхан болон нийслэлийн газрын албаныханд номын дуу сонсгосон юм. Анх удаа зохион байгуулсан энэ сургалтыг хотын даргаар санаачлагаар хийж байна.

Хот байгуулалт, төлөвлөлтөөр Япон улсад докторын зэрэг хамгаалсан Батболд албан бус эдийн засгийг юун түрүүнд халах ёстой гэж үзлээ. Үйлдвэрлэл худалдаа өрнөсөн эдийн засаг буй юм шиг хэрнээ төсөвт нэмэр болж татвар төлдөг нь ховор. Энэ хэрээр хот бэлгүйддэг гэв. Түүнчлэн арайхийн олсон орлогыг нь улсын төсөв гэсэн том тогоо юүлдэг өнөөгийн байдлаас салах ёстой гэж байна.

Өөрөөр хэлбэл, хууль эрх зүйн шинэчлэлт манай нийслэлд ус агаар шиг хэрэгтэй болжээ. Ингэхдээ нэг жишээ татсан. Түүнд байгаа судалгаагаар Герман, Япон, Америк зэрэг улсуудын хотууд дунджаар 27 хуультай байдаг юм байна. Гэтэл манай улсын нийслэлд 7 хууль бий. Энэ хуулиар нэг сая гаран хүн амтай дэлхийн томоохон хотуудын нэг болсон Улаанбаатарын асуудлыг зохицуулж болохгүй байгаа гэдгийг дуулгалаа. “Ерөөсөө сайн хууль гаргахад хөрөнгө хэрэгтэй байдаг. Хууль гэдэг бол асар том эрдэм шинжилгээний бүтээл учраас хөрөнгө хаяж байж гэмээнэ мэргэжил технологийн өндөр төвшинд хууль төрдөг” гэж ярьж байлаа. Мөн бага орлоготой иргэдийг орон сууцаар хангах, хувийн хэвшилтэй түншлэх, даяаршилд тулгуурласан хот байгуулалт төлөвлөлт чухал болохыг онцлов.  Энэ бүтээн байгуулалтанд мэргэжилтнүүд та бүхний мэдлэг хэрэгтэй. Өнөөдрийн сургалт анх удаа болсон болохоор газрын албаныхан цөөн байх шиг байна. Ер нь бол хот байгуулалт төлөвлөлт, газрын албаны мэргэжилтнүүд тус тусдаа өрөөнд суух биш нэг өрөөнд нэг ширээнд сууж байх ёстой юм. Ингэж байж нийслэл хотын төлөвлөлт нүдээ олно гэж хэллээ. Энэ сургалтынхаа үеэр хотын гудамжтай холбоотой сонирхолтой мэдээлэл сонсгосон. Хүн ам нь 1 саяаас дээш давсан хотуудад гудамж маш олон байдаг. Ингэснээр замын бөглөрөл ачаалал багасдаг гэдгийг Японы Саппора хотоор жишээ татлаа. Тус хотод 800 метр алхаад гудамж байдаг бол манай нийслэлд хөндлөн босоо чиглэлд хэдхэн гудам бий. Хуруу дарам цөөхөн энэ гудмууд автомашины хөдөлгөөн ачааллыг дийлэхгүй байх гол үндэс болдог гэж байлаа. Хэдийгээр барилга хот байгуулалт төлөвлөлтийн мэргэжилтэй боловч мэргэжлээрээ шинэ соргог мэдээ, мэдээлэл авч байх боломж хомс харьяа газрын мэргэжилтнүүдийнхээ тархийг Б. Батболд докторын хичээлээр  хотын дарга цэнэглэлээ” гэж Нийслэлийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Б.Анхаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж