Өчигдөр буюу 7-р сарын 30-ны өдөр Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл хуралдаж бодлогын хүүг 1.5 нэгж хувиар өсгөн 12 хувь болгох шийдвэр гаргасан билээ. Энэ талаар Монголбанкны мөнгөний бодлогын зөвлөлийн гишүүн, МУИС, Төгсөлтийн Дараах Сургуулийн захирал, доктор Б.Отгонтөгстэй ярилцлаа.
-2013 онд Монголбанкны мөнгөний бодлогын зөвлөлөөс мөнгөний зөөлөн бодлого явуулах шийдвэр гаргасаар ирсэн. Харин энэ удаа бодлогын хүүг өсгөх шийдвэр гаргаснаа мэдэгдсэн. Энэ шийдвэрийг гаргах болсон шалтгаан юу байсан талаар яриагаа эхэлье?
-Монголбанкны гол зорилт нь инфляцийн түвшинг тогтвортой, нэг оронтой тоонд барих, эдийн засгийн бодит салбарыг мөнгөний бодлоготой уялдуулан дэмжих явдал. Энэ зорилгыг мөнгөний бодлогын уламжлалт арга хэрэгслүүд болох бодлогын хүү, заавал байлгах нөөц, нээлттэй зах зээл дээр гадаад валютын арилжааг явуулах замаар хийхээс гадна 2013, 2014 онуудад уламжлалт бус арга замаар хэрэгжүүлж ирсэн. Тухайлбал эдийн засгийн бодит салбарыг мөнгөний бодлоготой уялдуулан дэмжихийн тулд сүүлийн жилүүдэд Монголбанкнаас үнэ тогтворжуулах төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна. Гэхдээ уламжлалт мөнгөний бодлогын арга хэрэгсэл нь богино хугацаанд үр дүнтэй байдаг. 2014 он гараад уламжлалт арга болох бодлогын хүүг өсгөхгүй, тогтвортой түвшинд байлгах шийдвэрийг хоёр сард зөвлөлөөс гаргасан. Гэтэл 2014 оны 6 сарын байдлаар хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх инфляцийн өсөлт 14.5 хувьд хүрлээ. Тиймээс үнийн өсөлтийг зогсоохын тулд мөнгөний бодлогын уламжлалт арга болох бодлогын хүүг 1.5 хувиар өсгөн 12 хувь болгосон. Ингэснээр зах зээл дээр байгаа төгрөгийн нийлүүлэлтийг багасган, үнийн өсөлтийг бууруулах явдал юм. Өчигдөр болсон Бодлогын Зөвлөлийн хурлаар шийдсэн энэ шийдэл бол зөвлөлийн гишүүдийн нэгдсэн санал байсан.
-Мөнгөний бодлогыг хатууруулснаар ямар үр дүн гарах вэ?
Бодлогын хүүг 1.5 хувиар өсгөж 12 хувь болгосноор 2014 оны сүүлийн хагаст зах зээл дээр төгрөгийн нийлүүлэлт багасч, үнийн шилжих сувгуудаар дамжин инфляцийн түвшин буурна. Мөн үүнээс гадна бодлогын хүүг өсгөж байгаа энэ бодлого нь үнэ тогтворжуулах төсөл хөтөлбөрүүдийг шинээр хэрэгжүүлэхгүй, зөвхөн хэрэгжиж байгаа хөтөлбөрүүдийг явуулах үед илүү нөлөөтэй байна байх гэж бодож байна. Мөн макро эдийн засагт гарах өөр нэг гол нөлөө бол мөнгөний нийлүүлэлтийг багасгахад импортын эрэлт буурч, улмаар долларын эрэлт буурах тул төгрөгийн ханш унах процесс тогтворжино болов уу.
-Мөнгөний бодлого чангарч байгаа ч төсвийн зардал өндөр хэвээр байна. Төсөв, мөнгөний бодлогын уялдааг хэрхэн хангах вэ?
-Манай эдийн засагт ихэр алдагдал үүсээд байгаа. Энэ нь төлбөрийн тэнцлийн алдагдал, төсвийн алдагдал зэрэг, их хэмжээгээр нэмэгдэж байгаагаар харагдаж байна. Монгол улсын Хөгжлийн Банкнаас хэрэгжүүлж байгаа, улсын төсөвтэй адилтгах хэмжээний зардлыг оруулж тооцоход одоогийн байдлаар төсвийн алдагдал ДНБ-ний 8 хувьтай тэнцэж байна. Төлбөрийн тэнцэл 2014 онд 2 тэрбум ам. долларын алдагдалтай гарахаар байна. Тиймээс мөнгөний бодлогыг чангаруулж байгаа энэ алхам нь нь төсвийн алдагдлыг бууруулах бодлоготой хамт хэрэгжих хэрэгтэй байна. Тухайлбал төсвөөс гадуурхи санхүүжилтийг багасгах, төсвөөс гадуурхи зарцуулалтыг улсын нэгдсэн төсвийн зардалд оруулж тооцох, ингэж Төсвийн тогтвортой байдлын хуулийн хүрээнд ажиллавал бид “twin defiсit” буюу ихэр алдагдалыг багасгаж эдийн засгийг бүхэлд нь тогтворжуулах боломжтой болно.
-Манай улсыг чиглэсэн валютын урсгал эрс татарч гадаадын шууд хөрөнгө оруулалт гэхэд өнгөрсөн оны мөн үеэс 70 орчим хувиар буурсан статистик байна. Цаашид гадаад валютын урсгалыг нэмэгдүүлэхийн тулд ямар арга хэмжээ авах ёстой вэ?
-Би энэ дээр бусад эдийн засагчдын адил үзэл бодолтой байдаг. Бид гадаад валютын урсгалыг нэмэгдүүлэхийн тулд эдийн засгийг дан ганц уул уурхайгаас хараат бус, бусад салбаруудыг хөгжүүлэх шаардлагатай. Мөн хөрөнгө оруулагчдын хувьд бий болсон хүлээлтийг аль болох эерэг болгох хэрэгтэй. Эрх зүй, эдийн засгийн олон арга замууд бий. Мөнгөний бодлогын хувьд бодлогын хүүг өсгөснөөр хөрөнгө оруулагчдын хувьд тэдний оруулсан хөрөнгийн үр өгөөж нь ханшийн зөрүүнээс болж буурах байх гэсэн хүлээлтийг алга болгох байх.
-Цаашдын мөнгөний бодлогын төлөв ямар байх вэ? Бодлогын хүү өссөнөөр инфляци буурах уу?
Сүүлийн саруудад хэрэглээний үнийн индекс 14.5 хувьд хүрээд байна. Үнийн өсөлтийг зогсоохын тулд бодлогын хүүг 12 хувь болголоо. Ингэснээр зах зээл дээр байгаа төгрөгийн нийлүүлэлтийг багасна. Зээлийн эрэлт, импортын эрэлт буурна. Гэхдээ мөнгөний бодлогыг чангаруулж байгаа энэ алхам нь нь төсвийн алдагдлыг бууруулах бодлоготой хамт хэрэгжих хэрэгтэй байна. Тэгсэн тохиолдолд 2015 он гэхэд инфляци нэг оронтой тоонд хүртэл буурах боломжтой.
Ярилцсанд баярлалаа.
Б.ХИШИГСҮРЭН