Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 275 дугаар тогтоолоор “Радио, телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлэх” үндэсний хөтөлбөр батлагдсан. Үүний дагуу өнөөдрөөс орон даяар телевизийн өргөн нэвтрүүлгээ тоон системд шилжүүлэх ажлыг эхлүүллээ. Энэхүү үйл ажиллагааны нээлт Чингис хааны нэрэмжит төв талбайд болж, МТШХХГ-ын дарга Ц.Жадамбаа, ХХЗХ-ны дарга Б.Балгансүрэн, Радио телевизийн сүлжээ УТҮГ-ын дарга Ч.Оюунбаатар, Монголын телевизүүдийн холбооны гүйцэтгэх захирал М.Уламбадрах, Төрийн өмчийн хорооны дарга Д.Цогтбаатар нарын албаны хүмүүс оролцлоо.
Өнөөдрийн байдлаар нийслэлд 10, хөдөө орон нутагт 244 тоон телевизийн дамжуулах станцыг суурилуулжээ. Эдгээр станц энэ өдөр асч, тухайн цэгийн хэрэглэгчид, тоон системээр телевизийн өргөн нэвтрүүлгийг хүлээн авч үзэж эхэлж байгаа юм. Харин манай орны нийт нутаг дэвсгэрт тоон станц суурилуулаагүй 117 сум, суурин үлдсэн байна. Энэ газруудад ирэх наймдугаар сард багтаан тоон станц суурилуулж, Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийг хамарсан тоон телевизийн газрын сүлжээтэй болохоор ажиллаж байгаа тухай МТШХХГ-ын дарга Ц.Жадамбаа нээлтийн ажиллагааны үеэр хэллээ.
Олон улсад тоон телевизийн үндсэн дөрвөн стандарт хэрэглэгдэж байгаагаас манай улс Европын стандарт болох DVB-T2 стандартыг телевизийн өргөн нэвтрүүлгийн газрын дамжуулах сүлжээндээ ашиглахаар сонгосон билээ. Өнөөдөр тоон системд шилжсэнээр анологи системийг унтраахгүйгээр ирэх 2016 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл тоон болон анологи системийг хослуулан телевизийн өргөн нэвтрүүлгийг цацах юм байна. Энэ хугацаанд иргэд хувиргагч төхөөрөмж буюу сэт топ бокс эсвэл DVB-T2 стандартыг хүлээн авах хүчин чадалтай зурагтыг сонгон авч, телевизийн өргөн нэвтрүүлгээ хүлээн авах боломжтой. Япон, Солонгос зэрэг орнууд тоон системд шилжихдээ таван жилийн хугацаан зарцуулсан бол манай улс 1.6 жил хангалттай гэж үзжээ. Ингэснээр ирэх 2016 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр тоон системд бүрэн шилжиж, анологи систем унтрах юм.
Телевизийн өргөн нэвтрүүлэг тоон технологид шилжсэнээр айл өрх бүр гэртээ орчин үеийн дэвшилтэт технологид суурилсан, өндөр чанартай, олон төрлийн нэвтрүүлгийг хүлээн авах өргөн боломж бүрдэнэ. Мөн телевизийн сувгийн тоог нэмэгдүүлэх, радио давтамжийн хязгаарлагдмал нөөцийг зүй зохистой ашиглах зэрэг ач холбогдолтой гэж мэргэжилтнүүд үзэж байна.
х
Өнөөдрийн нээлттэй өдөрлөгт оролцож буй иргэдийн сэтгэгдлийг сонслоо.
а
З.Долгормаа: Илүү өндөр чанарыг хүлээж байна
х
-Тоон системээр телевизийн өргөн нэвтрүүлэг хүлээн авахад бэлэн үү?
-Манайх үндсэн зургаан суваг л үздэг байсан. Одоо DVB-T2 стандартын телевиз болон Сэт топ бокс төхөөрөмжийг сонирхоод явж байна. Телевиз нь 399 мянган төгрөг байгаа бол төхөөрөмж нь 180 мянган төгрөгийн үнэтэй, жилдээ нэг удаа 66 мянган төгрөгөөр сунгуулаад хүссэн сувгаа чөлөөтэй хүлээн авч үзэж болох гэнэ. Манайх зурагтыг нь сонирхож байна.
р
-Тоон системээс ямар давуу талыг хүлээж байна вэ?
-Одоо байгаагаасаа илүү өндөр чанарыг л хүлээж байна.
а
М.Төмөрбаатар: Дэлгэрэнгүй мэдээлэл авч байна
рХарин БЗД-ийн иргэн М.Төмөрбаатараас тоон системээр телевизийн өргөн нэвтрүүлэг хүлээн авахад бэлэн эсэхийг нь асуухад “Манайх DDiSH –тэй. Бидний хувьд 2016 оны нэгдүгээр улирал хүртэл хуучин системээрээ яваад, түүнээс хойш тоон системд бүрэн шилжинэ гэсэн мэдээлэлтэй байна. DVB-T2 стандартын телевиз болон Сэт топ бокс төхөөрөмжийг сонирхоод, мөн илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахаар энд ирсэн” гэж хариулсан юм.
л
СХД-ийн иргэн н.Сарантуяа: Сувгууд нь жигд гардаг болоосой
л-Өнөөдрөөс эхлэн орон даяар тоон системд шилжиж байна. Танайх бэлэн байна уу?
-Манайх MNBC кабелийг үздэг. Гэхдээ судлаад л явж байна.
р–DVB-T2 стандартын телевиз болон Сэт топ боксын алийг нь сонирхож байна.
-Удахгүй хуучин хүлээн авагч нь гарахаа болино, заавал шинийг авах шаардлагатай гээд байгаа. Миний хувьд Сэт топ боксыг сонирхож байна.
–Тоон системд шилжсэнээр ямар давуу тал бий болно гэж бодож байна вэ?
-Зурагтаар ярихдаа дуу, дүрсний өндөр чанартай болно л гээд байгаа ш дээ. Одоо бол сувгууд дуу дүрсний ялгаа ихтэй, зарим нь чанга эсвэл сул байхад, зарим суваг гарахгүй тохиолдол байдаг. Кабелийн мөнгөө цаг хугацаанд нь төлдөг ч дээрх байдлаар сардаа нэгээс хоёр суваг огт гардаггүй. Тийм зүйл л байхгүй, сувгуудын гаралт нь жигд болох болов уу гэж бодож байна.
Эх сурвалж: www.shuud.mn