Бурхан багшийн анх номын хүрд эргүүлсэн их дүйчин өдөр маргааш тохиох юм. Эл сайн өдрийг тохиолдуулан Үндэсний номын сан, Гандантэгчилэн хийд тэргүүтэй зарим сүм, хийдүүд хамтран “Ном дор итгэмүү, Ном дор мөргөмүү” арга хэмжээг зохион байгуулах гэж байна. Энэ үеэр Гандантэгчилэн хийдэд хадгалагдаж буй хосгүй үнэт “Алтан ганжуур”, Монголын Үндэсний номын санд хадгалагдаж буй “Сандуйн жүд” болон бусад сүм хийдэд хадгалагдаж байгаа “Доржзодов”, “Алтгангэрэл”, “Есөн эрдэнийн Ганжуур”, мөнгөн хуудаст, алтан үсэгт “Сандуйн жүд” зэрэг судруудын дээж, хувилбарыг залж, иргэдэд нээлттэй үзүүлж, сонирхуулах ажээ.
Монголын үндэсний номын санд дэлгэх ном, судрын үзэсгэлэн долдугаар сарын 31-нд буюу маргааш 10-17 цагийн хооронд үргэлжлэх бол Тусгаар тогтнолын талбайд “Сандуйн жүд” болон бусад судрын тайлбар, үзвэрийг 11-14 цагийн хооронд зохион байгуулах аж. Түүнчлэн 17-21 цагийн хооронд Гандантэгчинлэн хийдэд Алтангэрэл судрын тайлбар, даллага авахуулж, маани хөгжөөх юм байна.
Б.ЭНХ