Монголбанкинд өөр сонголт байсангүй

Хуучирсан мэдээ: 2014.07.30-нд нийтлэгдсэн

Монголбанкинд өөр сонголт байсангүй

Монголбанк бодлогын хүүг 1.5 хувиар нэмэгдүүлж, 12 хувьд хүргэлээ. Тэдэнд өөр сонголт байсангүй. 2012 оны сүүлээс эхлэлтэй ам.долларын ханшийн хомсдол, төлбөрийн тэнцлийн хямрал яван явсаар өнөөдөр ам.долларын ханшийг 1850 төгрөгт хүргэлээ. Мөн инфляци энэ оны эхний зургаан сарын байдлаар 14.6 хувь, нийслэлд 15.1 хувьд хүрч чангарав. Ийм нөхцөлд улсын төв банкны зүгээс иргэдийн бодит орлогыг хамгаалах, ам.долларын ханшийн цаашдын өсөлтийг тодорхой хэмжээнд хязгаарлах зүйтэй гэж үзжээ. Бодлогын хүү чангаруулна гэдэг тийм ч сайхан зүйл биш. Бизнесүүд “агшиж”, зээлийн хүү өсөж, хүмүүс ажилгүй болно. Гэхдээ тэглээ гээд яах билээ. Нэгэнт хүн амын дийлэнх олонхийн амьдралын төвшинг хамгаалахын тулд бизнесийг хохироохоос өөр аргагүй болж байгаа хэрэг.

Уг нь Монголбанк 2013 оны эхэн үеэс хойш гурван удаагийн мэдэгдлээр бодлогын хүүг 13.5-аас 10.5 хувь болтол бууруулаад байв. Үүний хажуугаар иргэдийн хуримтлалыг дэмжих, ипотекийн зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж, бизнесийн салбарт зорилтот мөнгөний нийлүүлэлтийг хийснээр эдийн засгийн өсөлтийг 11.7 хувьд барьж чадсан. Үнэндээ 2013 оныг маш хүнд нөхцөлд даван туулж, эдийн засгийн өсөлтөө хоёр оронтой тоонд барьж чадсан нь том амжилт байсан гэдэг. Гэхдээ 2013 онтой цуг бүх хүндрэл, хямрал дуусаагүй. Ам.долларын орох урсгал саарсан, үүнтэй холбоотойгоор төгрөгийн ханшийн сулрах дарамт байсаар л байсан юм. “Ам.доллар оруулж ирэх сувгуудаа нээгээч, томоохон төслүүдээ хөдөлгөөнд оруулаач, хөрөнгө оруулалт татаач” гэдгийг төв банкныхан өдөр бүр сануулсаар, шахаж, шаардсан. Харамсалтай нь Засгийн газар үндсэндээ юу ч хийсэнгүй.

 Үр дүн нь юу вэ. Оны эхэнд 1660 төгрөгтэй тэнцэж байсан ам.долларын ханш одоо 1860 төгрөг боллоо. Монголбанкинд дахь гадаад валютын улсын албан нөөц жилийн дотор 53 хувиар буурчээ. Үүнээс цаашилбал, валютын нөөц шавхагдахад хүрэх эрсдэлтэй. Хэрэв нөөцөө шавхчихвал тэр үед ам.долларын ханшийг яагаад ч барьж чадахгүйд хүрнэ. Инфляцийг найман хувьд барина гэж зорьж байсан ч эхний хагас жилд 14.6 хувьд хүрэв. Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал “Бодлогын хүүг нэмэгдүүлснээр инфляцийг оны эцэст нэг оронтой тоо руу нэлээд ойртуулах боломжтой” гэлээ. Өөрөөр хэлбэл, найман хувьд хүрэх боломжгүй гэдэг нь бараг л тодорхой болсон бололтой.

 Уг нь бүх зүйл сайхан байх боломж байгаагүй биш байсан шүү дээ. Ердөө ам.долларын орох урсгалаа л сайжруулчихсан бол. Оюутолгой төслөө урагшлуулж, Тавантолгойнхоо экспортыг нэмэгдүүлчихсэн бол өнөөдөр Төв банк ийн “ухралт” хийх шаардлага гарахгүй л байлаа. Өнөөдрийг хүртэл төв банкныхан Засгийн газрыг ажлаа сайн хийх болов уу гэсэн “горьдлогын харц”-аар итгэж, хүлээж байсан гэхэд болно. Бодлогын хүүг нэмэгдүүлэх шаардлага аль оны эхэнд л бий болчихсон байсан. Тэр үед нэмэгдүүлэх үү, эсвэл хэвээр үлдээх үү гэсэн хоёр сонголтоос төв банкныхан “хэвээр үлдээх” сонголтыг хийсэн билээ. Цаашдаа эдийн засаг арай сайжирч, ам.долларын орох урсгал нэмэгдэж, хөрөнгө оруулалтууд орж ирнэ хэмээн хүлээж байсан учраас тэр. Дараа нь дөрөвдүгээр сард мөнгөний бодлогын зөвлөл дахин хуралдсан ч Засгийн газраас эдийн засгийг эрчимжүүлэх багц арга хэмжээний төслийг УИХ-д өргөн мэдүүлсэнтэй холбоотойгоор шийдвэр гаргахаа түр хойшлуулаад байсан билээ.

 Засгийн газар ч “ЭЗЭН-100”-аа УИХ-аар батлуулсан. 100 хоногийн дотор дорвитойхон ажиллаад, эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлээд, доллар орж ирэх сувгийг нээгээд өгнөө л гэсэн. Харамсалтай нь хоосон ярианаас үндсэндээ хэтэрсэнгүй. Уг нь Засгийн газарт “ЭЗЭН-100” ч гэлтгүй бараг бүтэн хоёр жилийн хугацаа байсан шүү дээ. 2012 оны сүүлчээс хойш төлбөрийн тэнцлийн хямрал нүүрлэх дохио хангинаж эхэлсэн. Тэр үеэс эхлэн шат дараатай, дорвитой арга хэмжээ авсан бол өнөөдөр нөхцөл байдал арай өөр байх байсан ч юм билүү. 

 Нэгэнт “өнгөрсөн хорвоо” боллоо. Өнгөрсөн борооны хойноос цув нөмрөөд ч яах билээ. Ирээдүйгээ харж, ядаж, үлдсэн хэдхэн сарын хугацаанд ам.долларын ханшийг бага ч болов бууруулж, нийт иргэдийнхээ орлогыг хамгаалж, инфляцийг бууруулахаа бодсон нь дээр биз.

 Л.ДЭЛГЭР

Эх сурвалж: http://economics.eagle.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж