Өнгөрсөн оны зунаас эхэлсэн төгрөгийн уналт өнөөг хүртэл үргэжилсээр байгаа билээ. Ханшийн савалгаа, инфляцийн өсөлт эдийн засагт багагүй дарамт учруулж, макро, микро эдийн засагт сөргөөр нөлөөлөх болсон тул төв банкнаас мөнгөний бодлогыг хатууруулж буйгаа дуулгав. Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл өнөөдөр хуралдаж, бодлогын хүүг 1.5 нэгжээр өсгөж, 12 хувь болгох шийдвэр гаргасан байна.
Төгрөгийн ханш суларсаар байгаагийн шалтгаан нь Монголд орж ирэх гадаад валютын хэмжээ нэмэгдэхгүй байгаатай холбоотой гэдгийг тус банкны ерөнхийлөгч Н.Золжаргал хэвлэлийн бага хурлын үеэр тайлбарласан юм.
-Төсөв мөнгөний хатуу бодлого барих нь эдийн засагт харин ч эрсдэлтэй биш үү. Зээл олголт хумигдаж, ажилгүйдэл нэмэгдэх шалтгаан болж магадгүй юм?
-Төлбөрийн тэнцлийн хүндрэлийг зөөлрүүлэх, инфляцийг эрчимжүүлэхгүй байлгах, макро эдийн засгийг учирч болзошгүй эрсдэлээс хамгаалахын тулд мөнгөний бодлогоо хатууруулахаас өөр аргагүй байна. Бодлогын хүүг нэмснээр зээл олголт буурах нь тодорхой. Ялангуяа хэрэглээний зээл хумигдах болов уу. Бодлогын хүүг 1.5 нэгжээр нэмснээр ажилгүйдлийг нэмэгдүүлж, эдийн засагт сөргөөр нөлөөлж магадгүй гэсэн болгоомжлол байгаа байх. Гэхдээ 2009 оны түүх давтагдахгүй болов уу. Тэр үед олон зуун хүн ажлын байраа алдаж байсан. Тэгвэл ажлын байрыг хадгалж үлдэх талаар Засгийн газар, Монголбанк бүх л арга хэмжээг авч ажиллаж байна. Бодлогын хүүг 12 хувь болгосон нь импортын хэрэглээг хязгаарлах гэсэн зорилготой юм. Долларын ханшийн өсөлтөөс болж импортын барааны үнэ өссөн. Харин дотоодод үйлдвэрлэгдэж байгаа бараа, бүтээгдэхүүний үнэ харьцангүй тогтвортой байгаа.
-Та Монголбанкны ерөнхийлөгчөөр томилогдохдоо долларын ханшийг өсгөхгүй барьж чадна гэдгээ амласан. Тэр үед 1400 төгрөгтэй тэнцэж байсан доллар өнөөдөр 1880 төгрөгт хүрлээ?
-Долларын ханш бодит төвшиндөө хүрээд байгаа. Цаашдаа 1800 төгрөг гэсэн ханш дээр тогтворжих болов уу хандлага ажиглагдаж байна.
-Төв банк инфляцийг нэг оронтой тоонд барина гэж амлаж байсан. Харамсалтай нь, энэ оны эхний хагас жилийн байдлаар инфляци 15.1 хувьд хүрлээ?
-Мөнгөний бодлогоо чангатгаж, бодлогын хүүгээ 1.5 нэгжээр нэмснээр инфляци 12.5 хувь болтлоо буурах болов уу гэсэн төсөөлөл бий. Цаашдаа зорилтот төвшинд хүргэх, оны сүүлээр нэг оронтой тоонд хүртлээ буурах болов уу гэсэн хүлээлт байна. Гэхдээ гадаадын хөрөнгө оруулалт дөрвөн тэрбум доллараас хоёр тэрбум болтлоо буурсан. Экспортоор гаргаж байгаа нүүрсний үнэ 130 доллараас 35 доллар болтлоо хямдарлаа. Энэ бүхэн валютын ханшийг өсгөж, инфляцид сөргөөр нөлөөлж байгаа. Гадаад валютын нөөц сүүлийн хоёр жилд бууралттай байгаа. Тиймээс төлбөрийн тэнцлийн дарамтыг арилгаж, эдийн засгаа хүндрэлээс гаргахын тулд төсвийн тогтвортой байдлыг хангах, экспортын орлого, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар гадаад валютын орох урсгалыг эрс сайжруулах нь чухал байна. Засгийн газрын өрийн удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй.
-Найман хувийн зээлийг арилжааны зарим банкууд олгохгүй байгаа гэсэн мэдээлэл байна. Орон сууцны салбарт олгож байгаа найман хувийн хүүг инфляцитай уялдуулж өсгөж, бууруулна гэж журамд заасан байгаа. Тэгэхээр цаашдаа зээлийн хүү өөрчлөгдөх болов уу?
-Найман хувийн хүүтэй зээл олголт зогсоогүй байгаа гэдгийг албан ёсоор хэлье. Энэ зээлийг үргэжлүүлэхийг Монголбанк дэмжиж байгаа. Монголбанкны Мөнгөний зөвлөл ярилцаж байгаад дундаж давхрагынханд зориулсан ипотекийн зээлийн хүүг хэвээр үлдээхээр шийдсэн. Ипотекийн зээлийг дэмжсэнээр эдийн засагт нөлөөлж байгаа уул уурхайн хамаарлыг 90 хувиас 70 хувь болгон бууруулах хүргэх гэсэн зорилготой. Монголбанкны зүгээс найман хувийн хүүг цаашдаа чанаржуулах хэрэгтэй гэж бодож байгаа. Бид хэрэглээний зээлийг хумиж ипотекийн зээлийг дэмжинэ. Учир нь ипотекийн зээл хамгийн найдвартай байдаг.
-Хятадын төрийн өмчит “Bank of China” Монголд салбараа нээж байгаа. Энэ нь манай банк санхүүгийн салбарт эрсдэл учруулахгүй юу?
-“Bank of China” манай улсад салбараа нээе гэсэн хүсэлт манай банкинд ирээгүй байгаа. Төрийн өмчит банк гэдэг утгаараа эхлээд Засгийн газраас зөвшөөрөл авах ёстой.
Ж.ЭРХЭС