Цаг завгүй бужигнан өнгөрөх өнөөгийн амьдралд завгүй долоо хоногийн дараа алдсан нойрыг амралтын өдрөөр нөхөх нь бидний олонхын хувьд нойроо зохицуулах гол арга болдог. Үд хүртэл эсвэл өдрийн цагаар унтах гээд нойроо нөөцлөх үе нь ихэвчлэн амралтын өдөр байдаг биз дээ.
Ажлын өдрүүдээр хангалттай авч чадаагүй нойрноос үүдэх сөрөг нөлөөний заримыг амралтын өдөр илүү унтсанаар нөхөж болох ч бүрэн нөхөгдөж чаддаггүйг судалгаагаар тогтоожээ. Пенн Стейт Их сургуулийн Анагаах ухааны сургууль долоо хоногийн турш үргэлжилсэн хөнгөн нойргүйдлийг амралтын өдрөөр нөхөхөд гарах өөрчлөлтийг судалжээ. Тэдний тогтоосноор өмнөх өдрүүдийн турш хангагдаагүй нойрны хомсдлын зарим нь л дараа нөхөж унтсанаар арилсан байна.
Судалгаанд эрүүл насанд хүрсэн 30 эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг оролцуулж 13 шөнийн турш лабораторийн туршилт хийжээ. Тэднийг нойр дутуу ажлын өдрүүдтэй адил нөхцөлд байлгаж, амралтын өдрүүдээр нойрыг нөхөх байдлаар туршилтыг явуулсан юм. Оролцогчдыг адил түвшнээс эхлүүлэх зорилгоор дөрвөн шөнийн турш 8 цаг унтуулжээ. Үүний дараа ажил хийдэг хүмүүс ажлын өдрүүдэд унтдаг дундаж хэмжээ болох 6 цагаар 6 шөнө дараалуулан унтуулсан байна. Эцэст нь оролцогчдыг нойр нөхөх горим буюу 10 цагаар 3 шөнө унтуулсан юм. 13 өдрийн турш тодорхой цагт оролцогчдын биеийн байдлыг хэмжиж байсан ба тэдгээр нь:
· Өдрийн цагаар нойрмоглох байдал
· Анхаарлын түвшин
· Үрэвсэл (биологийн хэмжигдэхүүн болох интерлейкиний түвшингээр)
· Стресс үүсгэгч гормон кортизолийн түвшин
Судалгаагаар амралтын өдрөөр нөхсөн нойр нь холимог үр дүн харуулжээ. 6 хоногийн хязгаарлагдмал нойр нь нэгээс бусад бүх эрүүл мэндийн үзүүлэлтэд онцгой өөрчлөлт үзүүлжээ. Хоёр өдөр нойроо нөхөх нь зарим нэг ахиц үзүүлж байсан юм.
- 6 хоног дараалан бага унтсанаар оролцогчдын өдрийн цагаар нойрмоглох нь мэдэгдэхүйц ихэсчээ. Хоёр шөнө нойроо нөхсөнөөр нойрмоглох байдал анхны хэмжээндээ буцаж очсон байна.
- Үрэвслийн хэмжүүр интерлейкин 6 шөнийн хугацаанд мөн л мэдэгдэхүйц өссөн байна. Үрэвслийн хэмжүүр нойр нөхсөний дараа анхны хэмжээндээ очсон.
- Нойр хязгаарласан хугацаанд кортизолын түвшин ямар нэг байдлаар өөрчлөгдөөгүй. Гэхдээ хоёр шөнө нойроо нөхсөний дараа кортизолын түвшин туршилт эхлэхэд хэмжсэн анхны хэмжээнээс доогуур болсон. Кортизолын түвшин нойрны үргэлжлэх хугацаатай өндөр хамааралтай байдаг учир оролцогчид судалгаанд орохоос өмнө аль хэдийн нойр дутуу байсан хэмээн таамаглаж байгаа юм.
- Анхаарлын түвшин хөнгөн нойргүйдлийн үед мэдэгдэхүйц буурчээ.Бусад үзүүлэлтээс ялгаатай нь амралтын өдрөөр нойроо нөхөж унтаад ч анхаарлын тогтворжилт эргэж хэвэндээ ОРООГҮЙ байна.
Иймээс амралтын өдрөөр алдсан нойроо нөхнө хэмээн найдсанаар алдсан зүйлээ бүрэн сэргээж чаддаггүй гэдгийг харлаа. Хамгийн гол нь хэд хоног илүү унтсанаар таны анхаарал төвлөрөлт эргэн хэвэндээ орохгүй гэдгийг санах хэрэгтэй. Мөн энэхүү судалгаа зөвхөн нэг долоо хоногийн нойрны мөчлөгийг хамарсан гэдгийг анхаарах нь зүйтэй. Удаан хугацааны нойрны дутагдал болон түүнийг нөхөж унтсанаар гарах нөлөө одоохондоо судлагдаагүй байна. Энд дурдагдсан ашигтай талууд удаан хугацаанд давтагдах үгүй нь тодорхойгүй.
Гэхдээ энэ нь нойроо нөхөх нь үр ашиггүй, нөлөөгүй гэсэн үг биш юм. Судалгаанд харуулснаар богино хугацаанд алдсан нойроо нөхөх нь нойргүйдлээс үүдсэн зарим асуудлуудыг хэвэнд нь оруулахад тусалж байна. Маш завгүй, нойр дутуу ажлын өдрүүдийн дараа илүү унтаж, нойр авах нэг сонголт байна. Дугхийх нь бас нэг сонголт. Судалгаагаар нойр дутуу нэг шөнийн дараа дугхийгээд авах нь нойр дутуу байдлаас үүдэх зарим сөрөг нөлөөг буцааж байгааг тогтоожээ. Мөн дугхийх, алдсан нойроо нөхөж унтах хоёрыг хослуулснаар нойрны дутагдлаас үүсэх сөрөг нөлөөнд эсрэг арга хэмжээ болж байгааг судалгаа харуулсан байна.
Алдсан нойроо нөхөх нь богино хугацаанд эсвэл хааяа хэрэглэхэд тохиромжтой арга байж болно. Гэхдээ хамгийн сайн арга бол тогтмол дутуу нойртой явахаас сэргийлэх явдал юм. Хангалттай нойр аваагүйгээс болж үүсэх сөрөг нөлөө тун удалгүй мэдэгддэг. Зөвхөн нэг долоо хоног нойр дутуу явснаар эрүүл мэндэд үүсэх үр дагаврыг дээрх судалгаанаас харж болох бол дутуу нойр болон танин мэдэхүйн үйл ажиллагааны доголдол, сонор сэрэмж муудах, сэтгэл санааны асуудалтай холбон судалсан өөр судалгаанууд бий. Дунд зэргийн нойрны дутагдал нь үрэвслийг нэмэгдүүлж, дархлааны үйл ажиллагаа болон бодисын солилцоонд нөлөөлөн их идэх түлхэц болдог. Ганц шөнийн нойр дутуу явахад л инсулин эсэргүүцэх чадварыг нэмэгдүүлэх, гормоны түвшинд нөлөөлөх болон цусны даралтыг дээшлүүлэх аюултай.
Нойргүй хонохоос өөр сонголтгүй гэнэтийн явдлаас бултах арга байхгүй ч эрүүл нойрны хэмнэлтэй байж, нойр нөхөх шаардлага гаргахгүй байх боломж танд бий юм шүү.
Ц.Цэрэндолгор
Эх сурвалж: www.setgel.org