7 асуулт, 1 сэдэв, 2 эх сурвалж

Хуучирсан мэдээ: 2010.07.01-нд нийтлэгдсэн

7 асуулт, 1 сэдэв, 2 эх сурвалж

Үндэсний Шинэ намын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Уянга: Монголд ардчилал аль хэдийнэ байхгүй болсон

-Долдугаар сарын нэгний жагсаал, цуг­лааныг “Ир­гэ­ний эвсэл” “Ардчилсан нам” хамтран зохион бай­гуулсан гэж үздэг. Таныг зохион байгуулахад нь оролцсон гэж хүмүүс харддаг?

-Мэдэхгүй. Би тэр үед жирэмсэн байсан учраас гаднаас нь хараад л өнгөрсөн. Иргэд анхнаасаа л тайван жагсаал хийсэн шүү дээ. Энэ жагсаалыг зохион байгуулалттайгаар үймээн, самуун болгосон. Тухайн үед “Иргэний эвсэл”-ийн удирдлагууд тайван байх үед ганц, нэг гарч харагдсан. Тэглээ гээд бүх бурууг тэдэнд тохох хэрэг байхгүй.

-Тухайн үед засгийн эрхэнд байсанд Ардчилсан нам, МАХН хоёрт хариуцлагыг хүлээлгэх ёстой нөгөөтэйгүүр сөрөг хүчний байр суурь дутагдсан гэж үздэг. Энэ талаар?

-Энэ хоёр нам хоёулаа эрх ашиг нэгтэй учраас тохиролцоод  долдугаар сарын нэгнийг жүжиг болгож хувиргасан. Яагаад Ардчилсан нам сөрөг хүчний байр сууриа илэрхийлэхгүй байна вэ, гэвэл тэд хамтарсан засгийн газарт багтаж авах ёстой ашиг, хувиа хүртсэн учраас тэр. Хүчтэй сөрөг хүчинтэй байсан бол энэ үймээнийг аль хэдийнэ шийдчэх ёстой байсан.

-Хуулийн талаар мэдлэгтэй зарим хүмүүс иргэд, зохион байгуулагчид, цагдаа хүчнийхэн бүгдээрээ хариуцлага хүлээх ёстой гэж үзэж байсан?

-Иргэд хариуцлага хүлээдгээ хүлээсэн шүү дээ. Таван иргэн амь насаа алдлаа, олон иргэд гэмтлээ, ихэнх нь шоронд тодорхой хугацаанд хоригдлоо. Онц байдлын үеэр ганцхан телевизтэй байлаа. Хамгийн түрүүнд иргэд л хариуцлагаа хүлээсэн. Таны хэлээд байгаа зохион байгуулагчид, цагдаа хүчнийхэн, төр засаг л хариуцлагаа хүлээгээгүй үлдсэн.

-Танай нам буруутныг олох ёстой, бүр олох талаар ч ажиллах болно гэж байсан. Яаж, ямар үйл ажиллагааны үр дүнд олох гэж?

-Буруутныг биднээс илүү эрх мэдэлтэй хууль, цагдаа, мөрдөн байцаах газар гээд тэд л олж чадна шүү дээ. Бид гагцхүү буруутныг төр гэдгийг шууд хэлж байгаа. Дээр дурьдсан байгууллагуудын үйл ажиллагаан дээр хэрвээ хүсэх юм бол үйл ажиллагааны чиглэл өгөхөд бэлэн.

-Төрийг яагаад заавал буруутгах ёстой гэж. Тэнд зохион байгуулаад явж байсан хүмүүс нь илэрхий байгаа шүү дээ?

-Хийсэн хэрэг нь тодорхой, хүний амь хохироосон хүмүүс илэрхий, үүрэг даалгавар өгсөн албан тушаалтныг яг таг тодорхойлох боломжтой байсаар байж өнөөдрийг хүртэл энэ хэргийг төр шийдэж чадахгүй байна. Хэн буруутай нь тодохой байгаа биз дээ.

-Та Үндэсний шинэ намд ороогүй байхад тухайн үеийн ерөнхийлөгчийг нэлээд буруутгадаг байсан. Харин одоо түүний үзэл бодолтой нэгдээд байдаг?

-Хувь хүний үзэл бодол өөр хүнийхтэй нэгдэж болохгүй гэсэн хууль хаана байгаа юм бэ. Би зарим зүйл дээр санал нэгтэй л байгаа. Манайхтай адил байх үндэслэл гэвэл  М. Энхсайханы бичсэн зүйлийг л уншсан байх. Түүнээс биш би түүний талд ороод байсан юм байхгүй. Үнэхээр хуулийнхан Энхбаярын буруутайг нь тогтоох юм бол би хэнтэй ч маргахгүй.

-Монгол 20 жилийн өмнө ардчилалын замыг сонгосон. Одоо Монгол хүсч байсан ардчилалдаа хүрсэн үү?

Үгүй. Өмнө нь хүрэх гэж хичээсэн ч чадаагүй. Аль хэдийнэ Монголд ардчилал байхгүй болчихсон. Үүнийг “7-р сарын 1” бүрэн харуулсан гэж бодож байна.

Нийслэлийн ардчилсан намын дарга, УИХ-ын гишүүн С. Эрдэнэ: Хүнийг зэрлэг гөрөөс мэт хөөж, алтан амийг нь бүрэлгэсэн, энэ чинь ардчилал юм уу

-Тухайн үед жагсаал цуглааныг танай нам, иргэний эвсэлийнхэнтэй хамт зохион байгуулсан гэж олон нийт үздэг. Энэ талаар?

-Тухайн үед үнэхээр олон нийт энэ хэдэн хүнийг хэлсэн зоргоор цугларах байсан юм уу. Саналаа луйвардуулсан хүмүүс л “Ху” намаас хариугаа авъя гэсэн уриан дор л нэгдсэн шүү дээ. Тэгээд ч тухайн үед өглөө нь сонгуулийн дүн албан ёсоор гараагүй байхад үнэмлэхүй ялалт байгуулсан мэтээр МАХН зарласан. Үүнээс болоод л иргэдийн бухимдал дээд цэгтээ хүрч энэ цуглаан үүссэн юм.

-Тухайн үед танай нам, хувьсгалт нам хоёр засгийн эрхэнд байсан биз дээ. Хариуцлагыг адилхан л хүлээх ёстой юм биш үү?

-Сонгуулийн будлианыг хэн үүсгэсэн нь ойлгомжтой биз дээ. Яахав манай нам үр дүн гарсаных нь дараа үйл ажиллагаагаа хойрго явуулсан тал бий. Манай намын сонгогчид “яагаад хамтарсан засгийн газарт орж ажилласан юм бэ”, гэж асуудаг л юм.

-Хуулийн талаар мэдлэгтэй хүмүүс иргэд, цагдаа, хүчнийхэн, зохион байгуулагчид бүг­дээ­рээ л хариуцлага хүлээх ёстой гэж байсан?

-Энэ тал дээр гэвэл зарим асуудлыг шийдэх ёстой. Тухайлбал: ХЗДХЯ-ны чиг үүргээс Хилийн цэргийг гаргаж БХЯ-ны чиг үүрэгт харъяалуулах ёстой. Цагдаагийн бүтэц бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж, цагдаагийн удирдлагуудыг ХЗДХЯ-наас салгаж аймаг, сум, хот, хороонд хариуцуулах ёстой. Цагдаа бол цэрэгжсэн байгууллага биш иргэдэд үйлчлэх байгууллага байх нь зүйтэй. Энэ талаар манай нийслэлийн намын хороо мэдэгдэл гаргаж түүндээ тодорхой тусгасан байгаа. Төрийн гурван өндөрлөгт хүргэнэ.

-Мэдэгдэл өгөөд орхичох юм уу, үр дүн гарахгүй юм биш үү?

-Манай нам энэ тал дээр анхаарч байгаа. Бид зөвхөн мэдэгдэл өгөөд орхичох биш зарим шаардлагатай судалгаануудыг хийж, түүнийгээ улам боловсронгуй болгоно. Цаашид ийм явдал гаргуулахгүй байх боломж манайд бий, өмнө нь бид түүнийгээ харуулсан шүү дээ.

-Дүрс бичлэгийн камер дээр хэн зохион байгуулаад явж байгаа нь тодорхой байгаа биз дээ. Улс төрийн зориг л хэрэгтэй юм байх?

-Хариуцлагыг хэнд хэзээ ч үүрүүлж болно. Үнэхээр буруутайг нь нарийн тогтоох ёстой. Энэ бол яах аргагүй зохион байгуулалттай хэрэг. Үүнийг хэн нэгний үзэл бодол орохгүйгээр цэврээр шийдэх ёстой.

-Тухайн үед ч тэр одоо ч тэр онц байдлыг эсэргүүцдэг. Танай нам ч тэр, бусад намууд ч тэр. Онц байдал тогтоогоогүй бол үүнээс дор байж болох байсан юм биш үү?

-Онц байдал нэрийн доор үй олон хүмүүсийг хоморголон баривчилж, цагдан хориж, айлган сүрдүүлж, эрүүдэн шүүж, амь насыг нь хороох эрхийг хууль, цагдаа, хилийн ба дотоодын цэргийн бие бүрэлдэхүүнд олгосон нь эрх зүйн акт гэж үзэх үндэслэл огт биш. Энэ үеэр 700 гаруй иргэний шалтгаангүйгээр хүч хэрэглэн барьж, эрүү шүүлт тулгасан нь Хүний эрхийн байгууллагуудын судалгаанд тодорхой тусгагдсан байгаа.

-Монгол улс анх 1990 онд Ардчилалыг тэм­цэж олж авсан. Тэр үед та нарын тэмцэж олж ав­сан ардчилал ухарчихаад байгаа юм биш үү?

-Бидний анх тэмцэж олж авсан ардчилал үнэхээр анхны зорилгоосоо ухарчихаад байгаа нь үнэн. Ямар сайндаа л тэр таван иргэнийг зэрлэг гөрөөс мэт хөөж байгаад алж байхав дээ. Бид ийм ардчилалыг хүсээгүй. 1990 онд тухайн үеийн улс төрийн удирдлагууд ухаалаг шийдвэр гаргасны үндсэн дээр л тайван болж өнгөрсөн. Гэтэл 2008 онд тийм байж чадсангүй.

Б. Болорсүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж