-Таны хүү УИХ-ын нээлттэй сонсголд гэрчээр оролцож байсан. Долдугаар сарын 1-ний үймээнд оролцсон юм уу?
-Миний хүүг 2008 оны долдугаар сарын 1-нд ажлаа тараад “Бөхийн өргөө”-ний ар талын автобусны буудал дээр гэртээ харих гээд зогсч байхад нь гурван хүн хүрч ирээд толгойд нь битүү цагаан даавуу углан гавлаад машинд оруулаад аваад явчихсан. Хаашаа явснаа ч мэдээгүй гэсэн. Толгойд нь угласан даавууг авсан чинь Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст аваачсан байсан юм билээ. Өөрөө хэлэхдээ, шөнөжин зодсон гэсэн. Үймээнд оролцоогүй хүнийг шүү дээ. Өглөө Улсын Мөрдөн байцаах газарт аваачсан. Тэр үед н.Мөнгөншагай гэдэг байцаагч хариуцаж шалгаж эхэлсэн л дээ. Намайг 2-ны өдөр дуудаад очтол канистертай бензин тавьчихсан хүүг маань тараасан гээд сууж байгаа юм. Би ч “яахаараа 20.00 цагт ажлаасаа буух гэж байсан хүүхэд бензин тараадаг юм бэ” гэдгийг хэллээ. Тэр өдөр телевизээр айхтар юм гарч байсан учраас би хүү рүүгээ байнга утсаар ярьж байсан л даа. Гэтэл н.Мөнгөншагай гэдэг байцаагч “Өчигдөр /2008 оны долдугаар сарын 1-нд/ цагдаагийн бүх байцаагчид энгийн хувцастай үймээнд оролцоод, чулуу шидэлцээд явсан учраас харсан” гэсэн юм. Би сөргүүлээд “Та нар жагсаалд өөрсдөө оролцож адилхан үймүүлчихээд миний хүүхдийг юу боллоо гэж ингэж байгаа юм” гэхэд юу ч хэлээгүй. Миний хүүгийн нүдийг боож энэ, тэрүүгээр явахдаа тэр бензинийг зориудаар авч явсан болгосон байх. Миний хүүгийн үймээнд оролцсоныг нотлох дүрс бичлэг, гэрэл зураг гэж юу ч байдаггүй. Хэлэлцүүлгээр ч гаргаагүй биз дээ.
-Цагдаа нарт хүүг чинь үймээнд оролцсон, чулуу шидсэнийг харуулсан нотлох баримт байхгүй гэж үү?
-Байдаг гэж ярьсан ч шүүх хурал дээр юу ч үзүүлээгүй. Энэ хэрэгт холбогдсон гэх хүмүүсийг шүүх хуралд тав таваар нь оруулахдаа нэг хүүхэд цуг оруулаад хаалттай хийж байсан. Ингэхдээ бүх хүнийг 11 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэж ялласан. Миний хүүг Эрүүгийн хуулийн 179.1 гэх зүйл ангиар л ялласан. Гурван жилийн ял оноосон.
-Нотлох баримтгүй юм бол яахаараа ял өгдөг юм бол оо?
-Мэдэхгүй. Хүүг минь баривчилсны дараа сар гаруй уулзуулаагүй. Сүүлд нь Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагч, хошууч н.Саранбаатартай уулзахад баахан цээж зурагнаас “Хүүхдийнхээ зургийг олоодох” гэсэн. Олсон чинь нүүр нь том том хүрэн сорвитой болчихсон зураг олдсон. Сар гаруй Ганцхудагийн хонгилд хорихдоо байнга зодож байсан юм билээ. Тэнд хоригдсон хүмүүсийг бүгдийг нь зодож, хүчээр байцаалтаа тулгаж байсныг хүн болгон одоо мэднэ дээ.
-Тэр үед УИХ-ын гишүүд, Хүний эрхийн Үндэсний комиссынхон очиж үзсэн биз дээ?
-Бүгд очсон ч зодсон хүмүүсээ хонгилд нууж байсан гэсэн. Сарын дараа намайг очиход сорви нь эдгээгүй байсан. Шүүх хурал дээр ямар ч нотлох баримт байгаагүй.
-Нотлох баримтыг нь үзье, хавтаст хэрэгтэй танилцъя гээгүй хэрэг үү?
-Биднийг хавтаст хэрэгтэй танилцуулаагүй. Өмгөөлөгч л танилцсан.
-Хавтаст хэрэгтэй танилцсан өмгөөлөгч юу гэж байсан бэ?
-Бидэнд хэлэхгүй байсан. Юу ч хэлээгүй. Би эдийн засгийн хувьд боломж тааруу болохоороо өмгөөлөгч ч аваагүй юм. Гэхдээ байцаагч н.Саранбаатараас “Өмгөөлөгч авах уу” гэж асуухад “Тэндээ өмгөөлөгчтэй” гэж явуулсаар байгаад Прокурорт хэргийг шилжүүлсэн. Гэтэл мөрдөн байцаалтын явцад ямар ч өмгөөлөгч өгөлгүйгээр байцаасан гэдгийг хүү маань хэлсэн. Хоригдож байхад нь цагдаа нараас гадна н.Отгонбаатар гэдэг хэрэг хийсэн залуу миний хүүгийн өрөөсөн хөлийг нь зогсч чадахгүй болтол зодсон байсан. Зүгээр зогсч байгаад л ухаа алдаад уначихдаг болтлоо зодуулчихсан байгаа юм чинь. Энэ талаар УИХ-ын Хүний эрхийн дэд хороонд, Х.Тэмүүжин гишүүнд, Хууль зүй, дотоод хэргийн яамд өргөдлөө өгсөн. Одоо болтол хариу өгөөгүй.
-Хаанаас нь ч хариу өгөөгүй хэрэг үү?
-Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, ЦЕГ-ыг асуудлыг шийдэж, хариуг нь өг гэсэн бичиг өгсөн. Түүний дараа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын н.Дамдинцэрэн гэдэг хүнтэй уулзсан. Цагдаагаас нэг мөрдөн байцаагч томилсон ч хэргийг хэрэгсэхгүй болгоод хаачихсан. Улс төрийн захиалгаар миний хүүг хохироосон байх л гэж боддог.
-Одоо хүү чинь хоригдож байгаа гэсэн. Ямар хэргээр хоригдож байгаа юм бэ?
-Цүнх дээрэмдсэн гээд ял өгчихсөн. Хүү маань аваагүй гэдгээ хэлж, хэргээ хүлээхгүй явж байгаа. Энэ хэргийг гардан шалгаж байсан мөрдөн байцаагчийг нь сольчихсон. Шинэ байцаагч хавтас хэрэгт нь хүчээр шахуу гарын үсэг зуруулчихсан.
-Тэр нь ямар учиртай юм бэ?
-Миний хүү багадаа өвдөөд сургуульд сураагүй юм. Бичиг тайлагдаагүй. Бичиг мэдэхгүй хүнийг энэ дээр гарын үсэг зур гэсээр байгаад хэргийг нь танилцуулалгүй гарын үсэг зуруулчихсан байгаа юм. Юугаа ч мэдэхгүй хүүхдийн хийгээгүй хэргийг хийсэн болгочихсон.
-Давж заалдсан уу. Хохирогч нь танай хүүхдийг авсан гэдгийг сайн харсан хэрэг үү. Гэрч байгаагүй юу?
-Гэрч бий. Гэрч нь хэрэг гарсны дараахан хүүг маань гэрт байхад орж ирээд “Биш байна” гээд гарсан. Тэгэхэд хохирогчийн талынхан үгээ нэгтгээд гүтгэсэн.
-Хэрэг хэзээ гарсан юм бэ?
-Өнгөрсөн оны арванэгдүгээр сарын 10-ны 20.00 цаг л өнгөрч байсан. Өөрсдөө 20.00 цаг гэдэг. Уг нь хэрэг 20.40 цагийн үед болсон юм билээ. Энэ үеэр маш харанхуй байсан болохоор гудамжинд савхин эсвэл лидринен хүрэмтэй явж байгааг ялгахад маш бэрх дээ. Тэгэхэд хохирогч нь гэрт орж ирээд хүүгийн маань өмссөн хувцсыг харчихаад мэдүүлэгтээ “Дээрэм хийсэн хүн тийм хувцастай байсан” гээд манай хүүгийн хувцсыг хэлчихсэн байгаа юм. Гэрч болохоор “Өндөр юүдэнтэй хар цамцтай залуу хүрэн цүнх сугавчлаад гүйгээд явахад нь би хөлөөрөө дэгээ тавьсан ч уналгүй яваад өгсөн. Би харвал танина гээд хүүг маань хараад биш байна” гэж хэлсэн ч мэдүүлгийг өөрчилчихсөн байсан.
-УИХ-ын нээлттэй сонсголд оролцож мэдүүлэг өгсний дараа л тийм зүйл болчихсон хэрэг үү?
-Тийм. Сонсголд оролцсоны дараахан /УИХ-ын нээлттэй сонсгол 2009 оны арванхоёрдугаар сарын 2-ны өдөр болсон/ Эрүүгийн цагдаагийн хоёр төлөөлөгч манайд ирсэн. Тэр хоёр хүн танихгүй хүний зураг үзүүлээд “Таних уу” гээд л байсан. Өнгөрсөн арванхоёрдугаар сарын 7, 8-нд ирсэн юм л даа. Эхний өдөр нь би байгаагүй. 8-нд гэртээ байхад орж ирсэн. Тэгэхэд орж ирэхдээ бас л тэр зургаа барьчихсан явж байсан. Би ч мэдэхгүй гэдгээ хэлсэн. Гэтэл “Танай эрэгтэй дүү танина гээд байсан даа” гээд байсан. Хүүг маань миний дүү гэж бодсон юм шиг байгаа юм. Тэгэхээр нь “Хүүг маань ирэхээр асуу” гээд Оргилболдын дүүг “Нохой хорьж өг” гээд гаргасан. Гадаа гарсан хойно хүүгээс маань “Ахыг чинь Оргилболд гэдэг үү. Хаашаа явсан бэ” гээд асуусан байгаа юм. Дүү нь ч “тийм” гээд хариулж л дээ. Ингэсний дараа дээрмийн хэргээс хүүг маань шалгасан байцаагч нь ирээд 9-ний өдөр хорьсон. Манайд ирээд байсан хоёр төлөөлөгч нь хүүг маань саатуулагдаж байхад зодсон хоёр хүн гэж хардаж байгаа.
-Хүүгээсээ асуусан уу?
-Тэр хоёр хүнийг хараагүй учраас хэлж мэдэхгүй байсан. Мөрдөн байцаагчид хайж яваа хүн нь “102 тоот хашаанд байдаг хүн” гээд л байсан. Манайхаас өөр энэ хавьд 102 тоот байхгүй л дээ. Тийм болохоор нээлттэй сонсголд гэрчийн мэдүүлэг өгч, цагдаа нар хэрхэн зодож байсныг хэлсэнтэй л холбоотой.
-Тэр цагдаа нар хэзээ зодсон юм бэ?
-Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 20-доор хорооны цагдаа дуудаад очсон. Гэтэл Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэс дээр очиж юм асууна гээд н.Содномдорж гэдэг эрүүгийн төлөөлөгч дагуулаад очсон юм билээ. Тэр үед хоёр цагдаа зодсон байгаа юм. Хөх эрээн болтол нь зодсон. “Долдугаар сарын 1-нд цагдаа нарыг ингэж зодож байсан уу, чи” гээд бороохойдсон гэсэн. Тэр цагдаа нарын талаар гомдол гаргасан ч ямар ч арга хэмжээ авч өгөөгүй. Тэр хүмүүс манайд ямар учраас ирсэн нь их сонин. Тэнийг ирсний маргааш л хүүг маань ажил дээрээс нь баривчилсан.
-Хаана ажиллаж байсан юм?
-Оргилболд зуны цагт барилгад ажиллаж байгаад баригдахдаа бааранд зөөгч хийж байсан.
-Хүү чинь энэ хэргээр хэдэн жилийн ял авчихав?
-Чанга дэглэмтэй хорих ангид 3,1 жилийн ял эдлүүлэхээр болсон.
-Эхлээд нэг жил хорих ял оноосон юм биш үү?
-Тийм. Эхлээд нэг жилийн хорих ял оноосон. Тэгэхээр нь нийслэлийн Шүүхэд давж заалдаад мөрдөн байцаалтад буцаасан. Гэтэл дахин шалгахгүйгээр 3,1 жилийн ял оноочихсон. Нийслэлийн Шүүхэд дахиад давж заалдчихаад байгаа.
-Хохирогчийн алдсан цүнхэнд хэдэн төгрөг байсан юм бэ?
-Гучин мянган төгрөг, эвдэрхий дөрвөн гар утас, бичиг баримт байсан гээд байгаа. Тэрнээсээ бичиг баримтыг нь олчихсон.
-Хаанаас?
-Цүнхээ алдсан хүүхэн манай хойд талд амьдардаг юм. Хаанаас олсон бэ гэхээр “Хүн утсаар ярихаар нь байцаагчтайгаа очиж авсан” гэсэн. Харин мэдүүлэгтээ “Сүхбаатарын талбайн урд сааднаас цагдаа нар олж өгсөн” гэчихсэн байгаа юм. Ингэж болох уу…
-Өөрт нь энэ тухай хэлсэн үү?
-Бид 20 гаруй жил айл саахалт яваа хүмүүс. Одоо сууж байгаа орон сууцыг нь барилцаж ч өгч байсан. Тийм болохоор “Манайхаас ганц ажилдаг нь хүү маань. Өвлийн хүйтэнд ажилгүй хэцүү байна. Ажилд нь оруулаад өгөөч” гээд гуйсан. Тэр ч “Ганц ажилтай хүүг чинь шоронд оруулахгүй ээ” гэж хэлсэн. “Гэхдээ хүн гүтгэсэн бол би өөрөө хариуцлага хүлээнэ гээд гарын үсэг зурчихсан учраас айгаад очиж чадахгүй байна” гэдгээ ч хэлсэн. Харин одоо болохоор тэгж хэлээгүй гэж гүрийдэг. Тэр бүү хэл, тавдугаар сарын 31-нд болсон шүүх хурал дээр “Долдугаар сарын 1-нд наад муу чинь байшин шатааж байсан юм чинь намайг юу ч гэж хэлж магадгүй” гээд байгаа юм даа. Их гомдсон. Тэр хэрэгт миний хүүг холбогдоогүй, хүчээр холбогдуулсан байхад огт өөр хэрэгтэй холбоод байгаа нь муухай санагдсан. Тэгээд ч зогсоогүй “Боловсролгүй, бичиг үсэг мэддэггүй хүмүүс юу хийж, яаж явдгийг би сайн мэддэг” гээд л доромжилсон. Бичиг, үсэг мэдэхгүй байлаа гээд хэрэг хийх ёстой биш биз дээ. Их гомдолтой байгаа. Даанч би гомдол гаргаад явж чадахгүй байна. Явлаа гээд хэн дээр очихоо ч мэдэхгүй юм. Ганц мэддэг нь УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны ажилтнууд л байна. Энд хэлэхэд, Хүний эрхийн дэд хорооноос хүн очиж хүүтэй маань уулзсан гэсэн.
-Энэ хэргийг ямар өмгөөлөгчөөр өмгөөлүүлсэн юм бэ?
-УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин өмгөөлөгч гаргаж өгсөн. Өмгөөлөгч нь их сургуульд хичээл заадаг хүн учраас амжихгүй нь гээд өөр өмгөөлөгч олж өгсөн. Тэр өмгөөлөгч нь мөрдөн байцаалтад оролцсон ч шүүх хуралд оролцоогүй. Ямар шалтгаанаар оролцоогүйг нь асуухаар утасдсан ч утсаа аваагүй. Нийслэлийн Шүүхээс хэрэг буцсаны дараа дахиад өөр өмгөөлөгч томилсон ч хөдөө яваад алга болчихсон.
-Нийслэлээс хэрэг яагаад мөрдөн байцаалтад буцсан юм бэ?
-Бичиг мэдэхгүй хүнийг уншиж мэдэхгүйгээр нь далимдуулан гарын үсэг зуруулсан гэж үзээд буцаасан юм. Буцсаны дараа дахиад шүүх хурал болж, өмгөөлөгч оролцсон ч хүүд маань оноогоод байсан нэг жилийн ялыг 3,1 жил болгочихоод хөдөө яваад алга болчихсон. Ямар учраас авсан өмгөөлөгч болгон нь ингээд байгааг ойлгохгүй байна. Одоо нийслэлийн Шүүхэд өмгөөлөгчгүй өөрөө давж заалдаж байгаа.
-Шүүх хуралд гэрч оролцсон уу?
-Оролцуулаагүй. Тэр битгий хэл шүүх хурлыг өмгөөлөгчгүй гээд хойшлуулахаар болсон. Хойшлуулсан хугацаа болоход өмгөөлөгч маань утсаа авахгүй болохоор хүүгээ дагуулаад очсон. Өмгөөлөгч ч ирээгүй. Гэтэл шүүгч хүсэлт гаргаад “Өөрөө өөрийгөө өмгөөлнө” гэж бич гэсэн. Хүү маань бичиг үсэг мэдэхгүй болохоор би өмнөөс нь бичсэн. Харин хүү маань гарын үсэг зурсан. Энийг нийслэлийн Шүүх авч үзээд “Яг өөрийн хүсэлтээр өмгөөлөгчгүй шүүх хуралд оролцсон гэдгийг шалгаагүй байна” гээд буцаасан юм л даа. Гэтэл прокурорынхон дахин мөрдөн байцаалт явуул гээгүй байна гээд шууд шүүх хурал хийлгэсэн.
-Хэн гэдэг шүүгч шүүх хурлыг даргалсан юм бол?
-н.Шинэбаяр гэж байсан. Харин прокурор нь Баянзүрх дүүргийн прокурор н.Эрдэнэбат.
-Хүү чинь бие муутай гэсэн. Юунаас болсон юм бэ?
-Долдугаар сарын 1-ний дараа зодуулснаас л болсон. Гарыг нь ард нь гавлаад, гав дээр нь гишгэж байгаад толгойгоор нь хана мөргүүлдэг. Сандал дээр суулгаж байгаад түлхэж унагаах зэргээр зодож байсан гэсэн. Ингээд л тархи нь гэмтэж, ухаан алддаг болсон. Ходоод гэдэс ч муу болсон.
-Өмнө нь эрүүл саруул байжээ?
-Зүв зүгээр байсан. Багадаа л суумгай байсан. Гэхдээ жаахан томроход нь зүгээр болчихсон.
-Долдугаар сарын 1-ний хэрэгт хэдэн жилийн ял өгсөн юм бол?
-Гурван жил дөрвөн сарын ял оноосон. Түүнээс жил 26 хоногийн ялыг нь эдлээд өршөөлийн хуулиар гарсан.
-Тэр хэрэгт өмгөөлөгч байсан уу?
-Ямар ч өмгөөлөгч өгөөгүй. н.Саранбаатар байцаагчид “Өмгөөлөгч авъя” гэж хэлэхэд “Яах юм. Хэрэггүй, хэрэггүй. Тэнд өмгөөлөгч байгаа” гэдэг байсан. Яг хэрэг прокурорт шилжихийн өмнөхөн Юмжирмаа гэдэг өмгөөлөгч над руу ярьсан. “Саранбаатар байцаагч над руу “Өөрөөр чинь л хэрэг өмгөөлүүлмээр байна” гээд ярьсан” гэсэн. Ингээд л асуудал дандаа бүдгэрч, цаанаас зохион байгуулалттайгаар ажиллаж байсан. Миний хүү одоо зөвхөн өөрөө л давж заалдахаар өргөдөл гаргасан. Ар гэрийнхэн нь давж заалдая гэхээр тэгүүлдэггүй юм билээ.
-Яагаад?
-Би өргөдөл гаргасан ч хүлээж аваагүй. Дээд шатны шүүх нь анхан шатны шүүхэд өргөдлөө өгчих гэдэг. Анхан шат нь болохоор хүлээж авдаггүй. Хүмүүсийнх болохоор ар гэрийнхэн нь давж заалддаг гэсэн. Тиймээс бүх юм цаанаас л зохион байгуулсан хууль бус үйлдэл гэж бодож байгаа. Хэлэлцүүлэгт оролцуулъя гэхэд “Тэрэнд оролцуулбал сүүлд нь тэглээ гээд янз бүрийн асуудалд орох биш юм биз дээ. Сайн хэлээрэй” гэсэн. Гэтэл хүү маань “Х.Тэмүүжин гишүүн хамгаалалтад авчих учраас айх юм байхгүй” гэж байсан. Гэтэл ингээд хилсээр хоригдчихлоо.
Энэ талаар Н.Оргилболдын ээж Б.Нямхүү нүдэндээ нулимс цийлэгнүүлэн ярьж байсан. Түүний хүүг ямар үндэслэлээр хэрэг тулгасан тухайгаа өнөөдрийг хүртэл цагдаагийнхан хэлдэггүй гэсэн юм.
Л.НАРАНТӨГС