Харвард дахь эхний өдрүүд

Хуучирсан мэдээ: 2014.07.29-нд нийтлэгдсэн

Харвард дахь эхний өдрүүд

Харвардын байдаг Кэмбридж гэдэг Бостонтой хөршлөх хотод ирэхдээ Бээжин, Уошингтоноор дайран өнгөрч нийт 25 цаг нисэв ээ. Бээжингийн онгоцны буудал дээр түр зуур төөрснийг эс тооцвол замын туршид ихэвчлэн унтаж явсаар саад бэрхшээлгүй явж ирэв. Уошингтон руу явах нислэгээр Хятадын хөдөөний охины дэргэд сууж үе үе яриа өрнүүлэхэд зарим талаар сонирхолтой байлаа. Delaware-ийн их сургуульд сурах гэж байгаа тэр охиноос Хятадын засгийн газар Гүүглийг блоколсны талаар Хятад хүний хувьд юу гэж боддогийг асуувал бодож бодож байснаа зөв байх аа гэж байв. Бас facebook-ийн талаар асуухад facebook гэж амьдралдаа ганц ч сонсож үзээгүй нь урьдчилан таамаглаж байсан хэдий ч сонин хариулт санагдсан. Ийн ниссээр Уошингтонд онгоц дүүрэн Хятад оюутнуудын хамт нар жаргах үеэр буугаад Америкийн хилийг давах болоход жижигхэн спикэр дээр Beyonce цангинуулан сонсох хар арьстан гаалийн ажилтан "Why did you come to the states?" хэмээн ёсыг бодон асуунгаа хариулт сонссон уу үгүй юу пасспортон дээр тамга дараад гаргаж өглөө.

Annenberg Hall, Харвардын хоолны заал

Өнгө өнгийн арьстай хүмүүс, яаран алхах мөртлөө ард нь явж байгаа хүнийхээ өөдөөс хаалга хэзээ ч хаадаггүй, чөлөөтэй харьцаатай мөртлөө эелдэг Америкчууд урьд зун Америкад миний ирэхэд байсан шигээ л байж байна. Дахиад нэг цаг гарам нисч шөнийн 12 цагт Бостонд очоод Кэмбридж хүрэх таксинд суув. Хаашаа явахав хаягаа хэл гэж жолоочийг хэлэхэд нь газрын зураг харуултал газрын зураг ойлгодоггүй, GPS-ээр л замаа заалгаж явдаг гэлээ. Тэгэхээр нь Харвард явъя гээд хөдлөв. Нөгөөдөх чинь бас Харвардын ойр ирчихээд хаашаа явахаа сайн мэдэхгүй байсан уу, илүү мөнгө авах гэсэн үү жижиг жижиг гудамжаар авч явсаар Харвардын үүдэнд ирэв. Буугаад типэнд 5 доллар өгөхөд аз жаргал хүсээд л ихэд баясаад яваад өгч байна.

Sever Hall, Harvard Yard

Алдарт Харвард руу төв хаалгаар нь ороход эхлээд өөрийн эрхгүй инээмсэглээд л явж байсан бол сүүлдээ үе үе энд ирчихсэн байгаадаа итгэхгүй л гайхаж явлаа. Чемодануудаа Harvard Yard-аар чирч явсаар намайг миний өрөөнд оруулж өгөхөөр хүлээж байсан хүмүүстэй уулзаад өрөөндөө оров. Мэдээж онгоцоор  явах туршдаа унтсан, мөн 12 цагийн зөрүүтэй орноос ирсэн тул нойр хүрэхгүй, үүр цайтал хүлээгээд өрөөнөөсөө гарч Кэмбрижээр алхаж тэнэлээ. Харвардын оюутны хотхон үнэхээр сайхан санагдсан. Хаа сайгүй ногоон зүлэг модтой, бараг мод болгонд хүмүүст дасчихсан хэрэм амьдарна, энд тэнд туулайнууд хүртэл харагдав. Хотхоноос гараад Кэмбрижээр алхаад явахад тун сайхан байлаа. Явган хүний гарц руу ойртонгуут л машинууд шууд зогсоод гаргаж өгнө, бүүр өглөө атал дасгал хийгээд гадаа гүйх хүмүүс зөндөө. Хааяа ногоон цэцэрлэг тааралдаад ер нь л амьрдахад сайхан газар ажээ.

үргэлжлэл: www.bilguun.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж