Японы ерөнхий сайд Наото Кан дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд чамлахааргүй амжилт гаргасан шигшээ багийн тамирчдадаа баяр хүргэжээ. Өмнөд Африкийн ногоон зүлгэнд шөвгийн 16-д Парагвайн багтай ширүүн тулаан хийж, торгуулийн цохилтоор харамсалтайгаар ялагдсан Цэнхэр Самурайчуудын амжилтыг ерөнхий сайд нь өндрөөр үнэлсэн байна. Ноён Кан мэдэгдэлдээ “Шигшээ багийнхан маань багийн тоглолт гаргаж, Японы хөлбөмбөгийн төвшинг дэлхий нийтэд харууллаа. Эрэлхэг тулаан хийсэн тамирчдадаа баяр хүргэж, талархаж байна” гэжээ.
Дэлхийн аваргын дэвжээнд Ази тивийн хамгийн сүүлийн төлөөлөл болон үлдсэн Японы шигшээ баг мягмар гаригийн үдэш Парагвайн багтай тоглож, торгуулийн цохилтоор 5:3 харьцаатай ялагдсан билээ. Тэд өмнө нь 2002 онд Өмнөд Солонгосын хамт дэлхийн аваргыг зохион байгуулж, хасагдах шатанд шалгарч байсан бөгөөд энэ удаад тэрхүү амжилтаа давтсан юм.
С.Цэлмэг