14 хувь нь finacle системийг ашигладаг

Хуучирсан мэдээ: 2014.07.29-нд нийтлэгдсэн

14 хувь нь finacle системийг ашигладаг

ДЭЛХИЙН НИЙТ БАНКНЫ АЖИЛТНУУДЫН 14% НЬ FINACLE СИСТЕМИЙГ АШИГЛАДАГ

 


Голомт банк үндсэн бүртгэлийн шинэ систем нэвтрүүлсэнтэй холбогдуулан төслийн багийн удирдагч Голомт банкны Мэдээллийн технологийн газрын захирал Н.Цэрэндаваатай ярилцлаа.


– Танд энэ өдрийн мэнд хүргэе. Голомт банк баяр наадмын өдрүүдэд системийн шинэчлэл хийсэнтэй холбогдуулан, таныг энэ удаагийнхаа ярилцлагандаа урьсан юм. Голомт банк шинэ систем нэвтрүүлэх болсны гол шалтгаан болоод хэзээнээс бэлтгэл ажил хийгдэж эхэлсэн талаар юун түрүүнд тодруулахгүй юу? 

Өнөөдөр мэдээллийн технологийн салбарын хөгжил,  олон улсын банк санхүүгийн салбарт шинэ эрин үеийг авчирсан  гэж хэлж болно.  Учир нь банк санхүүгийн байгууллагууд харилцагчиддаа хамгийн шилдэг, шуурхай, найдвартай үйлчилгээг үзүүлэхийг зорьдог шүү дээ. Харин мэдээллийн технологийн салбарын хөгжил энэ зорилгыг биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байна. Өнөөдөр хөгжингүй улс орны банкуудад олон  салбар тооцооны төв байх шаардлагагүйгээр, найдвартай системээр хамгаалагдсан цахим банкны бүхий л төрлийн үйлчилгээг харилцагчиддаа үзүүлж байна.

Банкны салбарт  гарч буй энэ хөгжилтэй хөл нийлүүлэн алхахын тулд манай хамт олон 1999 онд Монгол улсад анх удаа төлбөрийн картын системийг нэвтрүүлснээс хойш, анхны SMS банк, соронзон тууз бүхий хадгаламжийн дэвтэр, интернэт худалдааны төлбөрийн систем, EMVчип карт, RFID contactless Paypass карт, өөртөө үйлчлэх банкны салбар, Интернэт банк, Смарт банк, Е-банк зэрэг технологид суурилсан маш олон төрлийн үйлчилгээг Монголын зах зээлд АНХЛАН нэвтрүүлж ирсэн туршлагатай хамт олон.

Үүний залгамж болж бид дэлхийн мэдээллийн технологийн хөгжлийг тодорхойлогч Инфосис компанитай 2012 оноос эхлэн хамтран ажилласан  бөгөөд өнгөрсөн онд албан ёсоор банкны үндсэн бүртгэлийн Финакл системийг нэвтрүүлэх гэрээг үзэглэсэн. Улмаар хоёр байгууллагын хамтарсан төслийн багийнхан бүтэн жил хагасын турш ажиллаж, 2014 оны 7-р сарын 10-аас 14-ний өдрүүдэд Монголд анх удаа Финаклсистемийг бүрэн нэвтрүүлээд байна. Инфосис компанийг танилцуулахад дэлхийн хамгийн орчин үеийн технологийг нэвтрүүлэгч шилдэг 100 аж ахуйн нэгжээс 19-р байрт жагсдаг, 30 гаруй улсад орчин үеийн дэвшилтэт технологийн үйлчилгээ үзүүлдэг бол Финакл системийг дэлхийн 84 орны 190 гаруй банк, тэр дундаа ANZ, DBS, ABN AMRO, Credit Suisse, ICICI зэрэг томоохон банкууд үйл ажиллагаандаа ашигладаг нь энэ системийн давуу талыг улам тодотгож өгөх болов уу.

– Банкны үндсэн бүртгэлийн систем гэдэг нь яг ямар учиртай систем юм бэ? Одоогийн байдлаар олон улсын хэмжээнд ямар системийг түлхүү ашигладаг  вэ?

Банкны өдөр тутмын гүйлгээ, дансны бичилт, хадгаламж, зээлийн тооцоолол гэх мэт санхүүгийн болоод санхүүгийн бус мэдээллийг боловсруулдаг цогц системийг банкны үндсэн бүртгэлийн систем гэж нэрлэдэг. Мэдээж тухайн улс орны онцлог, банкны бизнесээсээ хамааран системийн сонголтын хувьд өөр өөр байдаг. Гэхдээ голдуу Инфосис, Оракл, Теменос компаниудын системийг түлхүү хэрэглэдэг.

– Тэгэхээр Финакл систем нь дэлхийн шилдэг 3 системд ордог гэсэн үгүү?

Тэгж хэлж болно. Гэхдээ бусад системтэй харьцуулахад, гол онцлог нь илүү инноваци тал руугаа хөгжсөн буюу хамгийн сүүлийн үеийн шинэ технологи, шинэ хандлагыг нэвтрүүлж чадсан дэлхийд  хүчирхэг систем юм.

Учир нь энэ систем нь банкны үндсэн бүртгэлийн системээс гадна харилцагчийн үйлчилгээ (CRM), хөрөнгийн удирдлага (Treasury), гадаад худалдааны санхүүжилт (Trade Finance), хөрөнгө оруулалтын банк (Wealth Management), Интернэт болон Мобайл банк (Е-bank), төлбөрийн карт зэрэг дэд системүүдийг багтаасанбанкны цогц систем гэдгээрээ давуу талтай.

– Тэгэхээр Голомт банк Монголын банк санхүүгийн салбарын хөгжилд цоо  шинэ технологийг нэвтрүүлж, харилцагчиддаа илүү өргөн боломжийг нээж өглөө гэж ойлгож болох нь ээ?

Дээр хэлсэнчлэн аливаа банк харилцагчиддаа үргэлж шилдэг, шуурхай, найдвартай үйлчилгээг үзүүлэхийг зорьдог. Голомт банкны хувьд энэ үүргээ нэр төртэйгээр биелүүлж, дэлхийн мэдээллийн технологийн  хөгжилтэй хөл нийлүүлэн алхахын тулд дэлхийд алдартай байгууллагуудтай хамтарч ажиллаж ирсэндээ баяртай байдаг. 

Тухайлбал кредит картын систем нийлүүлэгч Sungard, АТМ менежмент систем нийлүүлэгч BPC Banking Technology зэрэг дэлхийд шилдэг 10-т ордог картын систем нийлүүлэгчидтэй хамтын ажиллагааг хөгжүүлж ирсэн нь  бидний амжилтын үндэс болж ирсэн.

– Та сая  Финакл системийн давуу талуудын тухай танилцууллаа. Гэтэл шинэ систем нэвтрүүлсэнтэй холбоотой санал гомдол зарим харилцагчдаас тань дуулдаж байна?

Шинэ системийн нэвтрүүлэлт, энэ дундаа онлайн үйлчилгээтэй банкны системийг бүхлээр нь шинэчилнэ гэдэг тухайн нөхцөл байдлыг тал бүрээс нь тооцоолж, нарийн төлөвлөж хийдэг, их цаг хугацаа шаардсан ажил л даа. Тухайлбал өөрийн банкны үйл ажиллагааны онцлогт тохируулан программд өөрчлөлт оруулах, тестлэх, мэдээлэл хөрвүүлэх, нэвтрүүлэлт хийх, нэвтрүүлэлтийн дараа жигдрүүлэх зэрэг  шат дараалсан олон ажлууд бий.  Бид өнөөдрийн байдлаар нэвтрүүлэлтээ хийгээд жигдрүүлэх хэсэгтээ явж байна. Дэлхийн улс орнуудын туршлагаас харахад Финаклсистемийг бүрэн нэвтрүүлж дуусахад хагас жилийн хугацаа шаардагдаж байсан тохиолдол ч байдаг. Харин Голомт банкны хувьд маш хурдтайгаар шинэ системийн үйл ажиллагааг жигдрүүлж байна. Мэдээж шинэ технологи нь өмнө нь хэрэглэж байсан, дадал болсон системээс нь өөрчлөгдөөд ирэхээр тухайн харилцагчдад таньж мэдэхээс эхлээд саад тулгарахыг үгүйсгэх аргагүй юм.

– Тэгэхээр яг үүнтэй холбоотойгоор танаас зарим нэг үйлчилгээний талаар тусгайлан тодруулах гэсэн юм. Жишээ нь системийн шинэчлэл хийгдсэний дараа интернэт банк руугаа нэвтрэхийн тулд, Нэвтрэх нууц үгээс гадна  Гүйлгээний нууц үг шинээр үүсгэх зэрэг өөрчлөлт орсон байсан. Олон нууц үгтэй болох хирээр үйлчилгээ хөнгөрөх биш улам бэрхшээлтэй болохгүй юу?

Голомт банк Монголд анх удаа Интернэт, Мобайл банк, Електрон банкны үйлчилгээг нэвтрүүлснээс хойш энэ үйлчилгээг авдаг харилцагчдын тоо эрс өсөж, зах зээл маш хурдацтай тэлж байна. Энэ нь бидний системээ шинэчлэх болсны нэг гол шалтгаан. Шинэ систем нэвтрүүлэхээс өмнө бид интернэт банкны үйлчилгээгээ өөрсдөө программчилж, хөгжүүлж ирсэн.

Бид одоогоор зөвхөн үндсэн хэсгийг нэвтрүүлчихээд байгаа. Ингэснээринтернэт банкны үйлчилгээ харилцагчдад илүү ойлгомжтой, хялбар, давуу талтай болох юм. Таны асуусан нэвтрэх болон гүйлгээний нууц үгийн хувьд энэ нь нэг талаар харилцагчийнсанхүүгийн аюулгүй байдлыг хангаж байгаа хэрэг бөгөөд нөгөө талдаа хойшид улам боловсронгуй болохын эхлэл юм. Жишээ нь утасны аппликейшнүүдшинэчлэгдэх бүртээ дахин ачаалахыг танд сануулдаг шүү дээ. Яг үүн шиг л манай банкны үндсэн бүртгэлийн систем шинэчлэгдэхдээ ирээдүйд улам олон үйлчилгээ үзүүлэх бэлтгэлийг хангаж, нэвтрэх болон гүйлгээний нууц үгээ шинэчлэх хүсэлтийг харилцагчиддаа тавьсан хэрэг.

Түүнчлэн өмнө нь интернэт банкны хувьд байгууллага, хувь хүн гээд бүхий л харилцагчиддаа  ижил үйлчилгээг хүргэдэг байсан бол харин одоо хувь хүн,  байгууллага гээд тусад нь хөгжүүлж байна.Байгууллагын хувьд эрхийн зохицуулалтыг өөрсдөө хийдэг болох, хувь хүмүүс данс, карт онлайн нээх, хугацаа сунгах, банкны бусад үйлчилгээний хүсэлтүүдээ онлайнаар оруулан шийдвэр гаргуулах, кредит карт болон хэрэглээний зээлээ онлайнаар хүсэлт гарган шийдвэрлүүлэх гэх мэт давуу талтай болно. 

– Түүнчлэн зарим хадгаламжийн дансанд өөрчлөлт орсон байсан. Би өөрийн хугацаатай хадгаламжаа хэрэгцээтэй үедээ хугацаагүй хадгаламж болгон өөрчилдөг байсан.  Гэтэл энэ үйлчилгээг авч болохоо байсан нь ямар учиртай юм болоо?

Үйлчилгээ авч болохоо байсан хэрэг биш юм. Хугацаатай хадгаламж бол тодорхой хугацаанд банкинд мөнгөө өндөр хүүтэй хадгалуулж хуримтлал үүсгэх зорилготой, харин хугацаагүй хадгаламж бол хэдийд ч зарцуулж болохоор банкинд түр байршуулж байгаа мөнгө. Энэ хоёр өөр зорилго бүхий бүтээгдэхүүнийг тусдаа данстай байхаар салгаж өгснөөр бүтээгдэхүүний онцлог бүрт тохирсон нэмэлт үйлчилгээнүүдийг үзүүлэх боломжууд бүрдэх юм. Бид удахгүй харилцагчиддаа энэ чиглэлээр олон шинэлэг үйлчилгээг үзүүлэхээр ажиллаж байна. 

Жишээлбэл харилцагч хугацаатай хадгаламжтай байгаад гэнэтийн мөнгө шаардлагатай болох үед хадгаламжийн хугацаагаа цуцлаад,  хугацаагүй хадгаламжаасаа бага хүү авдаг байсан бол одоо хугацааг нь бүхэлд нь цуцлахгүйгээр хэрэгцээтэй мөнгөө аваад зөвхөн тэр дүндээ бага хүү бодуулж үлдсэн дүндээ өндөр хүүгээ бодуулах боломжтой болно. Мөн хугацаагүй хадгаламжнаас зөвхөн банкин дээрээс бэлэн мөнгө авдаг, орлого хийдэг байсан бол удахгүй цахим сувгуудаар банкны бүх төрлийн үйлчилгээг авах боломжтой болно гэх мэт шинэ систем нэвтрүүлэлттэй холбоотой шинэлэг үйлчилгээнүүдийг үзүүлэх юм. 

– Иргэдийн хувьд өөрийн санхүүгийн зохицуулалтаа хийгээгүй байхад зээлийн төлөлтийг данснаас нь шууд татчихсан байна гэсэн гомдол гаргаж байсан. Зээлийн эргэн төлөлтөнд ямар өөрчлөлт орсон бэ?

Харилцагчдын хувд янз бүрийн шалтгаанаар зээлийн дансандаа хуваарийн дагуу мөнгө хийх боломжгүй байх үе бий. Үүнийг бид үндсэн дансанд  холбох замаар  зохицуулалт хийж байна. Үндсэн  данс гэдэг маань тухайн харилцагч  хувийн болон бизнесийнхээ санхүүгийн үйл ажиллагааг нэг дансаар төвлөрүүлэн удирдах, өдөр тутмынхаа төлбөр тооцоог хялбар гүйцэтгэх боломжийг олгох зорилготой харилцах дансны үйлчилгээ юм.

Та банкны зээлтэйгээ үндсэн дансаа холбосноор систем таны зээлийн төлөлтийг гэрээний график дагуу тухайн данснаас суутган авах юм.  Харин бид үндсэн дансанд нь дебит картыг нь холбож өгч байгаа. Ингэснээр харилцагч заавал банкинд ирэхгүйгээрзээлийн төлбөрөө сар бүр банкин дээр ирэхгүйгээр үндсэн данснаасаа графикын дагуу автоматаар төлөх, кредит карт, бүх төрлийн банкны баталгаа, аккредитив авах,  картынхаа  тусламжтайгаар хадгаламжийн дансаа сунгах, цуцлах, урьдчилсан хүүт хадгаламжийн хүүг сар бүр шилжүүлэн авах, зээлээ үндсэн дансаараа дамжуулан авах, гадаад гуйвуулга хийх, валют арилжаа хийх зэрэг олон давуу талтай.

-Тэгэхээр иргэд банкны үйлчилгээ, санхүүгийн бүхий л зохицуулалтаа  өөрсдөө хийдэг болох нь ээ?

Тиймээ. Энэ бол дэлхийн чиг хандлага, бидний тавьж байгаа зорилго. Үүний илрэл болж манай харилцагчид бэлэн болон бэлэн бус бүх төрлийн гүйлгээг өөртөө үйлчлэх банк, интернэт болон мобайл банкны тусламжтайгаар гүйцэтгэх боломжтой болж байна л даа. Өөрөөр хэлбэл зээлээ бэлнээр төлөх боллоо гэхэд заавал банк орохгүйгээр,  манай банкны өөртөө үйлчлэх CDM машин ашиглан үндсэн дансандаа төлбөрөө хийхэд систем тухайн зээлийн эргэн төлөлт хийгдэх хуваарьт өдөр таны үндсэн данснаас зээл болон хүүг суутган авах юм. Бид өөртөө үйлчлэх CDM машины тоог байнга нэмэгдүүлж байгаа бөгөөд удахгүй дахин 20 машин Улаанбаатар хотод суурилагдах болно.

– Манай нэг уншигч Голомт банкны харилцагчаар бүртгүүлэх гэж удаан хүлээсэн тухай ярьж байсан. Үйлчилгээний хурд удааширч байгаа нь юутай холбоотой вэ?

Үүнд хоёр шалтгаан бий.Нэгдүгээрт бид харилцагчийн үйлчилгээний CRM систем нэвтрүүлсэн бөгөөд үүнд харилцагчийн талаарх бүхий л  мэдээлэл  бүртгэгдэнэ.  Ингэснээр тухайн харилцагчид илүү уян хатан чанартай үйлчилгээ үзүүлэх, санхүүгийн зөвөлгөө өгөх, бүтээгдэхүүн санал болгох, хөнгөлөлт урамшуулалд хамруулах, цахим мэдээллээр хангах зэрэг олон боломжийг бий болгох зорилготой. Нэг ёсондоо бид тухайн харилцагчийн мэдээллийн санг бүрдүүлэх зорилготой бүртгэл хийж байгаа учир шинэ харилцагчдын маань хувьд өөрийн тухай мэдээллийг ердөө ганцхан удаа үнэн зөв, тодорхой  өгөхөд болно. Асуултанд хариулахад зарцуулж байгаа цаг хугацаанаас болж  хүлээгдэх асуудал гарч байгаа.

-Тэгэхээр  танай банкны  шинээр нэвтрүүлсэн Финакл систем нь харилцагчиддаа олон шинэ давуу талыг олгох нь ээ. Харин банкны найдвартай,  тасралтгүй үйл ажиллагааг хир хангаж чадсан систем бэ?

Технологийн талаас нь авч үзвэл Финакл систем нь орчин үеийн банкны системийн шаардлагад нийцсэн технологийн  бүхий л шийдлийг өөртөө агуулсан систем юм. Нээлттэй платформ, 24/7 горимд тасралтгүй ажиллах дэд бүтэц, SOA архитектур, Жава технологи бүхий вэб суурилсан програм хангамж юм. Үүнээс гадна программын тодорхой хэсгүүдийг загварчлах, программчлах боломж бүхий нэмэлт түүл програмуудтай, ингэснээр банкинд шаардлагатай засвар өөрчлөлтийг бид өөрсдөө хийх боломж бүрдэж байгаа юм.

– Голомт банк  Инфосис компанитай хамтран бүтэн жил хагасын хугацаанд хамтарч ажиллажээ. Та бүхний цаашид хийхээр төлөвлөсөнажлаасаа хуваалцвал? 

Биднийг хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөсөн олон дэд төслүүд хүлээж байна. Тухайлбал  кастодиан банк, хөрөнгө оруулалтын банкны үйлчилгээнүүд, мобайл төлбөрийн систем, харилцагчийн хөнгөлөлт урамшууллын систем гэх мэт Монголд анхдагч олон үйлчилгээг бид шинэ системийнхээ тусламжтайгаар нэвтрүүлэх болно.

– Та бүхэн манай сониноор дамжуулан харилцагчиддаа хандаж юу гэж хэлмээр байна?

Юун түрүүндГоломт банкны харилцагчиддаа шинэ систем нэвтрүүлэлтийн үед гарч байгаа бэрхшээлийг зөвөөр ойлгож, бидэнд үнэн бодит мэдээлэл өгч, санал бодлоо хуваалцаж байсанд талархал илэрхийлье. Харилцагчдын маань зүгээс ирүүлсэн санал бүхний дагуу Инфосис компанийн мэргэжилтнүүд болон манай хамт олон шаргуу ажилласны үр дүнд цөөн тооны онцгой тохиолдлоос бусад асуудлыг бүрэн шийдвэрлэж хэвийн ажиллагааг ханган ажиллаж байна.  Харилцагчдынхаа энэ итгэлийн хариуд бид үргэлж шилдэг, найдвартай бүтээгдэхүүн үйлчилгээг зориулахын төлөө улам хичээн ажиллах болно гэдгээ илэрхийлмээр байна.

– Бидэнтэй ярилцсанд баярлалаа. Та бүхний ажил үйлст амжилт хүсье.

 

Эх сурвалж: "ӨНӨӨДӨР" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж