Мөн энэ далимд онц байдлын үеэр цагдаагийн албан хаагчдыг удирдан зохион байгуулсан Цагдаагийн ерөнхий газрын дарга асан, хошууч генерал Ч.Амарболд, Нийслэлийн цагдаагийн газрын дарга асан, цагдаагийн дэд хурандаа О.Зоригт, Хэв журмын хэлтсийн дарга асан, цагдаагийн дэд хурандаа Г.Ганбаатар, Эргүүл хамгаалалтын газрын дарга асан, цагдаагийн хурандаа Ш.Батсүх нарт холбогдох Эрүүгийн хуулийн 263.2 буюу “Албан тушаалаа урвуулан ашигласны улмаас их хэмжээний хохирол, хор уршиг учруулсан” хэргийг ч Өршөөлийн хуульд хамруулан хэрэгсэхгүй болгох, долдугаар сарын 1-нд хамгаалалтад ажилласан Эргүүл хамгаалалтын газрын зургадугаар тасгийн албан хаагчид болох Я.Хорлоорембүүчий, Д.Төмөрбаатар, Ү.Даржаа, Ю.Ганбат, А.Ууганбаяр, Б.Батцэрэн, Н.Ариунболд нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.1 буюу “Хүндрүүлэх нөхцөлгүйгээр хүнийг санаатай алсан” гэх хэргийг хэрэгсэхгүй болгох шийдвэрийг өнгөрөгч хоёрдугаар сард прокурорын байгууллагаас гаргасан.
Хэрэгсэхгүй болгосон үндэслэлээ цагдаагийн ажилтнууд галт зэвсэг хэрэглэсэн, буудсан гэдгээ хүлээсэн боловч хэний буудсан суманд хэн гэдэг хүн оногдсоныг тогтоож чадаагүйн учир гэмт хэргийн үйлдэл болоод хохирлыг нэгбүрчлэн тогтоох тухай эрүүгийн байцаан шийтгэх зарчмыг баримталсан хэмээн тайлбарлаж байгаа. Гэвч үүнийг тогтоох нь хуулийн байгууллагынханд тийм хүнд байсан уу, яагаад энэ хэрэг одоо болтол шийдэгдэхгүй байна вэ гэдэг асуултын хариулт болж магадгүй нэгэн тэмдэглэлийн хэсгээс бид нийтэлж байна. Долдугаар сарын 1-ний өдөр, мөн үүнээс хойш ч гэсэн Эргүүл хамгаалалтын тасагт ажиллаж байсан цагдаагийн ажилтны энэ тэмдэглэлд тухайн өдрүүдэд яг ямар үйл явдал болж, цагдаагийнхан өөрсдийн ул мөрийг баллахын тулд хэрхэн ажилласан талаар тодорхой өгүүлсэн байгаа. Мэдээж тэмдэглэлийн эзний нэр ус болон энд дурдагдсан хүмүүсийг аюулгүй байдлын үүднээс цагдаагийн ажилтнуудын цолыг бичээд нэрийнх нь оронд “Тэр” хэмээн бүрхэгдүүлсэн болно. Харин тэмдэглэлийн доторх агуулгад ямар нэг засвар, нэмэлт тайлбар оруулаагүй, үг үсэгчлэн буулгасан гэдгийг бас хэлэх хэрэгтэй.
Тэмдэглэлд,
…д/х /дэд хурандаа.сурв/ “Тэр” долдугаар сарын 3-нд ирэхдээ биднийг “Үнэнээ хэл” гэсэн учир би тэмдэглэл хөтлөв.
2008 7 дугаар сарын 2
-Дарга нар өрөөндөө нэг нэгээр нь оруулж “Гадаад яамны урдаас хойш чигт, цэнхэр өнгийн суудлын машин маш хурдтай гарч ирээд халуун сав барьсан настай эрэгтэй хүн биднийг буудаад байна гэж хэлсэн” гэж хэлээрэй гэв. д/х С.Даржаа дарга яг ингэж хэлээрэй гэсэн.
-х/а /хурандаа.сурв/ Батсүх дарга, бүх бүрэлдэхүүнтэй ганцаарчилж уулзаад “Сургуулийн сумаар бүгд дээш буудсан, Бидний өөдөөс хүмүүс буудсан гэж хэл” гэсэн. Тасгийн дарга д/х "Тэр" ч үүнийг дэмжсэн.
-д/х "Тэр"-ийг буудахыг д/а /дэд ахлагч.сурв/ “Тэр” харсан. Өндөр давхрын дэргэд хоёр удаа буудсан гэж “Тэр”, “Тэр”-ний дэргэд хэлсэн.
2008 7 дугаар сарын 3
-а/а /ахлах ахлагч.сурв/ "Тэр": д/х “Тэр”-тэй хамт явахдаа би нэг залуугийн хөлд чиглүүлж буудсан. Тэр хүн дороо дэвхцээд байсан, би оноогүй байхаа гэж ярьсан. Харин энэ байдлыг зэвсгийн мастер а/а /ахлах ахлагч.сурв/ Батдорж мэдэж байх юм, яаж мэддэг байна аа гэж ярьсан. Энэ бүхнийг ярьж байхад “Тэр”, “Тэр”, “Тэр” бид дөрөв өдрийн хоол ангийн гуанзанд идэж байсан юм.
-Энэ өдөр ангийн үүдэнд хоёрдугаар тасгийн хэдэн цагдаа байсан. Цагдаа “Тэр” ярихдаа: “Ангийн захирагч х/а "Тэр"-ийг машин дотроосоо буугаар нэг хүүхдийн хэвлийд нь буудаж унагахыг харсан. Сайн бууддаг юм билээ гэж” ярьсан.
-х/а "Тэр"-ийн сууж явсан эргүүлийн алаг машины баруун гадна талын баруун /буруу талт/ толь жижиг бууны мөр гарч, хагарсан байсан. /Польш аяга цоорсон байсан/. Үүнийг а/х /ахмад.сурв/ "Тэр" хараад, манай тасгийн бүх хүмүүсийг байхад “Энэ толийг солихгүй яасан юм бэ” гэж байсан.
-а/а "Тэр" гуай: Явж явж буу сум тавьж олгосноороо би буруудах юм байна л даа гэж “Тэр”, “Тэр” бид хэдэд хэлсэн.
-д/х “Тэр”: х/а "Тэр"-ний хэлснээр худал хэлээд хэрэггүй! Сургуулийн сумаар гэж хэлээд хэрэггүй! Амарболд даргатай уулзахаар "Тэр" явсан. Тийм учир бүгд үнэнийг ярь!
2008 долдугаар сарын 4
-Гэртээ байж байтал д/а /дэд ахлагч.сурв/ “Тэр” 8 цаг 45 минутад утсаар “Бид хөдөллөө, буудсан сумнуудаа түүгээд авсан байна. Одоо сургуулийн сум гэж хэлэх болсон шүү” гэж хэлэв.
-Анги дээр 13 цагт тасгийн дарга д/х "Тэр" бидэнд буудсан сургуулийн хонгио өгч, самуун гарсан газарт сэм хая гэж үүрэг өгөв. Бас мэдүүлэг өгөхдөө сургуулийн сумаар буудсан гэж хэл гэв. Тэр үед Нийслэлийн цагдаагийн д/х "Тэр": Сургуулийн сумаар буудсан гэж хэл, прокурорт үг алдаж бусдыгаа алав гэлээ.
-Энэ өдөр 6-р тасгийн а/а "Тэр", а/а "Тэр", жолооч "Тэр", д/а /дэд ахлагч, сурв/ "Тэр", а/а "Тэр" нар жижиг буутай байсан. Гэвч битгий хэлээрэй гэж үг хэлээ уулзаж нийлүүлэв. Хар машинтай хүмүүс өөдөөс буудсан гэж хэлээрэй гэв.
-”Тэр” үлдсэн сумыг тоолж аваагүй шүү дээ гэхэд х/а "Тэр" “Бүгдийг нь шүршсэн гэж хэлэхгүй юу гэсэн гэв. /Энэ үед УБЗ 40 59 дугаарын хөх алаг машин толио сольсон байв/.
-8 цаг 50 минутанд а/х “Тэр” утасдаж “Сургуулийн сум авсан гэдэг дээр яаралтай ирж гарын үсэг зур, тэгээд гэртээ харихгүй юу” гэв.
2008 7 дугаар сарын 18
-23 цагт д/х "Тэр", х/а "Тэр" нар та нар хоригдож байцаагдана. Өөрсөндөө эргэлзэж байгаа хүн байвал хэлээрэй, буунуудыг чинь янзалчихна гэв.
2009 оны 5 дугаар сарын 30
-а/а “Тэр” 11 цаг 30 минутанд утсаар “Тэр”-тэй уулзъя гээд Дуурийн театрын урд ирж уулзсан. х/а “Тэр” явууллаа. Чи найз нь юм чинь очоод уулз, надтай юм ярихгүй байна гэв. …”Тэр”-нийг прокуророос дуудаж магадгүй. “Тэр”-ний өгсөн мэдүүлэг их эвгүй юм байна гэж “Тэр” дарга хэлж байна. “Тэр”-энд прокурор дуудвал би ийм мэдүүлэг өгөөгүй гээд гүрийчих гээд хэлчих…
Долдугаар сарын 1-ний өдөр үүрэг гүйцэтгэсэн Эргүүл хамгаалалтын зургадугаар тасгийн албан хаагчдын дундаас зарим нь ийм тэмдэглэл хөтөлсөн байна. Ингэхээр цагдаагийнхан, тэдний удирдлагууд галт зэвсэг хэрэглэсэн ул мөрөө баллахын тулд нэлээд арга хэмжээ авсан бололтой. Магадгүй энэ тэмдэглэл одоо хуулийн байгууллагуудаас хэн нэгнийх нь гарт хэдийнээ хүрсэн биз. Энэ тэмдэглэл нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэх эсэх, тэмдэглэл хөтөлсөн хүн хэн бэ гэдгийг хэлэх, ялангуяа тэмдэглэлийг бүрэн эхээр нь нийтлэх боломжгүй ч болсон явдлын талаар нэлээд үнэмшилтэй дүр зургийг бидэнд үзүүлж байгаа юм.
А.Чандмань