Харьцангуй залуугаараа нас барж байна

Хуучирсан мэдээ: 2010.07.01-нд нийтлэгдсэн

Харьцангуй залуугаараа нас барж байна

Эрүүл мэндийн салбарт цогц шинэчлэлтийн бодлого хэрэгжүүлэхээр болж, түүнийг танилцуулахаар ЭМЯ-ны удирдах ажилтнууд сэтгүүлчидтэй зангиагүй уулзалт хийсэн юм. Эрүүл мэндийн сайд С.Ламбаа яамныхаа газар, хэлтсийн дарга нартай уулзалтад оролцож тус салбарын өнөөгийн байдал, ирээдүйд хийх ажлын талаар ярилаа. Тус яамнаас  энэ оныг Эрүүл мэндийн салбарын цогц шинэчлэлийн жил болгон зарласан юм байна.

ХХI зуунд эмчгүй сум байсаар

Эрүүл мэндийн яамны удирдлагууд хүний нөөцийнхөө талаар танилцуулах үед гурван аймагт эмч байхгүйг хэллээ. Итгэхэд бэрх ч ХХI зуун гараад 10 жил өнгөрч байхад Монгол Улсад ор тас эмчгүй сум байдаг ажээ. Говь-Алтай аймгийн Бугат, Завхан аймгийн Баянхайрхан гэж улсын баруун урд, баруун хойд хилийн хоёр сум эмчгүй гэнэ. Гэтэл Төв аймгийн Дэлгэрхаан гэж улсынхаа төвд шахам орших сум бас эмчгүй аж. Хэдийгээр эмчтэй ч 120 гаруй сум, сум дундын эмнэлэг стандартын төвшин хангаагүй, нийслэл хотод өрхийн эмч дутагдах хандлагатай болсон, ерөнхий мэргэжлийн болоод төрөлжсөн мэргэжлийн эмчийн харьцаа алдагдсан гээд хүний нөөцийн талд гажуудал үүсчээ. Уг нь дэлхий нийтийн стандартаар нэг их эмчид 3-4 сувилагч ногдох ёстой атал манайд энэ харьцаа 1:1,3 болжээ. Бараг л нэг эмч ганц сувилагчтай гэсэн үг. Яваандаа сувилагчгүй эмч сууж байж мэдэхээр тийм хэмжээнд дөхөж очжээ.

Их эмч нарын дотор ерөнхий мэргэжлийн эмч дийлэнх байх ёстой атал манайд төрөлжсөн нарийн мэргэжлийн эмч 80 хувьд хүрчээ. “Үнэхээр баруун, зүүн чихний эмч гэдэг шиг хэт төрөлжсөн” гэж эмч нар хэлж байв. Эмч нар хэт нарийн мэргэшээд ирэхээр өрхийн эмнэлэг, сумдад ажиллах боловсон хүчин дутагддаг юм байна.
Эрүүл мэндийн сайд энэ онд 123 тоот тушаал гаргаж зарим албан тушаалын үндсэн цалинг нэмэгдүүлэх эрх олгожээ. Хамгийн хүнд, эмч очих дургүй тийм албан тушаалын цалинг нэмж буй аж. Эмгэг судлаач эмч, түүний туслах, эмгэг судлалын лаборант, хүүхэд, нярайн эмч, сувилагч, сүрьеэгийн эмч, сувилагч, яаралтай тусламжийн эмч, сувилагч, мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний эмч, сувилагч, эх барих эмэгтэйчүүдийн эмч, эх баригч зэрэгт ийм нэмэгдэл олгож байхаар болжээ.

Арван мянган хүнд ногдох их эмч улсын дунджаар 26,4 байгаа бол нийслэлд 39,6, хөдөө аймгуудад 17,4 эмч оногдож буй ажээ. Эндээс Улаанбаатарт улсын дунджаас олон, хөдөөд цөөн эмч байгаа нь харагдаж байгаа юм.

Монголчууд харьцангуй залуугаараа нас барж байна

Уулзалтын үеэр сэтгэл эмзэглэмээр баримтуудыг эмч нар хэлж байлаа. Монголчуудын дунд 15- 60 хүртлэх насандаа эндэж буй хүн нийт нас барагсдын 45,8 хувийг эзэлдэг аж. Пост социалист орнууд буюу манайхтай ижил хөгжлийн шат туулсан орнуудтай харьцуулахад энэ нь маш өндөр үзүүлэлт юм байна. Монголчууд ийнхүү харьцангуй залуугаараа нас бардгаараа хуучин социалист байсан орнуудаасаа тэргүүлжээ. Архи, тамхины хэтэрсэн хэрэглээ, эрүүл бүс хоол хүнс, хөдөлгөөний хомсдол зэргээс шалтгаалсан халдварт бус өвчний гаралт нэмэгдсэн байна. Өнөөдрийн байдлаар зүрх, судасны өвчин, хорт хавдар зэрэг халдварт

бус өвчин Монголын хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаан болсныг судалгаа харуулжээ. Насанд хүрэгсдийн дундаас нас барсан хүмүүсийн 86 хувь нь халдварт бус өвчнөөр өөд болсон байна.

Байдал ийм болсон учир хүн амын нас баралтын үндсэн шалтгаан болсон халдварт бус өвчнөөс сэргийлэх, нас баралтыг бууруулах зорилгоор АНУ-ын Мянганы хөгжлийн сангийн санхүүжилтээр эрүүл мэндийн томоохон төслийг Монгол Улсад хэрэгжүүлж эхлээд байгаа юм. Гэхдээ хэрэгжилт нь удаан байгааг эрүүл мэндийн салбарынхан хэлж байлаа.

Өөр нэг түгшүүртэй мэдээлэл нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гаргасан тооцоогоор ирэх 10 жил буюу 2011-2021 онд халдварт өвчний гаралт нэмэгдэхээр байгаа ажээ. Тиймд нийслэл, аймгуудад халдварт өвчнөөс сэргийлэх албад байгуулахаар болжээ.

Эрүүл мэндийн салбарынхан 2009-2010 онд зарим шинэ ажлыг эхлүүлжээ. Тухайлбал, Хууль зүй, дотоод хэргийн яам, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамтай хамтран Гэмтэл согог судлалын үндэсний төв, нийслэлийн Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн нэгдэл, Шүүх эмнэлэг дээр бэлгийн болон гэр бүлийн хүчирхийлэлд өртөгсдөд зориулсан нэг цэгийн тусламж үйлчилгээ бий болгож, тусламж үйлчилгээний түр журам батлуулан ажиллаж эхэлжээ.

Хонгор хордоогүй юү?
Дархан-Уул аймгийн Хонгор сумынхан химийн хорт бодист хордон, одоо тийм шалтгаанаар 65 хүн нас бараад байгааг сэтгүүлчид хэлж хариу авахыг хүссэн ч эмч нар Хонгор хордоогүй хэмээн “тас гүрийсээр” байлаа.” Тууралт 99 төрөл байдаг. Түүнийг нарийн шинжилгээгээр тогтоодог. Сэтгүүлчид хамуу, тэмбүү мөн бишийг ялгаж, хорт хавдрыг оношилчихдог ч юм биш” гэсэн үг эмч нарын амнаас дуулдсан.  Тэд Хонгор сумынхан хордоогүй, өвчлөлтийн байдал ч улсын дунджийн хэмжээнд байгаа гэцгээж байлаа. Гэвч нутгийн иргэд хордсон тухайгаа хэлж, уулзалтаас хойш ч бас нэг залуухан эмэгтэй хорт хавдраар өөд болжээ.

Эмчийн ёс зүй гар утасны дуунаас эхэлнэ
Эрүүл мэндийн даатгалыг цогцоор нь шинэчлэхээр Засгийн газраас Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж УИХ-д өргөн мэдүүлэхэд бэлэн болсон байна. С.Ламбаа сайд энэ онд хөдөө дуудлагаар явдаг яаралтай тусламжийн бүх автомашинаа жип болгож шинэчилж чадсандаа баяртай байгаагаа сэтгүүлчдэд дуулгасан юм. Цаашлаад энэ салбарт нисэх онгоц хэрэгтэйг ч хэлээд авав. Эрүүл мэндийн яаманд эмч, эмнэлгийн ажилтнуудын зан  харилцааны талаар гомдол их ирдэг юм байна. Тиймээс эмч, сувилагч нараа ёс зүйтэй байлгах талаар олон ажил  хийхээр төлөвлөж сургалтад хамруулж эхэлжээ.  Яамны ажилтнуудын хүнд суртал ч хэрээс хэтэрснийг сэтгүүлчид хэлсэн. Гадаадын хөгжилтэй орнуудад бол эмээр эмчлэхээсээ өмнө сэтгэл зүйн засал хийдгийг манай эмч нар анхаарах цаг болсон гэж Эрүүл мэндийн сайд хэлж байв. Тэрбээр аль нэг эмч,  эмнэлгийн талаар шүүмжлэлтэй материал хэвлэлд нийтлэгдвэл тухайн салбарын дарга нарт хариуцлага тооцохоор болсноо сэтгүүлчдэд хэлсэн юм. Эрүүл мэндийн салбарт ажилладаг хүн бүр жижиг гэлтгүй олон асуудалд анхаарч байх хэрэгтэйг ч ярьсан юм. Бүр гар утасны дуунаас эмчийн ёс зүй эхэлнэ гэж С.Ламбаа сайд ярьж байлаа. Өвчинд шаналсан, эсвэл ойр дотнын хайртай хүнээ нас баруулсан хүн эмч рүү залгатал өөдөөс нь элдэв янзын дуу эгшиглээд байвал сайхан санагдахгүй. Хэдийгээр ямар ая утсандаа татах нь тухайн хүний эрх боловч эмч хүн ёс зүйгээ бодоод арай өөрөөр хандах хэрэгтэй гэж сайд хэлж байлаа.

Хуурамч эмтэй стратегиар тэмцэнэ
Эм, эмийн бүтээгдэхүүний хууль эрх зүйн  орчинг боловсронгуй болгох, хууль бусаар эм импортлох, худалдаалах үйл ажиллагаатай тэмцэх, эмийн лабора­торийн  хүчин чадлыг нэмэгдүүлэх, до­тоо­дын эмийн бүтээгдэхүүний чанарыг сайжруулах, хуурамч эмтэй тэмцэхэд иргэд бусад салбарын оролцоог хангах зорилгоор Хуурамч эмтэй тэмцэх үндэсний стратегийн төслийг боловсруулж  Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлсэн нь сайшаагджээ.  Мансуурах болон Сэтгэцэд нөлөөт эмийн хууль бус эргэлттэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийг  холбогдох яам , агентлагийн төлөөлөл оролцуулан  байгуулаад ажиллаж буй аж. Эмнэлгийн мэрэгжилтнүүдийг бэлтгэх  үйл ажиллагааг эрүүл мэндийн салбарын  хүний нөөцийн хэрэгцээтэй уялдуулахаар болжээ.

 БСШУЯ-тай хамтран  эмч эмнэлгийн мэргэжилтэн бэлтгэдэг сургуулиудыг аттестатчилах төдийгүй мэргэжлийн боловсролын  стандартуудыг боловсруулах аж. Өндөр хөгжилтэй оронд урт , богино хугацаагаар мэргэшүүлэх  эмнэлгийн мэргэжилтний тоог нэмэгдүүлэхийг зорьж өрх, сумын эмч бэлтгэх асуудлыг судлан  шийдвэрлэхээр болжээ. Бас сувилагчдын шаталсан  сургалтын тогтоолцоог  бий болгох  юм байна. Аймаг  бүрт  Засаг даргаар ахлуулсан  эрүүл мэндийн  хүний нөөцийн  зохицуулах зөвлөл  зохион байгуулах зэрэг олон ажил хийхээр төлөвлөснөө Эрүүл мэндийн яамныхан сэтгүүлчдэд танилцууллаа. Төлөвлөсөн ажлын үр дүн хэр байгааг С.Ламбаа сайд дараагийн  зангиагүй уулзалтаар танилцуулахаа амлаласан юм.

                Д.ОЮУНЦЭЦЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж