Хуучирсан мэдээ: 2010.07.01-нд нийтлэгдсэн

Өнөөдөр долдугаар сарын 1. Уг нь бол жилийн 365 хоногийн дотор хэн ч анзааралгүй урсаад өнгөрдөг жирийн л өдөр байлаа, 2008 он хүртэл. “Хар” өдөр хэмээн Монголын түүхэнд тэмдэглэгдэх болсон 2008 оны долдугаар сарын 1 нд юу болсон бэ? 

Үүнээс гурав хоногийн өмнө болсон парламентын сон­­гуулийн дүн будилаантай болсон гэж үзсэн улс төрийн хүчнүүдийн зохион байгуулсан сонгогчдын цуглаан даамжран, үймээн болсон. Таван эрдэнэт хүний амь үрэгдэж, 700 гаруй хүн баривчлагдан саатуулагдаж, МАХН-ын байр, тэнд түрээсээр ажиллаж байсан байгууллага, аж ахуйн нэгж, Уран зургийн галерей, Морин хуурын чуулга зэрэг олон байгууллагын өмч хөрөнгө сүйдсэн. Саатуулагдсан 700 хүнээс 200 гаруй нь шүүхээс ял сонссон. Гэхдээ ял сонссон хүмүүсийн гэм буруутайг шүүх хангалттай нотлоогүй гэж дийлэнх олонх үздэг. Монгол­чуудын хоёр жилийн турш хангалттай уншиж, сонссон эдгээр өгүүлбэрийг дахин нур­­­шин бичихээс өөр арга байсангүй. Яагаад гэвэл хэвлэл бол хойч үедээ үлдэх түүхийн хуудас юм.

 Энэ өдрийн үйл явц, үр нөлөөг олон хүн өөр өөрийн байр сууриас харж, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ч өөр өөрийн өнцгөөр үнэлж, дүгнэсээр байгаа. Гэмгүй хүмүүсийн амь эрсэдсэн, олон хүн шийтгүүлж амьдрал нь орвонгоороо эргэсэн, эд материалын хохирол амссан, шударга бус сонгууль  болсныг нотолсон гээд энэ хэргийн эргэн тойронд эцэс төгсгөлгүй ярих олон сэдэв бий. Энэ үйл явдлыг нам хүчин, улстөрчид юу ч гэж өөрсдийн эрх ашигт нийцүүлэн тайлбарласан эндээс харагдах цорын ганц үнэн бол монголчуудын дийлэнхийн  үгээгүй ядуу амьдрал, үүнээс үүдсэн бухимдал. Хэрэв бүх зүйл байх ёстой байрандаа байсан бол хэн ч турхираад МАХН-ын байрыг шатаах гэж очих хүн байхгүй.

Энэ өдрөөс үүдэн бидэнд олон гай нүүрлэсэн.  Гэхдээ хамгийн гол нь монголчуудын цээжний гүнд хадгалаастай байсан айдсыг сэрээсэн. Нийгмийн өөр тогтолцоотой байсан 1990 оноос өмнө төр, түүнийг төлөөлөгч МАХН-ын өөдөөс дуугарч болдоггүй, үзэл бодлоо шууд илэрхийлж чаддаггүй, тухайн нийгмийг магтан дуулаагүй бол эвлэлдэн нэгдэж болдоггүй, хувиараа хөдөлмөр эрхэлж мөнгөө олж баяжиж болдоггүй, энэ олон болдоггүй хориог зөрчвөл эрх чөлөөгөө хасуулж хаа нэгтээ цөлөгдөх, эсвэл шоронд ял эдэлж, насаараа хар дансанд бүртгэлтэй эсэргүү болдог байлаа. Энэ олон болдоггүй хориог ерөнхийдөө “нийгмийн айдас” хэмээн тодорхойлдог байв.

 1990 оноос хойш Монголын нийгмийн тогтолцоо тоталитар дэглэмээс ардчилсан тогтолцоонд шилжин, шинэ Үндсэн хуульд зааснаар монголчууд эвлэлдэн нэгдэх, хэвлэн нийтлэх, үг хэлэх эрх чөлөөг эдэлж эхэлсэн. Хүний үндсэн эдгээр эрхчөлөөг эдэлж эхэлснээр монголчуудад өмнө байсан “айдас” аажмаар арилж эхэлсэн. Энэ “айдас”-ыг огт мэддэггүй шинэ үе өсч бойжсон. Харин долдугаар сарын 1-ний хэрэг явдал оюун ухаанаасаа “айдас”-аа бүрэн арчиж чадаагүй байсан хижээл болоод ахмад настнуудын “айдас”-ыг сэрээсэн бол үүнийг огт мэдэхгүй залуу үед “айдас”-ыг шинээр суулгаж өгснөөрөө хамгийн хор хөнөөлтэй юм. “Айдас”-аар дамжуулан төрийн төмөр нүүрийг мэдэрсэн залуу үе хүний зөнгөөрөө төрийн эсрэг дуугарч чадахаа больж байна. Гэтэл төр гэдэг маань бидний хармаанаас татвар нэрээр татаж хураасан мөнгөөр бидэнд үйлчлэхээр сонголтоо хийсэн хүмүүс төдий шүү дээ.

Долдугаар сарын 1-ний хэргээр ял сонссон хүмүүсийн хэргийг шүүсэн шүүгчид хүртэл хүний үзэл бодлыг нухчин дарах оролдлого хийж, үзэл бодлоор нь ялласан гэж ойлгогдохоор  зүйлс УИХ-аас зохион байгуулсан нээлттэй сонсголын үеэр яригдаж байсан. Хажуу дахь хүнээсээс өөрөөр бодож, өөрөөр харсныхаа төлөө шийтгэл хүлээдэг тэр “айдас”-т цаг үе  ардчиллын замаар хорин жил замнасан Монголд давтагдаж байгаа нь эмгэнэлтэй. “Хар өдрийг” дурсч байгаа энэ өдөр “айдас”-ыг Монголын хөрсөнд дахин соёолуулахгүйн төлөө монгол хүн бүр бүхий л мэдрэмжээрээ тэмцээсэй гэж хүсч байна.

Д.НАРАНТУЯА   

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж