МИАТ ХК анх удаа өөрийн гэсэн агаарын хөлөгтэй болно

Хуучирсан мэдээ: 2010.03.09-нд нийтлэгдсэн

МИАТ ХК анх удаа өөрийн гэсэн агаарын хөлөгтэй болно

МИАТ хувьцаат компани энэ сарын 23-ны өдөр буюу Монгол Улсад иргэний
нисэхийн салбар үүсэн байгуулагдсаны 83 жилийн ойн баярын өмнөх өдөр
анх удаа өөрийн гэсэн агаарын хөлөгтэй болох гэж байна.

Тус компанийн санхүүгийн түрээсээр ашиглаж байсан тийрэлтэт
хөдөлгүүр бүхий Эйрбас 310-300 агаарын хөлөг энэ өдөр тус компанийн
албан ёсны өмч болж шилжиж ирэх юм.

1990 онд үйлдвэрлэгдсэн энэ агаарын хөлгийг МИАТ компани анх
1998 оны 5 дугаар сарын 22-ны өдөр AIFS компанитай байгуулсан гэрээний
дагуу санхүүгийн түрээсээр нислэгт ашиглаж эхэлсэн юм.

Эйрбас 310-300 агаарын хөлөг харьцангуй залуу, цаашид 10-20 жил ашиглах
боломжтой. Зорчигчийн суудлын тоо 216, үүнээс 27 нь бизнес, 189 нь
энгийн ангиллынх юм. Хөөрөлтийн дээд жин 153 тонн, нислэгийн хурд 850
км/цаг, алслалт 6500 км.

Энэ жил МИАТ ХК бие даасан аж ахуйн нэгж болсны 15 жил, Францын
Airbus компанитай хамтран ажиллаж эхэлсний 10 жилийн ой тохиож байгаа
бөгөөд энэхүү агаарын хөлгийг хүлээн авах ёслолын ажиллагаанд Франц
болон гадаадын бусад томоохон авиакомпанийн хүндэт зочид хүрэлцэн ирэх
юм.

Эдгээр үйл явдал зэрэг тохиохтой холбогдуулан МИАТ ХК-ийн 15
жилийн ойд зориулсан баярын хурал, хүндэтгэлийн концерт энэ сарын 23-нд
Соёлын төв өргөөнд болох ажээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж