Японы мэргэжлийн сүмогийн Нагоя башё өнөөдөр өндөрлөлөө. Тэмцээний сүүлийн өдөр буюу өнөөдөр мэргэжлийн сүмогийн 69 дахь Их аварга Хакүхо 70 дахь аварга Харүмафүжитэй/10-5/ барилдаж, давснаар 13 ялалттай башёд түрүүллээ. Их аварга Хакүхо М.Даваажаргал ийнхүү 30 дахь түрүүгээ хүртэж, домогт аварга Чиёонофүжи (31), Тайхогийн (32) нарын ард бичигдэж эхэллээ. Тэрбээр хамгийн анх 2006 оны гуравдугаар сард эзэн хааны цомыг хүртсэнээс хойш 30 удаа түрүүлж, Их аварга (Дэй Ёкозүна) гэдгээ батлан харуулсаар байна. Тэрээр одоо гурван түрүү авахад бүх цаг үеийн түүхэнд нэгдүгээрт бичигдэх юм.
Тэмцээний сүүлийн өдөр хүртэл 12 даваагаар Их аварга Хакүхотой тэргүүн байрын төлөө өрсөлдөж байсан Озэки Котошогикү Сэзкивакэ Гоэйдод ялагдлаа. Хэрвээ Озэки Котошогикү Гоэйдог давсан бол Хакүхотой нэмэлт барилдаан хийх байсан.
Энэ өдөр 71 дэх аварга Какүрюү М.Ананд Озэки Кисэносатог давж, 11 дэх ялалтаа авлаа. Озэки Кисэносато 9 даваа, 6 унаатай башёг өндөрлүүллээ.
Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 9 даваа авсан бол тэмцээний эхний өдрүүдэд 70, 71 дэх аваргуудыг ялаад байсан Египетийн Оосүнаараши 7 даваа, 8 унаатай 50 хувийн амжилтаа үзүүлж чадалгүй башёг өндөрлүүлэв.
Жюүрёод 13 даваатай Ичиножёо А.Ичинноров, 12 даваатай Гүржийн Точиношин нар тэргүүн байрын төлөө өрсөлдлөө. Тэд энэ өдөр хоорондоо барилдаж, Точиношин ялалт байгуулав. Хоёр бөхийн даваа адил 13 болж, нэмэлт барилдаанд Гүржийн Точиношин давснаар жюүрёод түрүүллээ. Жюүрёод Монголын бусад бөхчүүдээс Таканоива А.Баасандорж 12-3, Шёотэнро Д.Нямсүрэн 8-7, Асасэкирюү Б.Дашням 7-8, Сэйро А.Өнөболд 5-10 гэсэн үзүүлэлттэй башёг өндөрлүүлэв.
Мөн макүшита зиндаанд Сакигакэ Я.Баттүшиг 6-1, Рюүонами Б.Буянжаргал 6-1, Сэншёо Э.Баярбат 5-2, Гочёозан Д.Ууганбаатар 5-2, Дайшёохо Р.Шижирбаяр 4-3, Чиёошима Г.Мөнхсайхан, Такакасүга Э.Энхманлай, Ониараши Ө.Өлзийжаргал нар 3-4 гэсэн үзүүлэлттэй байна.
Санданмэ зиндаанд Аратоши В.Цэрэндорж 4-3, Дайонами Б.Ууганбаатар 4-3, Тайга С.Шаравнямбуу 0-7 бол Жонокүчи зиндаанд Садахикари Д.Наранцогт 4-3 гэсэн үзүүлэлттэй Нагоя башёг өндөрлүүлэв.
Ч.БОЛОР