Нийслэлийн аялал жуулчлалын газар, Нийслэлийн цагдаагийн газраас Монголын оюутны холбоотой хамтран “Оюутан цагдаа” хөтөлбөр тун амжилттай хэрэгжиж байгаа аж. Оюутан цагдаа нь жуулчдыг гэмт халдлагад өртөхөөс урьдчилан сэргийлэх, жуулчидтай холбоотой гарсан гэмт хэрэг зөрчлийг шуурхай шийдвэрлэх, тэдэнд шаардлагатай тусламжийг үзүүлэх үүрэгтэй аж. Хөтөлбөрт хамрагдах оюутнуудыг хэлний мэдлэгийг нь үндэслэн сонгон шалгаруулж, жуулчидтай хэрхэн зөв харьцах, тэдэнд асуудал тулгарвал яаж хуулийн дагуу шийдэх тухай ойлголт өгч, англи хэл, сэтгэл судлал, бие хамгаалах урлаг гэсэн хичээлийг мэргэжлийн багш нар зааж сургасан байна. Тус хөтөлбөрт өнөөдрийн байдлаар 83 оюутан Монголын оюутны холбооны таван ажилтан ажиллаж байгаа гэнэ.
М.ЯЛАЛТ