Хуучирсан мэдээ: 2014.07.25-нд нийтлэгдсэн

Зуны халуун өдрүүдтэй эн зэрэгцэж эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдал үргэлжилсээр байна. Үүний илрэл нь эдийн засаг дахь мөнгөний дутагдал буюу ”валютын хомсдол”. Ам.долларын урсгалыг нэмэгдүүлэх чиглэлээр нэлээдгүй ажил хийгдсэн, хийгдэж байгаа гэх боловч орж ирсэн валютын хэмжээ нь эдийн засгийг хүндрэлээс гаргах хэмжээнд хүрээгүй л байх шиг.

Тоо баримтаас харахад оны эхний 5 сард төлбөрийн тэнцлийн алдагдал -646 сая ам.доллар байгаа бол гадаадын шууд хөрөнгө оруулалт өнгөрсөн оны мөн үеэс 700 сая ам.доллар (1.3 их наяд төгрөг)-аар буюу 64 хувиар буурчээ. Энэ мэтээр эдийн засгийн “эрүүл мэнд”-ийг тэтгэгч мөнгөний урсгал багасч, тэр нь валютын ханшийн өсөлтөөр илэрсээр байна.

Мөнгөний бодлогыг барьж байдаг Төвбанк эдийн засагт валют дутагдсан тэр үеэс эхлээд л нийт эдийн засгийн тогтвортой байдал, ажлын байраа хадгалахын төлөө явж байсан. Гэтэл эдийн засгаас валют дутагдсан хэвээрээ байгаагаас тэд одоо буланд шахагдана гэдэг шиг л болж. Монголбанк мөнгөний бодлогын шийдвэрээ удахгүй гаргах бололтой. Өнгөрсөн 4 сараас хойш хэлэлцсэн мөнгөний бодлогын саналын шийдвэр нь юу байх вэ гэдэгт олон нийтийн дунд олон ургалч үзэл уралдан байна. Шуудхан хэлэхэд нийт эдийн засаг, банк, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хадгалж үлдэхийн төлөө “хүсэмгүй” боловч “зайлшгүй” байж болох сонголт хийх үү, үгүй юу гэдэг зааг дээр ирж. Үүнийг товч үгээр хэлбэл эдийн засгаас мөнгөө татаж, зээлийг хумих уу гэсэн үг юм.


 

Төв банкны гаргаж ч мэдэх энэ шийдвэр бол чухамдаа тодорхой тооны ажлын байрыг золиосонд гаргаад дараа, дараагийн жилүүдэд эдийн засаг өсөх гол юмаа хадгалж хамгаалаад үлдэнэ гэсэн санаа юм. Яг энэ талаар судлаачид, санхүүгийн зах зээлд оролцогчид, олон улсын байгууллагууд, улс төрчид, бодлого боловсруулагчид тал бүрийн байр суурьтай байгааг дараах байдлаар тоймлох гэж оролдлоо.

Нэг. Мөнгөний хатуу бодлогыг эсэргүүцэгчид: Тэдний зарим хэсэг нь мөнгөний бодлогыг чангалах шаардлагагүй гэж үзэж буй. Учир нь мөнгөний бодлого чангарснаар хувийн хэвшил, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаа улам хумигдаж, мөнгөөр хатсан дээрээ хатаж, бизнесийн идэвхжил суларч, ажилгүйдэл нэмэгдэж, компаниуд өмнө авсан зээлээ эргүүлж төлөхгүйд хүрч, тэрнийг дагаад банкны чанаргүй зээл өсч, бодит эдийн засгаа татаж унагах вий дээ. Ингэснээрээ байдал улам дордоно гэсэн байр сууринаас тайлбарладаг. Улс орны эдийн засагт баялаг бүтээгч нь хувийн сектор байдаг. Хувийн сектор унавал, эдийн засаг унана гэдэг аксиом ямар нэг хэмжээгээр үндэслэлтэй.

Хоёр. Мөнгөний хатуу бодлогыг дэмжигчид: Манай улсын валютын урсгал муудсанаас доллараар илэрхийлэгдсэн гадаад актив нь буурсан. Улсын төсвийн орлого төлөвлөснөөсөө 20-25 хувиар тасарч байгаа. Орлого ингэж тасарч байхад төсвийн зардлыг бодит байдалтай нь нийцүүлж багасгаагүй л байгаа. Төсвөө олигтойхон танаагүйн дээр валютын урсгал дорвитойхон сайжраагүй өнөөгийн орчинд байдал энэ хэвээрээ үргэлжлээд байвал эдийн засгийн тогтвортой байдал алдагдах, дунд болоод урт хугацаанд бодлогын ямар ч сонголтгүй болох, эдийн засгийн хүндрэл нь санхүүгийн системийн, цаашлаад эдийн засгийн хямрал болчих вий дээ гэсэн болгоомжлол яах аргагүй байдаг. Тиймдээ ч төлбөрийн баланс алдагдалтай, ханшаас шалтгаалсан суурь инфляци өссөн, гадаад актив үргэлжлэн буурсан өнөөгийн тааруу үед мөнгөний бодлогыг чангалах нь эдийн засгийн тогтвортой байдалд эерэг нөлөөлнө гэж тэд үздэг. Нэг үгээр хэлбэл ийм хүнд үед мөнгөний бодлогыг хатууруулах замаар нийт эрэлтийг бууруулж, эдийн засгийн тогтвортой байдлаа хадгалж үлдэх нь хэсэг хүнийг, хувийн хэвшлийг ажилтай нь байлгаад байснаас илүү чухал гэсэн санаа л даа. Эс бөгөөс дунд, урт хугацаанд эдийн засагт учрах эрсдэл, хохирол нь үүнээс ч их байх магадлалтай гэсэн үг юм. Доллар олигтойхон шиг орж ирэхгүй байгаа үед богино хугацаандаа мөнгөний бодлогыг хатууруулах нь хувийн хэвшил, бодит секторт нэмэлт ачаалал бий болгож, ажилгүйдлийг нэмэгдүүлж магадгүй. Гэсэн хэдий ч, үр дүнд нь тогтвортой байдлаа хадгалж үлдэж чадаж байвал тэр нь илүү чухал гэсэн байр суурь.


Дээрх хоёр хандлага өөр өөрийн гэсэн бодитой үндэслэлтэй байх. Гэхдээ аль аль нь Монголын эдийн засгийг хүндрэлээс нь бүрэн дүүрэн гаргах “зөв эмчилгээ” биш юм. Тэгвэл сульдсан эдийн засгийн судсанд цангасан валютыг нь яаралтай олж шахах нь монголын эдийн засгийн жинхэнэ эмчилгээ болно. Хэрвээ ингэж чадахгүй бол хувийн хэвшлээ ахиад л агшааж байж “амь тээх” сонголт үлдэх болой. Хэдийгээр богино хугацааны ийм хүндрэлүүд манай эдийн засагт үүссэн ч, ойрын хэдэн жилийн төлвөө харах юм бол Японтой байгуулах эдийн засгийн түншлэл, Хятад, Оростой нягтруулах эдийн засгийн харилцааны үр дүнд эдийн засгийн маань лагшин эрс тунгалагжих боломж дүүрэн билээ.


С.ӨЛЗИЙТӨГС

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж