“Улс төрд шинэ манлайлагч” зорилтот төсөл хэрэгжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2014.07.25-нд нийтлэгдсэн

“Улс төрд шинэ манлайлагч” зорилтот төсөл хэрэгжүүлнэ

UBS телевизийн уран бүтээлчид Монголын нийгэм, улс төр, эдийн засгийн салбарт цоо шинэ сэтгэлгээний манлайлал бий болгох шинэ үеийн залуусыг тодруулах зорилготой “Улс төрд шинэ манлайлагч” зорилтот ТВ төслийг хэрэгжүүлэх болсноо өнөөдөр сэтгүүлчдэд мэдээллээ. Төслийг EBI хүрээлэн, Liberal House бодлогын судалгааны хүрээлэнтэй хамтран орон даяар зохион байгуулахад бэлэн болсон байна.

Төсөлд оролцох залуус нь 22-40 насныхан байна, бүртгэлийг долдугаар сарын 27-ноос http://manlailagch.mn/ сайтаар авч эхлэх аж. Бүртгэл дуусах хугацаа ирэх наймдугаар сарын 21-ний 18.00 цагаар дуусгавар болно.

Оролцогчид нь эх орноо, хүрээлэн байгаа орчноо хэрхэн хөгжүүлэх талаар ухаанаа уралдуулж өрсөлдөх юм байна. Энэ талаар төслийн удирдагч Ж.Баяр “Гадаадад амьдардаг Монгол иргэд ч оролцох боломжтой” хэмээн хэллээ.  

Онцлоход, төсөлд оролцох залуус нь эхний нэгдүгээр шатанд “Надад шийдэл байна” сэдвээр 500 хүртэл үгтэй эссэ бичиж, burtgel@manlailagch.mn хаяг руу илгээнэ.

Мөн бичсэн эсээгээ цаасаар “УЛС ТӨРД ШИНЭ МАНЛАЙЛАГЧ төсөл, Монгол Улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, UBS телевиз, Монгол шуудан Ш/Хайрцаг 505” гэсэн хаягаар ирүүлэх боломжтой.

Оролцогчдын эссэг мэргэжлийн шүүгчдийн баг хэлэлцэж, дараагийн шатны шалгаруулалтад тэнцсэн эсэхийг төслийн албан ёсны цахим хуудсаар зарлах юм байна.

Нэгдүгээр шатны шалгаруулалт тэнцвэл хоёрдугаар шатны шалгаруулалтад оролцох эрхтэй болно. Дээрх шатанд оролцох эрх авсан оролцогчид гэрийн даалгавар өгнө. Үүнд

1.Оролцогч оршин суугаа орон нутгаа хөгжүүлэх төлөвлөгөөг олон нийтэд танилцуулж, /иргэдийн нийтийн хурал, иргэний танхим/ хэлэлцүүлж, иргэдийн саналыг тусгасан байх

2.Өөрийн санаачилсан төслийг дэмжсэн тухайн орон нутагт оршин суугаа 50-100 хүний гарын үсгийг цуглуулсан байх

3.Сум, аймгийн ирээдүйн хөгжлийн талаарх эссэ бичлэгээ бодит төлөвлөгөө, мөрийн хөтөлбөр болгон танилцуулга бэлдсэн байх шалгуур тавигдана.

Гуравдугаар шатанд шалгарч чадвал ярилцлагад орно. Сэдэв нь орон нутгаа хөгжлүүлэх төлөвлөгөөгөө 5-7 минутанд багтаан танилцуулах аж.

Гуравдугаар шатанд шилдэг 90 оролцогч шалгаруулж,  Удирдлагын академийн мэргэшүүлэх хөтөлбөрт суралцана.

Улмаар шилдэг 30 оролцогч EBI хүрээлэнгээс АНУ-ын Вашингтон хотод зохион байгуулах мэргэшүүлэх нэг сарын хөтөлбөрт 100 хувийн тэтгэлэгтэй суралцана.

Шилдэг багийн бүрэлдэхүүн АНУ-д зохион байгуулагдах НҮБ-ын Ерөнхий Ассамблейд оролцох эрхийг гардана. Харин шилдгийн шилдэг нэг оролцогч төрийн удирдлагын чиглэлээрх Дэлхийн шилдэг сургуулиудад тооцогддог Харвард, Стэнфорд, Иелийн сургуульд тэнцсэн тохиолдолд сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлэх юм байна.

Г.НАРАН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж