Гуам улсад болж буй хөлбөмбөгийн 2015 оны Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолтод оролцож буй Монгол Улсын үндэсний шигшээ баг Макаогийн шигшээд 2:3-ын харьцаагаар ялагдлаа.
Долдугаар сарын 21-25-ны өдрүүдэд Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатанд Гуам, Умард Марианы арлууд болон Монгол, Макао улсын багууд өрсөлдлөө. Өнөөдөр хэсгийн сүүлийн тоглолтууд болж, хоёрдугаар шатанд өрсөлдөх ганц баг тодорлоо. Монгол-Макаогийн шигшээ багийн тоглолт энэ цагт өндөрлөж, 3:2-ийн харьцаагаар Макаогийн хөлбөмбөгчид ялалт байгууллаа.
Мөн энэ өдөр Гуамын шигшээ баг Умард Марианы арлуудын багийг 4:0-ийн харьцаагаар хожиж, хоёрдугаар тойрогт тоглох эрхийг авлаа. Урьдчилсан шатыг Гуам долоон оноотой хэсгээ тэргүүлж, Макао дөрөв, Монгол, Умард Марианы арлууд гурван оноотой удаалав.
Монгол Улсын шигшээ хэсгийн эхний тоглолтод Умард Марианы арлуудын багийг 4:0-ийн харьцаатай хожоод байсан ч удаах тоглолтод тэмцээнийг зохион байгуулагч Гуамын багт 0:2-ийн харьцаагаар ялагдаж, цааш шалгарахад бэрх болсон. Тэд өнөөдөр Макаогийн шигшээд 2:3-ийн харьцаагаар ялагдснаар гурван оноотой тэмцээнээ өндөрлүүлж, IX байрт шалгарсан амжилтыг үзүүллээ.
2015 оны Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнд арван орон оролцож байгаа бөгөөд урьдчилсан шатанд Гуам, Умард Марианы арлууд, Монгол, Макао улсын багууд өрсөлдсөнөөс Гуам улс хоёрдугаар тойрогт өрсөлдөх эрхийг авлаа. Ирэх арваннэгдүгээр сард Тайванд болох хоёрдугаар шатны тоглолтод Гуам, Хонгконг, Тайвань, БНАСАУ-ын шигшээ багууд өрсөлдөнө. Энэ хэсгээс шалгарсан ганц баг ирэх оны долдугаар сард манай урд хөршид болох финалын тоглолтод БНХАУ, Япон, Өмнөд Солонгос улсуудын багуудтай тоглох юм.
Ч.БОЛОР