Хуучирсан мэдээ: 2014.07.25-нд нийтлэгдсэн

Энгийн юм агуу байдаг, агуу юм энгийн байдаг гэсэн эртний үг байдаг. Энэ үг Го хэмээх хөлөгт тоглоомонд биеллээ олсон мэт. Учир нь хар цагаан өнгийн нэгэн жигд чулуугаар хоёрхон дүрмийн дагуу нэг л ижил нүүдэл хийж тоглох боловч орчин цагийн хүчтэй компьютер дундаж хүнийг хожиж чадахгүй байгаа билээ. Нүүж сурахад маш амархан боловч сайн тоглож сурахад бүхий л амьдрал хангалтгүй гэж нэгэн мэргэжлийн тоглогч хэлсэн байдаг. 

Азийн орнуудад түлхүү хөгжиж маш өндөр цалин шагналтай мэргэжлийн спорт болоод байгаа Го хэмээх тоглоом нь өнөөг хүртэл олон нийтийн дунд түгэн дэлгэрээгүй шалтгааныг судлаачид олон янзаар тайлбарладаг.

Го бол зөвхөн хаад ноёд, цэргийн өндөр албан тушаалтнууд тоглох ёстой энгийн ард иргэд тоглохыг хориглосон стратегийн ач холбогдол бүхий тоглоом байсан учраас төдийлөн танигдахгүй байсаар хаад ноёд “эрс цөөрсөн” ХХ зууны эхэн үеэс дэлхий дахин мэддэг болж хөгжүүлж ирсэн байдаг.

Стратегийн шийдвэр гаргах, тактикийн бодлого боловсруулах байдлаар хүний баруун болон зүүн тархийг зэрэг хөгжүүлэх чадвартай уг тоглоомыг олон орон ихээр сонирхож хөгжүүлэх болжээ. Япон, Солонгос, Хятад гэсэн гурван улс мэргэжлийн өндөр ур чадвар бүхий тоглогчдоор тэргүүлж байгаа бол сүүлийн жилүүдэд Европын улсууд хүчтэй хөгжүүлж  2013 онд Япон улсад болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Украйн улс хүрэл медаль авч байв. Украйны даамчин Н.Артем бол өндөр мэргэжлийн багшаар 4-5 жил заалгаж байгаа авьяаслаг залуу тоглогч юм.

 

Го даам хэнд хэрэгтэй вэ?

Олон улсад хийгдсэн судалгаанаас харахад го тоглох нь хүүхдийн тархины хөгжилд онцгой нөлөө үзүүлж хөгжүүлэхийн зэрэгцээ зан төлөвийн хувьд мөн эерэг нөлөө  үзүүлж байгааг тогтоосон байдаг. Стратегийн шийдвэр гаргах нь тархины зүүн талыг хөгжүүлдэг бол “идэлцэх” тохиолдолд тактикийн бодлого боловсруулж тархины баруун тал ажиллаж эхэлдэг байна. Мөн нүүдэл бүхэн хариуцлагатай, хожлын ач холбогдолтой байдаг учраас хөнгөн хуумгай зан байдлыг төлөвшүүлж, хүүхдийг илүү буурь суурьтай тооцоотой болгохоос гадна хүлээцтэй ухаалаг, хамгийн зөв шийдвэр гаргахад тусалдаг байна. Хүүхдүүд маш хөдөлгөөнтэй эрч хүчтэй байдаг бол го тоглогч хүүхдүүдийн хувьд энэ эрч хүч нь “тархинд” нь буцалж нэг ёсны бясалгал болж өгдөгөөс хүүхдийн тархины чадамжийг эрс нэмэгдүүлдэг аж. Тиймээс эртнээс го тоглогч хүмүүсийг  ухаантай гэх байдлаар хүндэтгэж ирсэн буюу ухаан суулгах хүмүүстээ го заах болжээ. Ингэснээр зөвхөн ихэс дээдсийн хэмжээнд хязгаарлахад хүргэж энгийн ард иргэдэд тоглоом тоглохыг хориглосон шийдвэр гаргахад хүргэж байсан бололтой.

 

Го даамын давуу тал

Го нь үндсэн зарчмыг ухаарч таних, харилцагчаа хүндлэх, асуудлыг олж тогтоох, хувилбаруудыг дэвшүүлэх, тогтвортой байх, сонголт хийх, хяналттай байхшийдвэр гаргах, ёс журамтай байх зэрэг олон чадварыг хөгжүүлж төлөвшүүлдэг гайхалтай тоглоом билээ.

Үндсэн зарчмыг ухаарч таних

Хоёр хүн нэг нь нөгөөгийнхөө үл мэдэхэд мэдэхээ оноож, мэдэхэд нь үл мэдэхээ оногдуулж 2 эсрэл тал болон нэг зорилго, дүрмийн дагуу харилцан бие биенийхээ хэм хэмжүүрийг шүүлцэн нэг цул болж тоглоомыг төгсгөнө. Хар цагаан чулуу ээлжлэн нүүх дэс дараалал, нүд гарц зэрэг нь тоглоомын биет хэлбэрийг илэрхийлнэ. Эдгээр биет хэлбэрт тулгуурласан ямар нэгэн гарцгүй болбол үхэх, үүнээс урган гарсан 2 бие даасан тусдаа нүднүүдийг үүсгэвэл амьдрах гэсэн тодорхой дүрэм бий болж эхэлдэг. Хязгаарлагдмал талбайд энэ нь улам үнэ цэнэтэй болж аль болох их талбайг хяналтандаа авахад чиглэнэ. Их талбайг хяналтандаа авахын тулд амьдрах, үхэх, холбох, таслах зорилгууд тавина.

үргэлжлэл: andlog2.blogspot.com

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж