Хуучирсан мэдээ: 2014.07.25-нд нийтлэгдсэн

Сасабару Рүико бол нэгэн тусгай чадварыг эзэмшсэн эмэгтэй. Тэр чадвар нь гэвэл, талийгаачийн гэмтсэн цогцосыг нямбайлан сэргээх техник. Тэрээр Япондоо ч тоотой хэдхэн “цогцос засварлагчидын” нэг юм.

Сорви дүүрсэн царайг цэвэрхэн угааж, цөмөрсөн болон зүсэгдсэн хэсгүүдийг хөвөнгөөр бөглөөд, нэмж тусгай суурь түрхлэг зэргийг ашиглан амьд ахуйн төрхөнд нь буцаана.

  • Уулзуулж өгөхсөн

Тэр өдөр түүний зорьж очсон нь, эхнэрээ алдсан Тобита Хироаки (36 настай) гуайн гэр. Эхнэр Кэйко нь зүүн Японд болсон хүчтэй цунамигаар тэнгэрт хальжээ. Балчир хүүхдүүддээ санаа зовохдоо, тосч очихоор явах замдаа машинтай чигээрээ цунамид хамагдчихаж. Гэсэн ч гаслан дундах золоор ч юм уу, хүүхдүүд нь бүгд амьд үлджээ.

Тэгээд цогцос нь түүнээс хойш сарын дараа олдож. Арай гэж олдсон Кэйкогийн цогцос хувирлын туйл болсон байлаа…

–         Сүүлчийн удаа хүүхдүүдтэй нь уулзуулж өгөхсөн.

Нөхөр Хироаки нь хэдий тэгж хүсэвч, гамшигт нэрвэгдсэн төрхөөр нь яагаад ч уулзуулах арга байсангүй. Ийм шалтгаанаар цогцос засварлагч Сасарбаруг анх олж мэджээ.

  • Мишээлийн зураас

–         Хоёр цаг гаруй болох байх. Зүгээр үү?

Ингэж хэлээд Сасабару ажилдаа оров. Эхлээд хатсан царайд нь зөөллөх массаж хийн, урьдын хэлбэрт нь оруулна. Тэгээд амьд үеийн арьсны өнгөнд нь ойртуулах зориулалттай нүүр будалт. Дулаанаа алдсан арьсанд нүүрний будгийг шингээж өгөхийн тулд гарын алгаараа суурь түрхлэгийг халаасаар ажлаа үргэлжлүүлнэ.

Тэгтэл Кэйко гуайн царайд бага багаар мишээл тодроод ирэв.

–         Ингэж мишээлийн зураас нь буцаж тодроход нь би дуртай байдаг юм. Бусдад байхгүй, зөвхөн тэр хүний мишээлийн зураас гэдэг, тэр хүний амьдралын түүх юм даа…


Шөнийн 12 цаг. Засварлаж эхлээд 3 цаг өнгөрчээ. Арайхийн Кэйко гуайн инээмсэглэл буцаж ирлээ. Амьсгаа нь уужирсан Сасабару мишээж буй цогцсонд хандан чимээгүйхэн шивнэв.

–         Хүүхдүүдтэйгээ уулзчихвал ч боллоо доо.


Мишээж буй эхнэрээ харсан Хироаки.

–         Кэйко!! Кэйко минь буцаад ирж.  За ашгүй, одоо л хүүхдүүдтэй нь уулзуулъя.

Кэйкогийн орхиж үлдээсэн 4 хүүхэд.

Хамгийн бяцхан отгон хүү Шүнсүкэ нь 1 настай. Юу болоод байгааг мэдсэн ч юмгүй гангар гунгар дуугарсан хэвээрээ. Дунд охин Сүзүка нь зогсолтгүй уйлсаар. Том охин Моэко чимээгүй хажуунаас нь ширтэж сууснаа “…Мххх, буцаж ирэх юм байх гэж бодсон чинь…” гэсээр бувтнав.

Том хүү Рюносүкэ огт ойртоё ч гэсэнгүй. Ойртуулах гээд гараас нь чангаавал гэнэт их дуу тавин уйлж гарлаа. Яг л төдийг хүртэл бугшаад байсан бүхэн нь дэлбэ үсрэв үү гэмээр.

үргэлжлэл: tomyo-bodyo.blogspot.com

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж