“Япон улстай өмнө нь байгуулсан гэрээ, хэлэлцээрийг бодит ажил болгох нь зүйтэй”

Хуучирсан мэдээ: 2014.07.25-нд нийтлэгдсэн

“Япон улстай өмнө нь байгуулсан гэрээ, хэлэлцээрийг бодит ажил болгох нь зүйтэй”

Тэрбээр банкираас гадна хэдэн жилийн өмнө Сайнаас агууд дэвшихүй хэмээх номыг редакторлан, уншигчдын хүртээл болгож байсан бол энэ удаад Гүрж яагаад чадав гэдэг нэн сонирхолтой номыг мөн л редакторлажээ. Харин энэ удаад эрхэм уншигч Таныг Худалдаа, хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Б.Мэдрээгийн үзэл бодол, ажил хэргийн ертөнцөд саатахыг урья.

– Нэгэн мэдээллийг уншигчидтайгаа хуваалцъя.

Монгол, Японы бизнес форум энэ оны 7 – р сарын 22-нд болох юм байна. Төр засаг болон бизнесийн салбарынхан өргөн бүрэлдэхүүнтэйгээр тус улсад зочилно гэв үү?        

– Тийм ээ, Монгол төрийн төлөөллүүдээс гадна хувийн хэвшлийнхнээс бүрдсэн 100 орчим хүн Япон улсыг зорино. Харин Японы талаас төр, хувийн хэвшлийнхэн нийлсэн 300 гаруй хүн энэхүү бизнес форумд оролцох юм. Форумын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэлэх бол Японы Ерөнхий сайд Шинзо Абэ хүрэлцэн ирнэ гэж сонслоо. Хоёр улсын зүгээс ийм өргөн бүрэлдэхүүнтэй форум зохион байгуулж буй нь талуудын хамтын ажиллагаанд ихээхэн түлхэц үзүүлэх нь тодорхой. Манай улс Японтой стратегийн түншлэлийн гэрээ байгуулсан. Тиймээс Ерөнхийлөгч, УИХ – ын дарга, Ерөнхий сайд, Гадаад харилцааны сайд нар дөрвөн жилийн давтамжтайгаар айлчлал хийж, тухайн үеийнхээ ажлын үр дүнг үнэлж дүгнэн, цаашид хийх ажлуудынхаа талаар ярилцаж тохиролцдог боллоо. Хамгийн сүүлд буюу 2013 оны есдүгээр сард Ерөнхий сайд Н.Алтанхуяг Японд айлчилсан. Энэ үеэр хоёр тал хамтарсан мэдэгдэл гаргаж, тодорхой салбаруудад хамтарч ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан юм.

– Том зураглалаар харвал, Монгол, Японы бизнес форум их сонирхолтой цаг үед болох нь. Монголын тал тус улстай стратегийн түншлэлийн гэрээтэй. Харин Орос, Хятад улс өнгөрсөн хавар байгалийн хий нийлүүлэх гэрээ байгуулсан. Тэгвэл яг одоо монголчуудын маань ярианы гол сэдэв төмөр зам, банк болчихоод байна?

– Миний хувьд, хоёр улсын Төр, Засгийн түвшинд өмнө нь байгуулсан гэрээ, хэлэлцээрийг бодит ажил болгоход гол анхаарлаа хандуулах нь зүйтэй болов уу гэж бодож байна. Өөрөөр хэлбэл, Монгол, Японы тал хамтын ажиллагааныхаа ойрын болон дунд, бүр хэтийн төлөвийн талаар олон удаа ярилцаж байсан. Тэгвэл энэ удаад цоо шинэ гэхээсээ илүү цаг үедээ тохирсон санал, санаачилгуудыг шигтгээ болгон нэмэх байх.

Манай улс Японтой 1972 онд дипломат харилцаа тогтоосноос хойш 42 жил өнгөрлөө. Улс төр, нийгэм, эдийн засаг, соёл, спортын салбарт ч маш үр дүнтэй хамтран ажиллаж байна.

Улс орон маань 1990 онд зах зээлд шилжсэнээс хойш хоёр орны харилцаа хүний эрх, ардчилал, зах зээлийн эдийн засгийн нийтлэг үнэт зүйлст тулгуурлан тууштай өргөжин тэлж байгаа.

Харин 1990 оноос өмнө Япон улс Монголын аж үйлдвэрийн салбарын тулгуур болсон үйлдвэрүүдийг барьж байгуулсан. Тухайлбал, Дарханы Хар төмөрлөгийн үйлдвэр, Мах комбинатыг барьсан бол Улаанбаатарт “Говь” комбинат болон туршилтын үйлдвэрүүдийг нь бүтээн байгуулж өгсөн түүхтэй.

Шилжилтийн хүнд хэцүү цагт ч гэсэн япончууд бидэнд ихээхэн туслалцаа, дэмжлэг үзүүлсэн. Үүний нэг жишээ нь “Өвсний үндэс” хөтөлбөр юм. Энэ хөтөлбөрийн хүрээнд хөдөө, орон нутгийн сургууль, цэцэрлэгүүдийн барилгыг засах, шинээр барихаас авахуулаад олон ажил хийсэн. Өнөөдөр ч мөн адил. Япон улсын тусламжтайгаар Төв аймаг дахь Хөшигийн хөндийд нисэх буудал барьж байна. Урлаг, соёлын салбарын тухайд ч ярих зүйл, дурсах дурсамж бишгүй олон бий. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Н.Норовбанзад гуайгаас эхлээд урлагийнхан маань япончуудад ардын урлагаа сурталчилсаар ирсэн. Энэ уламжлал одоо ч хэвээр.  

– Боловсролын салбарын хувьд ярих зүйл олон бий. Хамгийн ойрын жишээ гэвэл, монгол залуус социализмын үед Японд суралцаж байсан байх аа?

– Япон улстай дипломат харилцаа тогтоосны дараа буюу 1990 он хүртэл Монголоос цөөн тооны оюутан суралцаж байсан юм. Харин улс орон ардчилалд шилжсэнээс хойш Японд суралцаж төгссөн болон суралцаж байгаа залуусын тоо эрс нэмэгдсэн. Энэ онд гэхэд л тус улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 1000 хүнийг төрөл бүрийн чиглэлээр их, дээд сургууль болон магистр, докторантурын сургалтад хамруулж байна.

– Үүнээс гадна Монголд томоохон бүтээн байгуулалт хийх гэж байгаа. Тэр бол метро?

– Тийм ээ, Монгол Улс метротой болно. Энэ бол яах аргагүй түүхэн үйл явдал. Монгол, Японы тал Улаанбаатар хотод метроны шугам барих, Цэвэрлэх байгууламжийг шинэчлэх, шинээр барих, Аялал жуулчлал хөгжүүлэх, зочид буудал барих, жуулчны бааз байгуулах, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн техникийн хамтын ажиллагааны төслийг хэрэгжүүлэх, энэ зорилгоор хагас коксжсон шахмал түлшний үйлдвэр байгуулах гэх мэтчилэн томоохон бүтээн байгуулалтууд дээр хамтран ажиллахаар гарын үсэг зурсан. Эдгээрийг бодит ажил болгох ёстой. Үүнээс гадна монголчууд маань төмөр замын өргөн, нарийн царигийн талаар дотооддоо нэгдсэн ойлголтод хүрвэл япончууд дэмжлэг үзүүлэхийг үгүйсгэхгүй юм. Мөн нүүрснээс шингэрүүлсэн хий гаргахад хамтарч ажиллах болов уу. Ер нь Монгол, Японы харилцаа, хамтын ажиллагаа бүх салбарт өргөжин тэлж байгааг онцлох нь зүйтэй санагдана. 

– Японы томоохон корпорациуд Тавантолгойд хөрөнгө оруулах сонирхлоо илэрхийлж байсан нь саяхан. Гэвч Монголчууд Япон, Өмнөд Солонгосын хөрөнгө оруулагчдыг тойргийн гадна үлдээлээ гэх яриа тухайн үед гарч байсныг Та санаж байгаа байх. Харин өмнийн говьд хөрөнгө оруулах гэсэн япончуудын бодол хэвээрээ болов уу. Энэ талаар Та ямар нэгэн шинэ мэдээлэл сонссон уу?

– Мэдээж хэрэг, Монгол Улс Орос, Хятадтай бүх талын хамтын ажиллагаагаа эн тэргүүнд өргөжүүлж байна. Түүгээр ч зогсохгүй Зүүн хойд Азийн бүс нутагт багтдаг Япон, хоёр Солонгос, Хонконг, Макао зэрэг орнуудтай харилцах харилцаагаа шинэ түвшинд гаргахыг чармайж байгаа. Манай орон эрдэс баялгийн асар их нөөцтэй. Нөгөөтэйгүүр Япон бол “Их – 8” – д ордог, дэлхийд эдийн засгийн үзүүлэлтээрээ АНУ, Хятадын дараа бичигддэг, ноу хаутай, шинэ техник, технологитой улс. Тиймээс бид япончуудтай өргөн хүрээнд хамтран ажиллах нь зүй ёсны хэрэг. Гэхдээ манай улс нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх түвшинд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх ёстой. Нүүрс, уран гэхэд л тодорхой боловсруулалт хийсэн, зэсийг эцсийн бүтээгдэхүүн болгон Японд экспортолдог ч юм уу. Энэ мэтчилэн бодож боловсруулах, хийх ажил их бий.

Монгол орон бол экологийн цэвэр орчинтой улсуудын нэг. Цаг уурын хувьд ч гэсэн тун өвөрмөц. Өөрөөр хэлбэл, өдөр нь + 30 хэм байснаа шөнө нь + 10 хэм болдог. Энэхүү хэлбэлзлээс шалтгаалж, Монголын хөрсөнд ургадаг хүнсний бүтээгдэхүүн, мал аж ахуйн түүхий эдийн чанар сайн байгаа юм.

Тийм учраас ариун цэвэр, хорио цээрийн асуудлыг нь оновчтой шийдэж чадвал бид Японд органик хүнсний бүтээгдэхүүн, малын гаралтай хагас болон бүрэн боловсруулсан бүтээгдэхүүнийг нийлүүлэх боломжтой. Дэлхий нийт ч гэсэн органик, экологийн цэвэр бүтээгдэхүүн хэрэглэх хандлага руу алхаж байна.

Хэдийгээр Монгол Улс байгалийн баялаг ихтэй ч энэ нь бидний хөгжлийн гол загвар биш. Харин мөнгөн хуримтлалтай болоход нэмэр болохуйц суурь аж үйлдвэрүүдийн нэг нь байх юм. Байгалийн баялаг, түүнийг ашиглах тухайд бид ингэж ойлгох нь зөв биз ээ. 

Эдийн засаг хямарлаа гэж олон хүн ярьж байна. Ингэхэд банк, санхүүгийн салбарт цаг агаар ямар байгаа бол?   

– Улс орон зах зээлд шилжсэнээс хойш бид анх удаа банкны хоёр шатлалтай тогтолцоог нэвтрүүлсэн. Төв банк ба арилжааны банк гэж. Энэхүү тогтолцоог хөл дээр нь босгож бэхжүүлэхэд Олон улсын валютын сан, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголтын банк болон олон улсын банк, санхүүгийн бусад байгууллага маш их дэмжлэг, туслалцаа үзүүлсэн. Боловсон хүчнийг бэлтгэх, олон улсын стандартад нийцсэн аудитын байгууллагуудыг ажиллуулах, мэдээллийн технологи нэвтрүүлэх, зээл, эрсдэлийн бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэх чиглэлээр тэд тусалж дэмжсэний үр дүнд Монголын банк, санхүүгийн салбарт дэлхийн стандартыг нэвтрүүллээ. Эдгээр арга хэмжээг одоо ч хэрэгжүүлж байна. Манай улсад 1990 – ээд оны эхээр инфляцийн жилийн үзүүлэлт 396 хувьд хүрч байсан. Тэгэхэд өнөөдөр инфляци 13 хувьтай байгаа. Их сайн бууралт байгаа биз. Гэхдээ бизнесийг бодитойгоор хөгжүүлэхэд инфляцийн хувь бас л өндөр байна. Учир нь зээлийн хүүг тооцохын тулд банкны нийт зардал дээр инфляци, олох ашгаа нэмж тооцно. Эндээс үзэхэд, Монголын банкуудын зээлийн хүү өндөр байна. Дэлхий нийтэд зээлийн хүүг “Жилийн” гэж ярьдаг бол манай улсад “Сарын” гэж ярьдаг шүү дээ. Тиймээс макро эдийн засгийн бодлогыг харилцан уялдаатай, зөв тодорхойлох хэрэгтэй. Түүнээс биш арилжааны банкууд зээлийн хүүг бие даан бууруулж чадахгүй. Нэг ёсондоо, төр засаг, шийдвэр гаргах түвшнийхэнтэй хамтарч үүнийг шийдэж чадна. Энэ бол цаг хугацааны л асуудал. Өнөөдрийн байдлаар, арилжааны банкуудын үйл ажиллагаа айхтар доголдоогүй ч гэсэн бэлэн мөнгөний хүрэлцээнээс болоод далайцтай ажиллаж чадахгүй байна.

– Олон нийтийн анхаарлыг ихээхэн татаж буй сэдэв бол Чингис”, “Самурай бондын зарцуулалт. Бонд босгосон нь банкуудад үр өгөөжөө өгч байна уу?

– Бондын хөрөнгийг Хөгжлийн банкаар дамжуулан төрийн бодлогоор зарцуулж байгаа. Харин арилжааны банкуудын хувьд төлбөр тооцоо, гүйлгээг нь л хийхээс гадна зарим тодорхой хөтөлбөр, төслийг нь дамжуулан зээл олгож байна.

Ер нь Монгол Улс зах зээлийн харилцаанд шилжсэнээр бонд гэдэг үнэт цаас гаргах ёстой байсан уу гэвэл тийм. Тэрхүү бондыг шинэчлэлийн Засгийн газрын үед гаргах цаг хугацааны шалгуур оногдсон нь ч бас үнэн. Шуудхан хэлэхэд, хэн нэгэн зориглож хийх ёстой байсан ажил. Тийм учраас Засгийн газраас тун зоримог алхам хийж, “Чингис”, “Самурай” бондыг гаргалаа. Бонд бол үйлдвэрлэл болон хөгжлийн төслүүдийг хэрэгжүүлэхэд зайлшгүй хэрэгтэй. Мэдээж хэрэг, бондын зарцуулалт сэтгүүлчид, эрдэмтэн судлаачдын анхааралд байх ёстой юм. “Бондын мөнгөөр зам, уулзварууд барилаа” л гэнэ. Зам, уулзвар бидэнд хэрэгтэй юү гэвэл, хэрэгтэй.

Харин хэдэн километр зам барихад хэр хөрөнгө зарцуулах вэ, аж үйлдвэрийн ямар төсөл хэрэгжүүлэхэд, юунд зарцуулахад бондын мөнгөнөөс төсөвлөх вэ гэдэгт хяналт тавих нь чухал. Шүүмжлэл, санал асуулга ч гэсэн байлгүй яах вэ. Жишээлбэл, манай улс өнөөдөр гурван сая гаруй баррель түүхий нефть олборлож, экспортлож байна. Энэ Нефтиэ дотооддоо боловсруулж нэрдэг нефтийн аж үйлдвэрийг заавал хурдан барих л ёстой.           

– Та бидний өмнө Худалдаа, хөгжлийн банкны түүхийн зурвас үеийг тэмдэглэсэн мэдээлэл байна. Үүнээс үзэхэд, танай банк Японы гурван том банктай хамтарч ажиллаад багагүй хугацаа өнгөрчээ?

– Бид бүр социализмын үед “Банк оф Токио Мицубиши UFJ” – тэй харилцаж, хоёр орны төлбөр тооцоог хийдэг байлаа. Зах зээлийн эдийн засагт шилжсэнээс хойш SMBC болон Mizuho банктай шууд харилцаа тогтоосон. “Банк оф Токио Мицубиши UFJ”, SMBC банк Улаанбаатарт Төлөөлөгчийн газраа нээгээд байна. Манай банк Японы картын JCB гэдэг байгууллагатай маш сайн хамтран ажиллаж байгаа. Тус улсын иргэд JCB – гийн картаар Худалдаа, хөгжлийн банкны салбаруудаар чөлөөтэй үйлчлүүлэх боломжтой.

– Монгол Улсын гадаад төлбөр тооцооны 52 хувийг Худалдаа, хөгжлийн банкныхан гүйцэтгэдэг. Нэг ёсондоо ачааны хүндийг Та бүхэн үүрч байна уу даа?

– Оросууд Монголд 1924 онд банк байгуулж, 1954 онд монголчуудад бэлэглэсэн юм. Тэр банкаар дамжуулж гадаад төлбөр тооцоог гүйцэтгэдэг байсан. Харин Худалдаа, хөгжлийн банкны хувьд энэ банкны Гадаад төлбөр тооцооны газрын суурин дээр байгуулагдсан түүхтэй. Тухайн үед манай банк гадаад төлбөр тооцоог зуун хувь дангаар гүйцэтгэж байсан бол өнөөдөр 52 хувийг л хийж байна. Товчхондоо, сайн өрсөлдөгчид гарч ирж байна гэж үзэж болох юм. Бас харилцагчид маань Худалдаа, хөгжлийн банкинд илүү их итгэж байна гэж ойлгож болно.

– Та бүхэн өнгөрсөн онд Японы Эм Жи Лизинг корпорацитай хамтран Ти Ди Би лизинг ХХК – ийг байгуулсан. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

– “Ти Ди Би лизинг” ХХК нь санхүүгийн түрээс буюу лизингийн үйлчилгээ үзүүлэх зорилготой юм. Бид “Ти Ди Би лизинг” ХХК-г Худалдаа, хөгжлийн банкны 10 хувь, “Ти Ди Би Капитал”-ын 45 хувь, “Эм Жи Лизинг” ХХК-ийн 45 хувийн хөрөнгө оруулалттайгаар 2013 оны 8 дугаар сарын 6-ны өдөр байгуулсан.  

Хөрөнгө оруулагч Та бүхэнд товчхон танилцуулахад, “Эм Жи лизинг” ХХК нь Японы санхүүгийн түрээсийн үйлчилгээний салбарт тэргүүлдэг. Дэлхийд нэр хүндтэй “Сумитомо Мицуи Файнанс энд Лизинг” компани болон “Марубени” корпорацийн хамтарсан хөрөнгө оруулалттайгаар 1993 онд үйл ажиллагаагаа анх эхлүүлсэн. Тус компани нь АНУ, Европ, Африк болон Ази, Номхон далайн орнуудад тухайн бүс нутагт тохирсон санхүүгийн түрээсийн үйлчилгээг үзүүлсээр ирсэн билээ. Тэр дундаа “Ти Ди Би лизинг” ХХК – ийн Гүйцэтгэх захирлын орлогч К.Фужимотогийн хувьд 1983 – 2011 он хүртэл “Марубени” корпорацид зээл, эрсдэлийн удирдлага, хууль, эрх зүйн чиглэлээр ажилласан, арвин туршлагатай боловсон хүчин. Тэрбээр Монгол дахь “Марубени” корпорацийн Суурин төлөөлөгчөөр 2005 оноос хойш ажиллаж байсан учраас манай улсын эдийн засгийн нөхцөл байдлыг ч сайн мэднэ.

Ти Ди Би лизинг ХХК хэр өргөн хүрээнд үйл ажиллагаа явуулж байна вэ?

– Бизнес эрхлэгчдэд маань олон төрлийн болон их хэмжээний санхүүжилт шаардлагатай болохын зэрэгцээ банк, санхүүгийн байгууллагаас олгож байгаа зээлийн санхүүжилт нь одоогийн хэрэгцээг бүрэн хангах боломжгүй байна. Тиймээс “Ти Ди Би лизинг” ХХК тоног төхөөрөмжийн санхүүжилтыг дэмжих зорилгоор санхүүгийн түрээсийн үйлчилгээ үзүүлдэг. Өнөөдрийн байдлаар, тус компани Монгол Улсын дэд бүтэц, барилга, зам, тээвэр, уул уурхай, хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн салбаруудад тоног төхөөрөмж, машин механизмын санхүүгийн түрээсээр үйлчилж байна.

Хэдийгээр “Ти Ди Би лизинг” ХХК байгуулагдаад нэг жил болж байгаа ч Монголд дэд бүтэц, барилга, зам тээвэр, уул уурхай, хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж нийлүүлдэг онцгой дистрибьютерийн эрх бүхий гол импортлогч, борлуулагч компаниудтай хамтран ажиллаж байгаа. Тухайлбал, Японы Hitachi брэндийн тоног төхөөрөмж нийлүүлэгч, албан ёсны дистрибьютер “За Майн” ХХК, Komatsu брэндийн тоног төхөөрөмж нийлүүлэгч, албан ёсны дистрибьютер “Трансвэст Монголия” ХХК, Японы Shima Seiki брэндийн тоног төхөөрөмж нийлүүлэгч, албан ёсны дистрибьютер”Shima Seiki MFG” ХХК, Японы Kobelco брэндийн тоног төхөөрөмж нийлүүлэгч, албан ёсны дистрибьютер “Adamant” ХХК, АНУ – ын Caterpillar брэндийн тоног төхөөрөмж нийлүүлэгч, албан ёсны дистрибьютер “Вагнер Ази тоног төхөөрөмж” ХХК болон Өмнөд Солонгос, Хятадын тоног төхөөрөмж нийлүүлэгч, борлуулагч компаниуд болох “Хера Экуйпмент”, ”Нисээч интернэшнл”, “Аоде”, “Монмач” – ыг дурдаж болно.

– Санхүүгийн түрээсийн нөхцөл нь бизнес эрхлэгчдэд хэр таатай бол?

– “Ти Ди Би лизинг” ХХК нь Японы “Эм Жи лизинг” корпорацийн хөрөнгө оруулалттай учраас гадаад валютын найдвартай, хямд эх үүсвэрт тулгуурлан, олон улсын стандартад нийцсэн, санхүүгийн түрээсийн үйлчилгээг хамгийн боломжийн нөхцөлөөр харилцагчдадаа санал болгодог. Хэдийгээр байгуулагдаад удаагүй, бас улс орны эдийн засгийн байдал хүндхэн байгаа ч тус компани энэ оны эхний хагас жилд уул уурхай, аж үйлдвэрийн салбарын тоног төхөөрөмжид нийт 22.2 сая ам.долларын санхүүгийн түрээсийг харилцагчдадаа олголоо.

– Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье!

Б.ТЭРГЭЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж