Засгийн газар хамгийн түрүүнд оператор компани сонгох, хэнд эзэмшүүлэх вэ гэдэг асуудал ярьж байгаа нь хамгийн ноцтой алдаа гэж тэд үзэж байна. Учир нь тэд хэдий хэр үнэтэй баялагаа хүнд өгөх гэж байгаагаа мэдэхгүй байна. Зарах гэж байгаа барааныхаа үнийг мэдэхгүй байж хүнд худалдах эвсэл түрээслүүлэх гээд байгаатай яг адил гэж байгаа юм. Дэлхийд нэр хүндтэй мэргэжлийн баг ажиллаж орд газрын үнэ цэнийг тодорхойлж Тавантолгойн “их” гэж хэлээд байгаа баялаг нь чухамдаа яг хэдий хэр ашигтай болохыг харуулсан Техник эдийн засгийн үнэлгээ /ТЭЗҮ/ гэгч баримт бичиг боловсрогдоогүй байхад хөрөнгө оруулагчдад эзэмшүүлэх асуудал ярьж байгаа нь маш буруу. Гадаадынханд хөрөнгө оруулалтын гэрээ хийх, эзэмшүүлэх эрх өгчихсөн тохиолдолд лиценз нь 100 хувь төрийн мэдэлд байлаа гээд ямар ч ялгаа байхгүй. Хоосон цаасаа хэдэн талаас нь мэрэхгүй л юм бол юуных нь ашиг байдаг юм. Тавантолгойн лиценз зуун хувь төрийн мэдэлд байна гэдэг нь өнгөлөн далдлалт юм байна гэдэг хардалт ч сэтгүүлч бидэнд төрж байлаа. Лицензээ өгөхгүй ээ гэсэн хэрнээ хөрөнгө оруулалтын гэрээ хийх гэж байгаа нь луйврын аргаар Тавантолгойг бусдад өгөх гэж байгаагаас өөрцгүй мэт.
Засгийн газрын үзэл баримтлалд тусгаснаар бол 30 жилийн хугацаанд 5.4 миллиард ам.доллар олох тооцоо хийсэн. Энэ нь Тавантолгойн агуу том орд газраас олох ашгийн өчүүхэн бага хэсэг нь болохыг “Монгол 999 Үндэсний нэгдэл”-ийнхэн батлан ярьж байна. Дэлхийн нөлөө бүхий эдийн засагчид ч тэр, монголчуудын нэгдэл ч тэр Засгийн газрын олно гээд байгаа ашгаас даруй хэдэн зуу дахин их ашиг яриад байхад сонсоогүй юм шиг суугаа нь ямар учиртай болохыг тэд ойлгохгүй байгаа бололтой. Жишээ нь, таны худалдах гэж байгаа зүйлийг нэг сая төгрөгийн үнэтэй гээд байхад үгүй ээ би зуун төгрөгөөр зарна гээд байгаатай адил. Ийм л эрүүл бус, ардаа олон асуултын тэмдэгтэй хувилбар гарган засгийн газар биелүүлэхээр зүтгэж байгаа нь олон түмнийг гайхахад хүргэж байна.
Тус нэгдэлд одоогийн байдлаар монгол улсын төсвийн 30 орчим хувийг бүрдүүлж байгаа Монголын томоохон үндэсний компаниудаас авхуулаад жижиг гэх ангилалд орох ч компани нэгдэн орсон байгаа юм байна. Энэ хэдхэн компани л Тавантолгойг ашиглах гээд байгаа юм шиг буруу ойлголт газар аваад байгаа нь худлаа мэдээлэл болж таарлаа. Учир нь “Монгол 999 Үндэсний Нэгдэл” –д элсэн орох үүд хаалга монголын бүх компанид нээлттэй. Яагаад хувь хүн иргэн бүртгүүлж болохгүй байгаа гэхээр одоогоор мөрдөгдөж байгаа компанийн тухай хуулиас улбаатай гэнэ. Тус хуулинд өөрчлөлт хийх шаардалгыг тэд тавина, өөрчлөлтийг хийлгэх ч болно гэж үзэж байгаа гэлээ. Энэхүү өөрчлөлт хийсэн тохиолдолд Монголын 2.7 сая иргэн бүгд “Монгол 999 үндэсний нэгдэл”-ийн хувьцаа эзэмшигч болох боломжтой юм байна. “Монгол 999 үндэсний нэгдэл-д хамрагдаж байгаа нэр бүхий хэдхэн компани Тавантолгойн баялагт эзэн суух гээд байгаа гэх мэдээлэлд тэд ийнхүү бодит тайлбарыг хийсэн юм. Ер нь монголчууд л зуун хувь орд газраа ашиглах эрх болон эзэмшилээ авч үлдэж байвал тэдний зорилго биелэж байгаа хэрэг гэнэ.
Өөр эх сурвалжаас авсан мэдээллээр “Монгол 999 Үндэсний нэгдэл” ХК – ний ТУЗ- ын гишүүд Ерөнхий сайдтай уулзах хүсэлтээ албан ёсоор илэрхийлж хүсэлт илгээсэн гэнэ. Тэдний уулзалтаар Засгийн газрын тэргүүн ямар тайлбар хийхийг харах л үлдэж байна. “Монгол 999 Үндэсний нэгдэл” нь Тавантолгойн лиценз эзэмшигч болох зорилготой бус харин Монгол Улсын төртэй хамтран Монголын бүх иргэдийг оруулахуйц хувьцаат компани байгуулж улмаар орд газрынхаа үнэ цэнийг нь тодорхой болгож оператор компаниудаа хамтран сонгох эрх мэдлийг л хүсч байгаа ажээ. Энэ эрх мэдэл гадаадын хүмүүсийн гарт орох аваас Оюутолгой дээр монгол хүн ажиллах боломжгүй болчихоод байгаа жишээ дахин давтагдах аюул тулгараад байгаа гэж тэд үзэж байна.
Засгийн газар уг орд газрыг хоёр хуваахаар төлөвлөж байгаа. Нүүрсээ огт боловсруулахгүйгээр шууд түүхийгээр нь борлуулах тохиолдолд ордыг хувааж болно. Харин маш олон төрлийн үйлдвэр барихаар төлөвлөж байгаа тохиолдолд энэ орд газар цулаараа байх зайлшгүй шаардлагатай. Учир нь олон төрлийн үйлдвэрлэлд ашиглагдах нүүрс бүхэн онцлогтой, үзүүлэлт чанар нь өөр өөр байдаг. Тиймээс жишээ нь миталургийн үйлдвэр, коксийн гэх мэт үйлдвэр байгуулсан тохиолдолд орд газар нэгдсэн удирдамжин дор байх ёстой. Нэгдсэн удирдамж гэдэг нь орд газрын аль аль хэсэгт металургийн үйлдвэрт тохиромжтой нүүрс байна, түүнийг зөвхөн тус үйлдвэрт ашиглах гэх мэт мэргэжлийн нарийн олон асуудал байдаг байна.