УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр 14.30 цагаас эхлэх ёстой байсан ч гишүүдийн ирц бүрдээгүйгээс нэлээд цаг алдсан юм. Эцэст хуралдаан эхэлсэн ч хоёрхон асуудлыг хэлэлцээд өнөөдрийн хуралдааныг дуусгав. Хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн бөгөөд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжив. Харин үүний дараа Газрын тосны бүтээгдэхүүнийг худалдан борлуулах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, уг төслийг дэмжье гэсэн томьёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн олонхи дэмжлээ. Уг нь энэ хурлаар Тавантолгойн орд газрын ашиглалтын тухай Засгийн газраас оруулж ирсэн Хөрөнгө оруулалтын гэрээний төслийн анхны хэлэлцүүлгийг хийх, Банкин дахь мөнгөн хадгаламжид баталгаа гаргах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдэх, Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний тухай УИХ-ын 2009 оны 57 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Сангийн сайд С.Баярцогт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх нар мэдээлэл хийх байсан ч бүгд хойшиллоо.
Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2011 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоол, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг болон Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах асуудлаар намын бүлгүүд саналаа нэгтгэх шаардлагатай гэсэн үндэслэлээр эдгээр асуудлыг хэлэлцэхээ хойшлуулжээ.
Одоогийн байдлаар УИХ дахь намын бүлэг тус бүрээс Тавантолгойн асуудлаар ажлын хэсэг гарсан, мөн УИХ-аас бас нэг ажлын хэсэг гарч, гурван ажлын хэсэг хуралдаж байгаа ч нэгдсэн байр суурьт хүрээгүй байна. Гэтэл УИХ-ын хаврын чуулганыг ирэх даваа гаригт хаахаар товлоод байгаа. Тиймээс Ерөнхий сайд С.Батболдын амласанчлан Тавантолгойн ордын хөрөнгө оруулалтын гэрээг батлах асуудал хаврын чуулганыг давж, ирэх намрын чуулганаар шийдэгдэх бололтой.
Б.ЭНХ
Холбоотой мэдээ