Жин хэмжүүрүүдийг шалгаач…

Хуучирсан мэдээ: 2014.07.24-нд нийтлэгдсэн

Жин хэмжүүрүүдийг шалгаач…

Урд хөрш рүү ганзагын наймаанд явах нэгэндээ“Хятад худалдаачидад хулхидуулав. Эй дээ авах бараагаа сайн шалгадаг юм шүү” гэж аминчлан захих нь бий. Харин одоо харийн наймаачдад тавьдаг хяналтаа дотоодын худалдаачиддаа тавих цаг болжээ. Тэр тусмаа та кг-ын бүтээгдэхүүн авах бол жин хэмжүүр нь баталгаатай эсэх, мөн кг-даа хүрч байгаа эсэхийг нягтлаад нэг үзээрэй.

 

Наадмын дараахан хөдөөг зорих өвөөгийнхөө бэлтгэлийг хангахын тулд гэрийнхээ ойролцоох хүнсний дэлгүүрээс хүнс базаахаар болов. Энэ үед ихэнх худалдааны төвүүдийн наадмын амралт дуусаагүй байсан хэрэг.

Хамгийн түрүүнд “Миний сүлжээ” дэлгүүрийг зорив, амттай, гайгүй гэсэн чихрийн үнэ 12000 төгрөг аж. Хоёр кг чихэр худалдаж аваад, арай хямд үнэтэй чихэр хайхаар шийдсэн хэрэг. За тэгээд таван ч хүнсний дэлгүүр орлоо, орсон дэлгүүр бүрээсээ 2 кг чихэр худалдаж авав. Кг дээр нь “ажиллуулчихгүйг” хичээж жин хэмжигчийг тун сайн харна, 2 кг заана. Гэвч дэлгүүр бүрийн чихрийн кг нь өөр, өөр байх шиг хар төрөөд болдоггүй. Гэртээ хойноо гар жингээр жинлээд үзвэл  “Миний сүлжээ” дэлгүүрээс авсан чихэр, мөн замын урд байрлах хүнсний дэлгүүрээс авсан чихэр кг-даа хүрсэнийг эс тооцвол бусад нь дутах нь тэр. 100-180 гр хүртэл дутав. За ингээд 1 кг нь 10500, 9500, 8500 төгрөгийн үнэтэй чихэр авч олон айлд хүрэлцээтэй чихэр боох гэсэн биш бүр кг дээрээ ажиллуулаад, хохирсон хэрэг.

Үүнээс хойш гэрийн ойролцоох хүнсний дэлгүүрээс чихэр худалдан авахаас жийрхдэг болж “Бөмбөгөр” худалдааны төвийг зорьсон нь бас л дээрдсэнгүй.

Ер нь кг-аар худалдаж авдаг хүнсний бүтээгдэхүүн зөвхөн чихэр биш. Гурил, будаа, элсэн чихэр, жимс, жимсгэнэ, мах, сүү юу эс билээ. Харин худалдан авсан бүтээгдэхүүн бүр 100 граммаар дутаж худалдан авсан үйлчлүүлэгч хохирсоор байгаад Мэргэжлийн хяналтын газрын байцаагчид анхаарлаа хандуулах цаг болсон юм биш үү.

Жин хэмжүүрийн баталгааг Стандартчилал хэмжил зүйн газар хийдэг гэдэг утгаар нь тус газартай холбогдож, дээрх асуудлын талаар гомдол тавибал энэ асуудлыг Мэргэжлийн хяналтын газар хариуцдаг аж.

Харин тус Стандартчилал хэмжил зүйн газар нь жилдээ хоёр удаа жин хэмжүүрүүдийг баталгаажуулдаг. Өөрөөр хэлбэл, хүнсний бүтээгдэхүүн кг-даа хүрч байгаа эсэхэд Мэргэжлийн хяналтын улсын байцаагчид хяналт тавих үүрэгтэй болохоос Стандартчилал хэмжил зүйн газрынхан оролцох боломжгүй, хуулиараа ийм эрх нь хязгаарлагджээ.

Дэлхий нийтийн жишгээр бол эсрэгээрээ, Стандартчилал хэмжил зүйн газар хэмжил зүйд хяналт тавих үүрэг хүлээдэг юм байна.

Тиймээс хууль эрх зүйн орчинд өөрчлөлт оруулж, хэмжил зүйд тавих хяналтыг Стандартчилал хэмжил зүйн газарт шилжүүлбэл яасан юм бэ.

Нөгөөтэйгүүр, Улаанбаатар хотын хэмжээнд байх хүнсний томоохон захуудад Стандартчилал хэмжил зүйн газар нэг, нэг баталгаатай жин хэмжүүрийг байршуулж болохгүй юу гэдгийг хэлэхийг хүслээ. Ингэвэл иргэд худалдааны төвөөр үйлчлүүлж, наймаачдаас кг-ын бүтээгдэхүүн худалдан авсныгаа давхар жинлэж үзээд шалгадаг болчихвол хэн, хэндээ хэрэгтэй тусмаар санагдана.

Яагаад гэвэл, Стандартчилал хэмжил зүйн газраас баталгаажуулсан жин хэмжүүрүүдийг худалдагчид өөрсдөө өөрчилж засдаг, мөн хоёр жин хэмжүүртэй байдаг бөгөөд шалгалтынхан явах үед сольж тавьдаг гэх яриа байна. Жин хэмжүүрийг худалдан авахад нэг их үнэтэй биш, 10.000-20.000 ажээ.

Г.НАРАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж