Висенте дел Боске гэрээгээ сунгалаа

Хуучирсан мэдээ: 2014.07.24-нд нийтлэгдсэн

Висенте дел Боске гэрээгээ сунгалаа

Испанийн шигшээ багийн дасгалжуулагч Висенте дел Боске шигшээ багаа үргэлжлүүлэн удирдахаар болж, хоёр жилийн гэрээ байгуулжээ.

2010 оны дэлхийн аварга Испанийн шигшээ баг "Бразил-2014" тэмцээний хэсгийн шатнаас шалгарч чадаагүй билээ. Испанийн шигшээ 2014 оны ДАШТ-д В хэсэгт Нидерланд, Чили, Австрали улсын хамт багтсан юм. ДАШТ-ий нээлтийн тоглолтдоо Нидерландад 5:1, хоёр дахь тоглолтдоо Чилид 2:0-ийн харьцаатай хожигдож, Австралийг 3:0-оор хожсон. 2008 оноос хойш хөлбөмбөгийн ногоон талбайг ноёлсон Испанийн шигшээ 2014 оны ДАШТ-ий хэсгийн шатнаас хасагдаж, эх орондоо ганзага хоосон буцсан.

Испанийн шигшээ баг 2008 оны Европийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон бүрэлдэхүүнээ найман жилийн дараах 2014 оны ДАШТ-д өөрчлөөгүй. Тиймээс ДАШТ-ий дараа Висенте Дель Боскег шигшээ багаа орхиж магадгүй гэсэн яриа гарсан. "Бид илүү сайжрах хэрэгтэй. Хоёр жилийн дараа Европын аварга цолоо хамгаалах хүсэл дүүрэн байна" гэж Висенте Дель Боске өгүүлжээ.

Испанийн шигшээ баг 2008, 2012 онд Европийн аварга, 2010 онд дэлхийн аварга болсон юм. 

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж