-Сүүлийн хэдэн арван жилийн дотор гарсан иргэний агаарын тээврийн ослууд–
Нисэхийн ослууд: Он дарааллын хуудсууд
Малайзийн "Боинг-777» агаарын хөлгийн сүйрэл. Фото: Максим Змеев / Reuters
Долдугаар сарын 17-ны өдөр Украины зүүн нутагт Malaysian Airlines компанийн Boeing 777 онгоц Амстердамаас Куала-Лампурын чиглэлд нисч яваад осолдсон билээ. Онгоцонд явсан 283 зорчигч, багийн 15 гишүүд бүгд амь үрэгджээ. Үүнтэй холбон сүүлийн хэдэн арван жилийн дотор гарч байсан иргэний агаарын тээврийн томоохон ослуудын талаар өгүүлж байна.
Осол ба сүйрлүүд
Нисэхийн түүхэн дэх хамгийн том сүйрэл 1977 оны гуравдугаар сарын 27-нд гарчээ. Тэр өдөр Испанийн Тенерифе арлын онгоц бууж, хөөрөх зурвас дээр Америкийн "Пэн Американ" ба Нидерландын "Хааны нисэхийн компани" гэдэг компаниудын хоёр "Боинга 747" мөргөлдөн сүйрч, нийтдээ 583 хүн амиа алдсан юм.
Хохирогчдын тоогоор хоёрт орох том осол Японд 1985 оны арванхоёрдугаар сарын 12-нд гарав. Фүжи уулаас холгүй Japan Airlines компанийн "Боинг 747" унах үеэр 520 хүн амиа алдсан байна. Мөрдөн байцаалтаар уг онгоцны осол нь засвар хийж байсан хүмүүсийн хайнга ажиллагаанаас үүдэлтэйг тогтоожээ. Техникийн гажигийн улмаас онгоц удирдлагаа алдан унажээ. Зорчигчдоос зөвхөн дөрвөн хүн л амьд үлдсэн байна.
Үүнээс 11 жилийн дараа 1996 оны арваннэгдүгээр сарын 12-нд Энэтхэгийн нийслэл Делигээс 75 км-ын зайд цагийн 500 км-ын хурдтайгаар нисч байсан хоёр онгоц мөргөлдөв. Казахстаны Чимкент хотоос Делийн зүг "Ил-76" онгоц нисч явлаа. Онгоцонд 27 зорчигч, багийн 10 гишүүд байсан юм. Тэдний урдаас агаарт "Боинг-747" хөлөг хөөрч Саудын Арабын зүг чиглэлээ авчээ. Онгоцонд 312 хүн явжээ. Онгоцнууд мөргөлдсөний дараа 500 тонн шатсан металл газарт унан найман км-ийн хүрээнд цацагдсан байжээ.
"Сауди Эйр" нисэхийн компанийн "Локхид L-1011-Трайстар" онгоц 1980 оны наймдугаар сарын 19-нд "Эр-Рияд"-ын нисэх буудлаас Жидда хотын зүг нислэг хийхээр хөөрөв. Онгоц өндрөө авч байх үеэр ачааны арын хэсэгт гал гарлаа. Онгоц эргэн буулт хийсэн ч зорчигчдыг гаргах ажиллагаа удааширснаас онгоцонд явсан 302 зорчигч бүгд утаан галд амиа алджээ.
Иргэний агаарын тээврийн онгоцнууд хэд хэдэн удаа цэргийнхний ажиллагаанаас сүйрч байлаа. Ираны эйрлайны А300 аэробусын 290 зорчигчдын хувьд 1988 оны долдугаар сарын 3 сүүлчийн өдөр нь болжээ. Онгоц Тегеранаас хөөрч Персийн булангийн дээгүүр Дубайд буухаар нисч байсан байна. Тэр цагаар Персийн булангийн усан Америкийн тэнгисийн цэргийн "Винсеннес" крейсер байлдаж байсан Иран-Иракийн дайнаас Кувейтын тээврийн хөлөг онгоцнуудыг хамгаалж байлаа. Америкчуудын албан ёсны мэдээгээр, тэд Ираны аэробусыг "F-14" сөнөөгч онгоц гэж үзээд хоёр пуужингаар бууджээ. Америкчууд уг хэргийг дайны тохиолдол гэж үзсэн ба хөлөг онгоцны дарга шийтгэлгүй өнгөрчээ. Зөвхөн 1996 онд 62 сая ам.долларыг сайн санааны үүднээс хэмээн АНУ төлсөн ба түүнийгээ нөхвөр гээгүй юм.
Өмнөд Солонгосын 269 зорчигчтой явсан "Боинг-747" онгоцыг цэргийн онгоц гэж Зөвлөлтийн Агаараас хамгаалах хүчин 1983 оны есдүгээр сарын 1-нд Сахалины арлаас холгүй сөнөөжээ.
Нью-Йоркаас Сөүлд буухаар нисч байсан агаарын хөлөг чиглэлээсээ гарч Зөвлөлтийн агаарын хилийг зөрчжээ. Угтан сөнөөгч Су-15 хоёр онгоцыг зөвлөлтийнхөн хөөргөсөн байна. Сөнөөгч онгоцнууд хил зөрчигчийг хөөн гүйцээд дагалдан нисч байв. Газраас өгсөн тушаалын дагуу “Боингийг хоёр пуужингаар буудан унагажээ. Мөрдөн байаалтын явцад нисгэгч нар нь авто нислэгийн төхөөрөмжөө өөрсдөө мэдэлгүй буруу тохируулан хил зөрчсөн нь тогтоогджээ. Тэд угтан сөнөөгч онгоцнуудыг хараагүй байсан гэдэг.
Польшийн Нисэх хүчний "Ту-154" онгоц Оросын Смоленскийн орчим 2010 оны дөрөвдүгээр сарын 10-нд осолдлоо. Тэр үеэр Польшийн улс төрийн элитийн 96 хүн амь үрэгджээ. Онгоцонд Польшийн ерөнхийлөгч Лех Качиньский эхнэрийн хамт мөн зэвсэгт хүчнийх нь бараг бүх командлал, улстөрчид, шашин, нийгмийн зүтгэлтнүүд явж байжээ. Онгоц хүчтэй манан дунд нисч байсан ба түүнд нөөц буудалд буух санал тавьсан ч нисгэгч нар нь татгалзсан юм. Онгоц газардах үеэрээ мод мөргөн агаарт задран унажээ. Ослын албан ёсны шалтгаан нь нисгэгч нарын алдаа гэж үздэг. Харин Польшийн тал тийм хүнд нөхцөлд орос диспетчерүүд онгоцыг албадан буулгасан гэдэг.
Террор
Онгоцнууд хувь хүний хүчин зүйл, техникийн гэмтэл, цаг агаарын нөхцөл, цэргийнхний довтолгоос болон унаад байдаггүй. Иргэний агаарын тээврийн хөлгүүд алан хядагчдын үйлдлийн улмаас сүйрсэн нь цөөнгүй.
3000 орчим хүний аминд хүрсэн агаарын хамгийн дуулиантай террор 2001 оны есдүгээр сарын 11-нд хийгдсэн билээ. Тэр өдрийн өглөө 19 террористуудаас бүрэлдсэн бүлгүүд шууд дөрвөн агаарын хөлгийг эзэлжээ. Эдгээр онгоцнуудын хоёроор нь Нью-Йоркийн Дэлхийн худалдааны төвийн ихэр хоёр цамхагийг мөргүүлэн өндөр байшингуудыг нураасан юм. Гурав дахь онгоцоор нь Пентагоны төв байрыг мөргүүлжээ. Өөр нэг онгоц нь Конгрессийн байрыг мөргөх ёстой байсан ч онгоцны зорчигчдын эсэргүүцлийн улмаас Пенсильвани мужийн Шенксвилл хотын орчим унасан байна.
Бас нэг террор Ирландын эрэг орчмын тэнгэрт 1985 оны зургадугаар сарын 25-нд гарсан юм. "Эйр Индиа" компанийн "Боинг-747" Монреаль-Лондон-Дели-Бомбей чиглэлийн нислэг хийж байжээ. Онгоц 9400 метрийн өндөрт дэлбэрч сэг нь Атлантын далайд унасан байна. Онгоцны 329 зорчигч бүгд амь үрэгдсэн.
Мөрдөн байцаалт хорь орчим жил үргэлжлэв. Канадын засаг захиргаа уг ослын буруутан нь Энэтхэгийн хэт даврагчид гэж тогтоосон байна. Хойд Америкт суурилсан сикхийн дайнч бүлгийнхэн онгоцны ачаанд бөмбөг тавьсан байжээ. Аюулгүйн албаныхан нь аллага хийгдэх гэж байгаа мэдээлэл авсан байсан ч тэсрэх төхөөрөмжийг зорчигч нарын нэг онгоцонд оруулсан нь тогтоогджээ. Харин сикхүүд өөрсдийгөө энэ аллагад хамаагүй гэдэг.
"Пан Американ" компанийн "Боинг 747-100" онгоц 1988 оны арванхоёрдугаар сарын 21-нд агаарт дэлбэрэх үеэр 270 хүн амиа алджээ. Онгоц Лондоноос Нью-Йоркийн чиглэлд нисч байсан ба дэлбэрэлт Шотландын Локрби хотын тэнгэрт болжээ. Олон жилийн турш уг террорын буруутнаар Ливийн Засгийн газрыг нэрлэж байгаа юм. Мөн онгоцыг устгах тушаалыг аятолла Хаменеи өгсөн гэдэг бөгөөд Иран буруутан гэж үздэг аж.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР