Зохион байгуулалт, буруу шүүлт, мянга мянган зөгий дүнгэнэх мэт вувузела гэх хуванцар бүрээн дуу, Жабулани бөмбөг гээд энэ жилийн хөлбөмбөгийн агуу “фестиваль” багагүй шүүмжлэл дунд үргэлжилж байна. Гэсэн хэдий ч хамгийн арвин түүхтэй, хамгийн олон хөгжөөн дэмжигчтэй хөлбөмбөгийн спортын тэргүүн наадам дөрвөн жилд ганц удаа сая сая фанатыг нэг дор цуглуулж чаддаг нь сөргөшгүй үнэн. Одоогоор дэлхийн аварга шалгаруулах тэмцээний тоглолтыг нийт 2,69 сая хүн үзэж сонирхсон нь нэг тоглолт дунджаар 48 мянган үзэгчтэй байсан гэсэн тооцоо гаргахаар байна. Түүнчлэн одоогийн байдлаар 123 гоол хаалганд ороод байна.
Анх удаагаа Хар тивд зохион байгуулж буйгаараа онцлогтой FIFA-гийн 19 дэх удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн оргил үедээ үргэлжилж байгаа. Нийт 64 тоглолтын 56 нь болж, өдгөө наймхан ширүүн тулааны дараа “Алтан дагина”-ын эзэн тодрох гэж байна. Бүтэн дөрвөн жил хүлээсэн хүсэл мөрөөдлийнхөө төлөө өрсөлдсөн дэлхийн 32 шилдэг багаас эдүгээ найм нь л тунан үлдээд байна.
Энэ жилийн дэлхийн аваргад Өмнөд Америк тивийн багууд тун ч хүчирхэг байж, шөвгийн 16-д тус тивээс таван баг үлдсэний дөрөв нь (Уругвай, Аргентин, Бразил, Парагвай) дунд шөвөгт шалгараад байгаа. Тус тивийн хувьд 1930 онд болсон анхдугаар дэлхийн аваргаас хойшхи анхны энэ хэмжээний өндөр амжилт нь юм. Мөн шөвгийн наймд Европ тивээс Герман, Голланд болон Испанийн багууд шалгарсан. Шөвгийн 16-д учраа таарсан Герман болон Английн сонгодог тулаанд “Машинууд” 4:1 харьцаатай өрсөлдөгчөө бут ниргэж, хөлбөмбөгийн эх орон англичууд дэлхийн аваргын түүхэнд хамгийн том ялагдлаа хүлээсэн билээ. Харин Хар тивийн цорын ганц найдвар болж үлдсэн Ганын шигшээ Америкийн багийг хожиж, шөвгийн наймд шалгарсан түүхэн дэх ердөө гурав дахь Африкийн баг болсон нь энэ жилийн дэлхийн аваргын бас нэгэн онцлог. Түүнчлэн хасагдах шатны эхний тоглолтоос АНУ болон Мексикийн Хойд Америкийн хоёр баг, мөн Япон, Өмнөд Солонгос нарын Азийн хоёр баг нутаг буцсан юм.
Гэхдээ шүүгчийн алдаанаас шалтгаалж, харуусал дүүрэн нутаг буцсан багууд нэг бус байсан нь харамсалтай. Энэ ч утгаараа шүүгчид төдийгүй дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулагчид, ФИФА ихээхэн шүүмжлэлтэй тулгарч, тоглолтын техникийн хангамжийг сайжруулах, хаалганы шугамд мэдрэгч байрлуулах зэрэг асуудлыг хөндөж эхлээд байна. Эдгээр асуудалтай холбоотойгоор ФИФА-гийн ерөнхийлөгч Зепп Блаттер албан ёсоор уучлал хүсч, асуудлыг шийдвэрлэх тал дээр анхаарахаа мэдэгдээд байгаа юм.
Шүүгчийн алдаатай, эргэлзээтэй шийдвэрүүд тоглолтын хувь заяаг шийдэж, нэгэнд нь баяр хөөр, харин нөгөөд нь гуниг харуусал хуруулсан жишээ олон бий. Англи Германд 4:1-ээр ялагдахад Лампардын оруулсан гоолыг тооцоогүй Уругвай шүүгч Хорхе Ларионда, Аргентин 3:1-ээр Мексикийн шигшээг хожиход Карлос Тевезийн отон тоглолтоос оруулсан гоолыг тооцсон Италийн шүүгч Роберто Россети, мөн Испани Португалийн тоглолтын хувь заяаг шийдсэн цорын ганц гоолын эзэн Давид Вилья мөн л отон тоглолтоос гоолдсон ч шүүгч анзаараагүй гээд асуудал нэгээр дуусаагүй. Гэхдээ Вильягийн отон тоглолтоос цохисон бөмбөгийг хаалгач хааж, буцаад ойсон бөмбөгийг Вилья оруулсан ч шүүгчийн буруутай шүүлтэд “Европын бразилчууд” сэтгэл дундуур байгаа юм. ФИФА ч эдгээр шүүгчдэд хариуцлага хүлээлгэж, алдаа гаргасан шүүгчдийг шөвгийн наймын тоглолт шүүлгэхгүй байхаар шийдээд байгаа.
Юутай ч дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дунд шөвөгт шалгарсан найман багийг авч үзвэл, Бразил, Аргентин гэсэн тэргүүн төлөөлөлтэй Өмнөд Америкаас дөрөв, аугаа түүхэн замналтай Буурал тивээс ердөө гурав, харин зохион байгуулагч Хар тивээс нэг баг багтжээ.
Энэ жил “Алтан дагина” Хар тивд очно гэсэн олны таамаг өдгөө намжиж, харин Өмнөд Америкийн хүчирхэг гүрнүүдэд найдлага тавьж байна. Хэдийнээс алдартай Европын багууд энэ удаад сөхөрч, тахимаа өгөх бололтой гэсэн таамаг хөлбөмбөг сонирхогчдын дунд таржээ. Гэхдээ үүнийг бид мэдэх хэрэг биш билээ.
С.ЦЭЛМЭГ
Холбоотой мэдээ