Сүүлийн жилүүдэд осол гэмтлийн нэг гол шалтгаан болох зам тээврийн осол эрс нэмэгдэж байна. Энэ нь юунаас үүдэлтэй болох, замын хөдөлгөөнд оролцогчдын замын хөдөлгөөний аюулгүй байдлын мэдлэг, хандлага, дадал нь ямар болохыг тодорхойлох үүднээс Мянганы Сорилтын сангийн Эрүүл мэндийн төслөөс судалгаа явуулжээ. Энэхүү судалгааны дүнг танилцуулах “Замын хөдөлгөөний аюулгүй байдал” оролцогч талуудын уулзалт маргааш 09:00-12:30 цагийн хооронд ЭМЯ-ны Сургалт, мэдээллийн төвд болох аж.
Зам тээврийн осол гэмтэл нь хүн, тээврийн хэрэгсэл, зам гэсэн үндсэн гурван хүчин зүйлээс хамаардаг. Тиймээс явган зорчигч, жолооч, замын цагдаа нарын замын хөдөлгөөний аюулгүй байдлын мэдлэг, хандлага, дадлын судалгааны тайлангаас үзэхэд, явган зорчигч, жолооч нарын хамгийн их сэтгэл зовоодог асуудал нь агаарын бохирдол, замын түгжрэл, ядуурал байжээ. Мөн гурван хүн тутмын нэг нь зам тээврийн осол гэмтлийн талаар маш ихээр санаа зовнидог гэжээ. Явган зорчигчдын 63 хувь нь замын нөхцөл байдлыг “аюултай” хэмээн үнэлсэн байна. Замын хөдөлгөөний дүрмийг маш муу мөрдөж буй нийтийн тээврийн хэрэгслийн нэгдүгээрт микроавтобус оржээ. Дараа нь автобус, такси орсон байна. Судалгаанд хамрагдсан гурван бүлгийнхний үнэлгээгээр хамгийн муу үнэлгээг “замын чанар” авч, дараагийн тааруу үнэлгээг замын байгууламж, замын гэрэлтүүлэг, жолооны сургалт, жолоочийн болон явган зорчигчдын хөдөлгөөний соёл авсан байна. Явган зорчигчдын бараг тал хувь нь явган хүний зам муу хэмээгээд, одоогийн замын нөхцөл байдал дугуй унахад аюултай хэмээн 71 хувь нь үзэж, хэрэвзээ дугуйн зам байвал тэдний 65 хувь нь дугуй унахад бэлэн гэдгээ илэрхийлжээ. Тэдний зам тээврийн осол гэмтлийн талаарх мэдлэгийн түвшинг тогтооход олонхи нь буюу 62 хувь нь дунд үнэлгээ авсан байна. Боловсролын түвшин нэмэгдэхэд тэдний мэдлэгийн түвшин нэмэгдэж байгаа нь харагджээ. Тухайлбал судалгаанд хамрагдсан боловсролын түвшин бага, боловсрол огт эзэмшээгүй явган зорчигчид илүүтэй муу үнэлгээ авч байхад, дундаас дээш боловсролтой оролцогчид илүү олон зөв хариулт мэдэж байлаа. Жолооч нарын ч замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг маш хангалтгүй (72 хувь нь дунд, 15 хувь нь муу) байв. Тэдний согтуурлын төвшин ямар байхад жолоо барихыг зөвшөөрдөг тухай мэдлэг ч муу байсан гэнэ. Ерөнхийдөө буруу зуршлаа өөрчлөх хэрэгтэй юм байна гэсэн ойлголтыг явган зорчигч, жолооч, замын цагдаа гээд хэн бүхэнд өгөхүйц үр дүнтэй судалгаа болсон ажээ.
Д.ОЮУН
Холбоотой мэдээ