Манай сайт өчигдөр Яаралтай тусламжийн тэрэг осолдож, машинд явсан эмчийн биеийн байдал сайнгүй байгаа талаар шуурхай мэдээлэл хүргэсэн билээ. Өчигдөр өглөөний 09 цагийн үед уг осол болсон юм. Түргэн тусламжийн төвийн машиныг дуудлагын дагуу Замын цагдаагийн газрын баруун талын уулзвараар зам гарч явахад нь микроавтобус хажуугаас нь мөргөснөөр Түргэний машинд сууж явсан эмч, жолооч хоёр хоёул гэмтсэн. Хохирогчдын бэртэл гэмтэл ямар байгаа талаар Яаралтай түргэн тусламжийн төвийн дэд захирал С.Ариунболдоос тодруулахад “Жолооч тархиа бариулж байгаа ч ажлаа үргэлжлүүлж байгаа. Эмч маань хавиргаа хугалсан тул хэд хоногтоо ажиллах боломжгүй болсон. Эмчилгээ хийлгэж байгаа. Ер нь замын хөдөлгөөний дүрэмд зааснаар гал унтраах, цагдаа, яаралтай түргэн тусламжийн тэрэг дуут дохиоллоо ажиллуулан замын хөдөлгөөнд оролцож байгаа тохиолдолд жолооч нар зам тавьж өгөх үүрэгтэй. Гэтэл замын хөдөлгөөнд оролцогч нар энэ дүрмийг үл ойшоож, хүндрэл учруулдаг . Тухайн түргэний тэрэг дуудлаганд явж байна гэдэг нь хэн нэг хүний амь настай шууд холбоотой. Магадгүй таны хажууд яарж давхих тэргэн дотор жолооч таны таньдаг, мэддэг хэн нэгэн тань явж байхыг үгүйсгэхгүй юм” гэлээ.
П.НАРАН