Монгол улс гадаадын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах тодорхой алхмуудыг хийгээд байгааг УИХ-ын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг Токио хотноо болж буй Монгол-Японы эдийн засгийн форумд оролцогчдод хэллээ. Тухайлбал, өнгөрсөн онд Хөрөнгө оруулалтын хууль, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль, Үнэт цаасны тухай хууль, энэ 2014 онд Ашигт малтмалын тухай хууль мөн Газрын тосны тухай хуулиудыг УИХ-аас баталсан нь Монголд хөрөнгө оруулалтын орчинг тогтвортой байлгахад чиглэсэн цогц арга хэмжээ байсныг Ч.Сайханбилэг онцоллоо. Гэхдээ эдгээр арга хэмжээг Монголын төрөөс хөрөнгө оруулагчдад хайнга хандаж, хууль эрх зүйн орчныг дордуулсан хэд хэдэн шийдвэр гаргаж, улмаар сүүлийн хоёр жилд эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд доройтсоны дараа авч хэрэгжүүлсэн гэлээ. “Монголын эдийн засгийн өсөлт хурдацтай байсан он жилүүдэд монголчууд өөрсдөө хөгжөөд явчих юм шиг санагдаж байсан үе бий. Энэ бол алдаа байсан. Гэхдээ хамгийн гол нь алдаагаа засах чадвартай байх нь хамгийн чухал” хэмээн Ч.Сайханбилэг хэллээ.
Шинээр батлагдан гарсан хуулийн төслүүд нь хэд хэдэн таатай нөхцөлийг бий болгож байгаа юм. Тухайлбал, шинэ хөрөнгө оруулалтын хуулиар хөрөнгө оруулагчдыг гадаад, дотоодын гэж ялгахаа больж ижил нөхцөл олгосон, хөрөнгө оруулалтыг стратегийн болон стратегийн бус хэмээн ангилж ялгавартай хандах хуулийн төслийг цуцалсан, хөрөнгө оруулалтыг тухайлан хариуцсан бүтэц бий болгоод байгаа юм. Мөн хөрөнгө оруулалтын сангийн бүхий л механизмыг хуулиар бий болгож өгсөн билээ. Энэ сарын эхээр өндөрлөсөн УИХ-ын хаврын чуулган завсарлахынхаа өмнө хөрөнгө оруулагчдын хүсэн хүлээж байсан Ашигт малтмалын тухай хуулийг батлан гаргасан бөгөөд ингэснээр ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг олгохыг цуцлаад байсан зургаан жилийн хориг дуусгавар болсон билээ. Мөн төр-хувийн хэвшлийн хамтран хэрэгжүүлэх 56 төслийн жагсаалтыг Засгийн газар батлаад байна. Эдгээр 56 төслийн дийлэнх дэд бүтцийн салбарт хамаарч байгаа юм.
Монгол-Японы эдийн засгийн хамтын ажиллагаа банк санхүүгийн салбарт өргөжин тэлж байгаагийн нэг илрэл нь өнгөрсөн жил Японы хоёр банк Монголд төлөөлөгчийн газраа нээсэн бол энэ жил Монголын мөн хоёр банк Токио хотноо төлөөлөгчийн газар нээж байгаа явдал хэмээн Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал форумд оролцогчдод хэллээ. Монголын Худалдаа хөгжлийн банк болон Үндэсний хөрөнгө оруулалтын банк Монгол Улсын Ерөнхийлөгчийн Японд хийж байгаа айлчлалын үеэр төлөөлөгчийн газраа нээж байгаа юм.
Монгол улсын эдийн засгийн үзүүлэлт муудаж, нэн ялангуяа валютын нөөц буурч байгаа гэсэн таагүй мэдээллийн талаар Японы хөрөнгө оруулагчийн асуултад Н.Золжаргал “хэдийгээр валютын нөөц тодорхой хэмжээгээр буурсан ч ноцтой аюул дагуулахгүй” хэмээн хариуллаа. Түүний хэлснээр одоогийн байдлаар Монгол Улсын валютын нөөц 1.6 тэрбум ам.доллар байгаа аж. Монгол улсын Төв банк БНХАУ-ын Төв банктай Үндэсний валют солилцох гэрээтэйг дурдаад энэ гэрээний дагуу Монгол улс 1.7 тэрбум юанийн своп гэрээтэй байгаа бөгөөд энэ хүчин чадлыг бүрэн ашиглаагүй байгаа юм байна. “Энэ гэрээ ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс дахин гурван жилээр сунгагдана. Монгол улсын гадаад худалдааны 80 хувь нь юаниар хийгдэж байгаа нөхцөлд валютын нөөцийн асуудал аюул болох болоогүй” хэмээн Н.Золжаргал хэллээ.
Д.НАРАНТУЯА