“Шинэ Азиа Майнинг”-ийн төлөвлөгөө амжилттай нурлаа

Хуучирсан мэдээ: 2010.06.30-нд нийтлэгдсэн

“Шинэ Азиа Майнинг”-ийн төлөвлөгөө амжилттай нурлаа

Хэн ч мэддэггүй байсан “Могойн гол”-ын уурхай улстөрчдийн анхаарлын төвд орохоор гэтэн гэтсээр овоохон амжилтад хүрч Дулааны цахилгаан станц байгуулах шахав. Өөрөөр хэлбэл,  Оюутолгой, Тавантолгой, Төмөрт гэсээр Хөвсгөлийн Цэцэрлэг суманд Тавантолгойтой өрсөлдөхүйц чанартай нүүрсний орд байгаагаа таг мартчихаж л дээ. Тэгээд саяхан санаад, огцом зүтгүүлсэн чинь гэрлийн хурдаар урагшилж хөрөнгө оруулагч, гүйцэтгэгч компани зэрэг нь  нүд ирмэхийн зуурт олдсон байгаа юм. Хөрөнгө оруулагчид “Могойн гол”-ын нүүрсний уурхайд түшиглэн Дулааны цахилгаан станц барих ажлыг эхлүүлэхдээ “орчин үеийн монгол тактик” хэрэглэж, пиараа ч тийм сценариар хийлээ. Тэд ярилцаж байгаад нэг монгол залууг ерөнхий захирал гэж цоллоод УИХ-ын хэдэн гишүүн рүү утас цохиж урилаа.

“Баруун бүсийг, тойргийг минь тогтой болгож өгөх гэж байгаад баярлалаа” гэж хэлүүлэн тууз хайчлуулсан зураг авахуулаад буцаав. Ингэсэн байхад итгэл үзүүлэхгүй хаачих вэ” гэж бодоод, жуумалзаж суутал хэрэг бишиджээ. “Гай газар дороос” гэгчээр хэвлэлийнхэн нь магтаалын нийтлэлүүдийг нь шиншилсээр гэрлийн хурдаас бүтсэн ажлынх нь эрч хүч хаанаас ундраад байгааг бичицгээж эхлэв. Эрэл хайгуулын эхний бай, нууц дурангийн овоо хараагаа  Эрдэс баялаг, эрчим хүчний сайд дээр  тааруулжээ. Салбарынх нь сайд хойно тэгэхээс ч яахав. Ёстой л “Дээс олсон юм. Үзүүрт нь үхэр байсныг мэдсэнгүй” гэдэг малын хулгайчийн онигоо шиг юм боллоо. Нөгөө талаас хамтарсан Засгийн газрыг байгуулсан ч улс төрийн хоёр том хүчин тусгаар байгаа нь үнэн болохоор Ардчилсан намынхан МАХН-ын сайдыг яагаад “Могойн гол”-ын уурхайг дэмжих гээд байгааг боломжоороо судалж байна. Дээр нь УИХ-д Хөвсгөл аймгаас  зөвхөн Ө.Энхтүвшин гишүүн ганцаараа төлөөлдөггүйг “Шинэ Азиа Майнинг”-ийнхан мартсан нь алдаа болов. Тиймээс уржигдар болсон УИХ дахь АН-ын бүлгийн хурал дээр Ц.Сэдванчиг, Л.Гүндалай нарын боловсруулсан санал дүгнэлтийг хэлэлцээд гарын үсэг л зурахад дутуу байсан гэрээг “унагалаа”. Унагахдаа зүгээр ч яриад өнгөрсөнгүй. Салбарын сайдыг дуудаж тайлбар нэртэй байцаалт авсныг анхаарахгүй өнгөрөх аргагүй. Энэ бол лавлагаа авах гэхээсээ илүү сэжиглэж хардсаных. Тэд санасныг бодвол хавьгүй том асуудал босгож мэдэхээр байна. Өөрөөр хэлбэл, эхний удаад гэрээг “унагасан” ч дараагийн удаа сайдыг унагаж мэдэхээр хэмжээнд яригдаж мэдэх түгшүүрийн дохио мэдрэгдлээ.

АН-ын бүлэг “Могойн гол”-ын нүүрсний уурхайд түшиглэсэн ДЦС-ын асуудалд зөөлөн хандаж гэрээг шинэчлэн байгуулах шаардлага тавьсан. Ингэхдээ  ДЦС-ыг эзэмших эрхийг Монголын мэдэлд үлдээхэд онцгой анхааруулав. Энэ бол том сануулга. ТЭЗҮ-ийг дахин баталгаажуулах гэсэн нь нөөцийн хэмжээнд эргэлзэж байгаа, ДЦС-ыг барих хөрөнгийн хэмжээ зах зээлийн үнэд нийцэж байгаа эсэхэд нухацтай хандана гэдгээ илэрхийлсэн хэрэг юм. Мөн Оюутолгой, Тавантолгойн ордыг дагаж хятад ажилчид олноороо орж ирж байгаатай холбоотойгоор монголчуудын ажлын байрны тоо хэмжээг тодорхой болгохыг хүсчээ. Хэдийгээр мэргэжилтэн нэрээр хятадуудыг оруулах нь ойлгомжтой боловч Монгол Улс энэ чиглэлээр дэлхийд гологдохооргүй инженер техникийн ажилтан, мэргэжлийн боловсон хүчинтэй учраас гэрээ дэмжигдэхэд нөлөөлөхүйц том шалгуур үзүүлэлт учир үүнийг анхаарахгүй өнгөрөх аргагүй. Эцэст нь орон нутгийн өмчлөлд байгаа 51 хувиа гадны эзэмшилд хэрхэвч өгөхгүй гэдгээ хэлсэн байна. Түүнчлэн болж өгвөл “Тавантолгойн технологийг ашиглаж, алсын зайнаас цахилгаан дамжуулж баруун аймгуудыг цахилгаанаар хангах боломжийг судалж үзэх нь зүйтэй” гэсэн дүгнэлт хийсэн нь бараг “Шинэ Азиа Майнинг”-ийг оруулах дургүй байгаагаа илэрхийлсэнтэй адил юм.  Хөвсгөлийг төлөөлсөн Ц.Сэдванчиг, Л.Гүндалай гэлтгүй монголчууд тэр аяараа Хөвсгөлдөө харам байдаг. “Монголын Швейцарь” гэж өргөмжилдөг энэ нутаг дахь баялаг руу, Хөвсгөл далайн орчмын байгаль руу шүлсээ савируулсан дотоод, гадаадын хэнийг ч өршөөдөггүй билээ.

Тиймээс тодорхой хэмжээнд ярилцаж тохирсон, лоббидсон зүйл байгаа бол эртхэн болих хэрэгтэйг АН-ын бүлгийн хурал харууллаа. Магадгүй энэ байр суурь салбарын сайдын, цаашилбал Засгийн газрын нэр хүндэд сөргөөр нөлөөлж болох талтай. УИХ-ын гишүүн, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтын хувьд улс төрийн өнөөгийн өндөрлөгтөө гэрлийн хурдаар хүрснээрээ онцлогтой билээ. “Нэг хүнд ийм их аз гэнэт тохиох муу” гэдэгчлэн мөн ийм хурдаар карьераа алдаж болохыг ч үгүйсгэхгүй. Хамгийн эмзэг, стратеги салбарыг удирдахад хөнгөн гоомой хандсанаар ирээдүйгээ баллаж мэдэх эрсдэл түүнийг хүлээж буй. “Урт хэл хүзүү орооно” гэгчээр “Могойн гол”-ын ДЦС Д.Зоригт сайдын суудлыг ороосон байж мэдэх л юм.

У.Оргилмаа

Зохиогчийн эрх: “Улс төрийн тойм” сонин.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж