“Аав юунд бухимддаг нь гэр бүлийн нууц болог”

Хуучирсан мэдээ: 2010.06.30-нд нийтлэгдсэн

“Аав юунд бухимддаг нь гэр бүлийн нууц болог”

Мон­голын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Самбуу агсны хүү С.Сүрэнжавыг “Ярилцах тан­хим”-даа урилаа. Тэрбээр эцгийнхээ үйл хэргийг залгамжлан “Малчдын хөгжлийг дэмжих Ж.Самбуу сан”-гийн тэргүүн бөгөөд мэргэжлийнхээ дагуу “Сод” хууль зүйн товчооны ТУЗ-ийн даргаар ажиллаж байна.

-Монголын төр, нийгмийн зүтгэлтэн Ж.Самбуу агсныг мэдэхгүй хүн ховор биз ээ. Та төрсөн хүүгийнх нь хувьд өнөөдөр аавынхаа тухай дурсан яривал сонин байна?

-Би аавыгаа нэг их магтаад яах вэ. Миний аавыг мэдэх хүн олон бий. Аавыгаа мундаг хүн байсан гэхээсээ илүү хувь хүн талаасаа хэн байсан тухай дурсан ярих дуртай. Яг үнэндээ би сүүлийн үед аавыгаа улам санаад байх болж. Өөртэй чинь ингэж ярихаа зөгнөсөн юм болов уу. Нөгөө талаас  хөгшин настай болоод ирэхээр очих газар маань ойртоод ч тэр үү. Үүнийг уянгын халил гэж битгий бодоорой. Хавар, намрын гэгэлгэн өдрүүдэд хүүхэд насаа, аавтайгаа ярилцсан зүйлээ, аавынхаа төлөө юу хийсэн билээ гэдгээ бодох дуртай болчихоод байна.

Намайг аравдугаар ангид байхад аав минь “Манай Сүрэнжав жаахан яриа, бас нэлээд хашир хүн болох нь. Дэндүү хашир байх заримдаа муу. Шийдвэр гаргахад түвэгтэй болгодог” гэж билээ. Ер нь тэр бүр үглээд байхгүй. Хааяа дуугарахдаа голыг нь олж хэлдэг хүн байсан. Харин ээж минь их хурдан шаламгай. Ерөнхийдөө аавын дутуу чанарыг нөхөх байдалтай байжээ гэж боддог юм. Бид хоёрын яриа аяндаа улс төр рүү давхиад орчих байх л даа. Амьдрал тэнд л бужигнаж байгаа юм чинь. Товчхондоо миний аавын гол чанар нь тогтуун намуун, асуудалд хандахдаа яг амьдрал дээр байгаагаар нь сэтгэн бодож шийдвэр гаргахыг хичээдэг байсан.

-Ж.Самбуу агсны үр ач нар хэрхэн аж төрж, ямар ажил алба эрхэлж яваа талаар уншигчид маань сонирхох нь лавтай?

-Авга ах Н.Тогтох УИХ-ын гишүүн байсан. Уншигчид сайн мэдэх байх. Тэр маань одоо хөдөөгүүр л явдаг ажилтай. Малчдыг холбоожуулна, цаг агаарын мэдээгээр тогтмол хангана.  Бид саяхан аавынхаа бичсэн номуудад үндэслээд “Бэлчээрийн мал аж ахуй” гэдэг 20 боть ном гаргалаа. Ахтайгаа, авга ахтайгаа хамтраад судаллаа. Малчдын дунд Ж.Самбуу гуайн ном гэгддэг “Малчдад өгөх зөвлөгөө өгөх”  гэдэг нэг бор ном 1946 онд хэвлэгдсэн байдаг. Гэтэл аав минь түүнээс өмнө бүр 1935 онд гар бичмэлээр, монгол бичгээр бичиж гаргасан байгаа юм. Мал аж ахуйг хөгжүүлэх аргачлалын тухай.  Ингээд Н.Тогтох ах бид хоёр яг тэр төслөөр төрийн бус байгууллага байгуулаад ажиллаж байна. Н.Тогтох ахын хүүхдүүдийн зарим нь Америкт, зарим нь эндээ аж төрж, сайхан амьдарч байгаа. Миний ихрийн өрөөсөн С.Сурмаажав гэж бий. Их сургуулийн философийн анги төгссөн. Яахав, өөрийгөө болгоод л байна. Тэдний хүүхдүүд ихэнх нь компьютерийн мэргэжилтэй. Өрх тусгаарлаад, өөр өөрийн ажил амьдралтай боллоо. Ер нь манайхан гайгүй сайн явцгааж байна. Харамсалтай нь ах С.Сүрэнжав маань, авгын талын ах, эгч нар гээд гурван ч хүнээ хорвоогийн жамаар бурхны оронд үдлээ. Миний хувьд нэг хүү, хоёр охинтой. Хүү С.Үлэмж маань эрх зүйч мэргэжлээр сурч байгаа. өвөөгийнхөө, аавынхаа үйлийг залгамжлахаар зүтгэж байгаа.Сэтгүүл гаргана, хөдөөгүүр явж малчидтай уулзана. Ямар сайндаа Бүрэн суманд очиж ажиллана гээд байгаа. Би дэмжээгүй. Цаг үеийн нөхцөл байдлын хувьд тохиромжтой цаг үе биш гэж үзсэн. Магадгүй 70, 80-аад оны үед бол дэмжих л байсан байх.

-Таны бэргэн эгч Амбасэлмаа гуайг монголчууд бараг бүгдээрээ таньдаг. Танай гэр бүлийн тухай “Их айлын босго” гээд сайхан ном бичсэн байсан?

-Тийм ээ. Амбасэлмаа эгч маань мэргэжлийнхээ дагуу өөрийн дуртай ажлаа хийгээд бас л сайн сайхан явж байгаад баярладаг юм. Ер нь бид шуналтай биш, амбиц, албан тушаал хөөдөггүй. Монголд байдаг жирийн иргэдийн адил болох бүтэхээрээ л амьдарч явна.

-Гэхдээ тухайн үед сэхээтний гэр бүлийн амьдралаар амьдарч арай өвөрмөц орчинд өсч хүмүүжсэн байх?

-Яг нарийндаа аав ээж минь биднийг сэхээтэн хүүхдүүдийн амьдралаар өсгөхөөс илүү амьдралын хар ухаанд сургахад голлон анхаарсан байдаг.  Хэдийгээр Монголдоо, Д.Сүхбаатарын хоёрдугаар арван жилийн сургуулийг төгссөн боловч наймдугаар ангид байхад Максим гэдэг орос багшаар гэрээр хичээл заалгадаг байлаа. Аравдугаар анги төгсөхдөө л оросоор чөлөөтэй ярьдаг, бичдэг.  “Шадар гурван цэрэг”-ийг уншаад ойлгодог болчихсон байсан. Намайг аравдугаар анги төгсөх жил аав минь Сурмаажав ах бид хоёрыг англи хэл сургахаар Чой.Лувсанжав багшид хадаг барин шавь оруулж байлаа.

-Таныг хуульч мэргэжил сонгож эзэмшихэд аав тань нөлөөлсөн үү?

-Барилгын төрлийн мэргэжилтэй болохыг зөвлөдөг байсан. Гэвч амьдралын явцад л би энэ мэргэжлийг өөрөө сонгож эзэмшсэн дээ.

-Эцгийн захиасыг биелүүлнэ гэдэг хүүгийн хувьд нэр хүндийн хэрэг байдаг. Та аавынхаа захиас, сургаалыг хэр биелүүлж явна гэж боддог вэ?

-Улс төрийн хувьд захиас байсангүй. Хувийн амьдралын хувьд байлгүй яах вэ. Гол нь хүн бүрт ялгаваргүйгээр, хүний ёсоор тэгш хандаж яваарай л гэдэг байсан. Би үргэлж санаж, биелүүлэхийг хичээж явдаг. Наад зах нь өмгөөллийн ажилдаа ч гэсэн  дарга, цэрэг, баян хоосныг ялгадаггүй. Огт төлбөрийн чадваргүй хүн өмгөөлүүлье гэсэн ч үнэний талд хэргийг нь шийдвэрлүүлж тус болохыг л хичээдэг.

-Аавынхаа нөхөд, одоогийнхоор бол нэг намынхан, үеийнхэнтэй нь та хэр холбоотой байдаг вэ?

-Тоолбол бараг үлдсэнгүй дээ. Т.Рагчаа гуай, түүний хүүхдүүдтэй холбоотой, мэндийг нь мэдэж байдаг юм. Нуулгүй хэлэхэд тэр бүр уулзаж учирч    чаддаггүй. Аав маань намынхан, үеийнхэнтэйгээ ажил алба, зарчим л ярьдаг байсан болохоос гэр бүлийн үерхэл зэрэг нарийн холбоотой байгаагүй. Хамгийн ойр байдаг нь Ц.Готов гуай манайхтай олон жил ойр явж байна. Ц.Балхаажав гуай бид хоёр бараг л аав, хүү шиг байдаг мөртлөө “найзууд”. Малчдынхаа төлөө хийх ажил, ном сэтгүүл гаргах зэрэгт байнга хамтарч ажилладаг. Манай “Малчдын хөгжлийг дэмжих Ж.Самбуу сан”-гийн ТУЗ-ийн дарга нь. Би тэр ТУЗ-ийн шийдвэрийг биелүүлдэг гэсэн үг.

-Цаг төр эргэдэг гэдэг. Аавын тань бодож явсан улс төрийн бодлого, үзэл бодлын зөрүүгээс болж хийх гээд чадахгүй байсан ажлыг одоо цоо шинээр хийх гээд ярьж байгаа байдал танд ажиглагддаг уу?

-Ийм зүйл байх л ёстой асуудал. Олонтаа ч ажиглагддаг. Би үүнд баярладаг. Аав минь дотроо бухимдалтай явдаг байсан үе, бухимддаг асуудал олон байдаг. Гэтэл 1990 онд  гарсан ардчилсан хувьсгал хийж их өөрчлөлтийн цаг үе ирсэнд би баярлаж явдаг юм.

-Чухам  юунд илүүтэй бухимд­даг байсан бол?

-Чухам юунд бухимддаг байсан нь манай гэр бүлийн нууц болж үлдэг. Зах зухаас нь задлахад монгол уламжлал, зан заншил алга болж байна, малын тоо толгой, удмын санд өөрчлөлт оруулах гээд олон асуудал байсан. Малчдынхаа амнаас сонссон зүйлээ ажил хэрэг болгох гэхээр тодорхой саад бэрхшээл тулгардаг л байсан байх. Монгол төрийн хар хайрцагны бодлого, улс төрийн үзэл баримтлалын зөрүүтэй холбоотой ч зүйл байсан  болов уу гэж боддог. Аяндаа түүхийн явцад гарч ирэх байх аа.

-Аав тань дайны үед Орос улсад Элчингээр, дараа нь БНАСУ-д Элчин сайдаар, мөн Гадаад явдлын яамны орлогч сайдаар ажиллаж байсны хувьд төрийн хар хайрцагны бодлогын эхний чухал алхмуудыг хийхэд оролцож байсан. Тэр тусмаа Орос улсад дагаар орох асуудал дээр тун хатуу байр суурьтай байснаараа түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Энэ талаар та дурсан ярина уу?

-Элчин байхдаа бичсэн дурдатгалууд, нөхдийнх нь ярианаас үзэхэд Монгол Улсыг үсрэнгүй хөгжүүлэх, гадны хөрөнгө оруулалтыг татах талаар илүү санаа тавьдаг байсан. Монголоос ОХУ-д суух Элчингээр хамгийн олон жил ажилласан нь аав минь байдаг юм билээ. 1937 оны аравдугаар сараас 1946 оны гуравдугаар сар хүртэл Элчингээр ажилласан. Тэр үед Монголыг тусгаар улс болохоор тэр үеийн ЗХУ-тай гэрээ хэлэлцээр байгуулах үед ихээхэн хүчин чармайлт тавьж ажилласан байдаг. Дараа нь  1945-1946 онд Монгол-Хятадын хилийн бүсийг  тогтоох асуудалд Гадаад харилцааны яамны Зүүн хойд Азийн хэлтсийн дарга байхдаа нэлээд нарийн зүйлүүдийг ярьж, оролцсон байдаг. Мөн гуравдагч хөрштэй байх ёстой гэдэг үүднээс 1950 онд аавыг БНАСАУ-д Онц бөгөөд Бүрэн Эрхт анхны Элчин сайдаар томилж явуулсан. Энэ үед Монгол-Солонгосын хооронд дипломат харилцаа тогтоох анхны нот бичгийг хийсэн. Тиймээс миний аав Монгол Улсын тусгаар тогтнолыг бэхжүүлэх талаар үнэхээр сэтгэл зүрхээ зориулж явсан гэж би боддог. Ямар ч байсан Монгол Улс хэзээ ч, ямар ч улсад дагаар орж болохгүй гэсэн хатуу байр суурьтай байсан нь түүхийн баримтуудад хангалттай тэмдэглэгдэн үлдсэн байдаг.

-Аав тань Ю.Цэдэнбал даргыг өөрийн залгамжлагчаар тодруулж ажлаа өгөөд буусан гэх яриа байдаг. Та энэ талаар хэр мэдэх вэ?

-Төрийн залгамж халаа байх ёстой гэсэн бодолтой байсан. Тиймээс ч Ю.Цэдэнбалыг хүлээн зөвшөөрүүлэх талаар зүтгэл гаргасан байхыг үгүйсгэхгүй. Тухайн үед хамгийн боломжтой хүн нь ч тэр байсан байх. Тэр үе чинь 1950, 1960 он биш. 1970 он гарчихсан байсан учраас эргэлт буцалтгүйгээр Ю.Цэдэнбалыг Төрийн тэргүүн болгох нь зүйтэй гэсэн байр суурьтай байсан болов уу.

-Орос улсад Элчин байсан үе нь 1937 оноос эхэлсэн гэхээр хэлмэгдлийн он жилүүдтэй давхцаж байна. “Монголын төр зүтгэсэн хүндээ хатуу”гэдэгчлэн хэлмэгдлийн сүүдэр аавыг тань бас дайрсан байх?

-Тэгэлгүй яахав. 1934-1935 оны үед байх. Өмнөговь аймгийн даргаар ажиллаж байхад нь хянан шалгах байгууллагад нууц мэдээлэл ирж байсан гэдэг. Энэ нь “Нөхөр Ж.Самбуу эсэргүү бүлэг байгуулаад үйл ажиллагаа явуулж байна” гээд газрыг нь заасан байдаг. Маршал Х.Чойбалсан шалгах үүрэг өгөөд явуулсан. Очоод үзтэл тэр нь гурван хүн арайхийн багтах жижиг пин байж. Тэгсэн мөртлөө аймгийн даргаас өөрчлөөд аймгийн шүүхийн орлогч даргаар ажиллуулахаар болго гэсэн шийдвэр гаргаад байтал аймгийн иргэд, малчид хэвээр нь үлдээхийг шаардаж байсан гэдэг. Тэгээд аймгийн даргын албыг, аймгийн шүүхийн орлогчтой давхар хариуцуулж байсан. Хожим нь 1936 онд Мал аж ахуй, газар тариалангийн яаманд ажиллуулсан. Сайд нь Х.Чойбалсан байсан. Дараа нь 1937 онд Элчингээр явуулсан. Элчин болсныхоо дараа А.Амар сайд, Х.Чойбалсан нараас чиг үүрэг авч явсан.

-Элчингээр томилогдохыг бодоход орос хэлээр сайн ярьдаг байсан байх?

-Яриа ойлгодог. Гэхдээ оросоор ярихыг тэр бүр хүсдэггүй байсан. Харин Элчингээр ажиллаад ирэхдээ орос хэл, боловсрол, зан заншил, ажлын арга барилын талаар хангалттай туршлага хуримтлуулсан. Намын дээд сургуулийг оройгоор төгссөн нь нэмэр болсон. Дараа нь аавын минь элэг нь өвдсөн.

-Аав тань Х.Чойбалсантай ямар харилцаатай байсан бол?

-Тэр хоёр онжавууд байсан. Хоёулаа 1895 онд төрсөн. Гэхдээ аавтай хамгийн сайн харилцаатай нь Сангийн яамны орлогч сайд байсан Дорж мээрэн гэж хүн байсан. Тэр хүн л аавыг минь 1922 онд Сангийн яаманд тал бичээч, дараа нь нягтлан бодогчоор авч ажиллуулж төдий зэрэгт хүргэсэн байдаг. Маршалтай сайн харилцаатай болдог нь 1932 онд, “Шинэ эргэлтийн бодлого”-ын дараахан буюу дээр хэлсэнчлэн Өмнөговьд факталсан хилс мэдээллийн дараа яаманд хамт ажиллаад сонирхлыг нь татсан хэрэг.

-Тэгвэл И.В.Сталин, Н.С. Хрущев нартай?

-Бүх протокол, бичиг баримтуудыг цуглуулж судалж байгаа. Засгийн газрын хэмжээний уулзалтуудад хамт оролцсон тохиолдол олон. Гэхдээ зөвхөн Элчин төлөөлөгчийн хэмжээнд. Монгол Улс 1945 оноос хойш Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд гэдэг нэр томьёог хэрэглэж эхэлсэн. Түүнээс өмнөх нь Элчин, Элчин төлөөлөгч гэдэг байсан. Аав минь БНАСАУ-д томилогдохдоо л Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд гэсэн албан тушаалтайгаар явсан.

-МАХН дотор түүнийг хэрхэн үнэлдэг байсан бэ. Намын гишүүний хувиар хурц үг хэлдэг, шүүмжлэлтэй ханддаг байсан тухай нь зарим хурлын тэмдэглэлд үлдсэн байдаг?

-Нарийн яривал 1956 он хүртэл Намын Төв хорооны Бүгд хурлын жирийн гишүүн л байсан. Хожим нь АИХ-ын тэргүүлэгчдийн дарга болгосон. Тухайн үед намын дотор одоогийн л яриад байдаг ашиг сонирхлын зөрчил, найз нөхдийн бүлэглэл, хуучин шинэ үеийнхний ялгарал гээд юм юм л байж. Ерөнхийлөгч Н.Багабанди энэ тухай нэгэн номдоо бичихдээ “1950-иад оны үед МАХН-ын дотор байсан хуучинсаг үзэлтэн ба шинэ үеийнхний харилцааг тэнцвэржүүлэгч байсан” гэсэн утгатайгаар тодорхойлсон байдаг нь надад сайхан санагддаг. Мөн тэрбээр “Ямар ч хүн тухайн цаг үеийнхээ бүтээгдэхүүн байдаг. Тийм ч учраас Ж.Самбуу гуай түүхэн цаг үеийнхээ өндөр үнэлэмжтэй бүтээгдэхүүн байсан” гэж дүгнэсэн байгаа юм.

-Уучлаарай, эмзэг сэдэв хөндөж асууя. Таны аавын шарилыг Алтан-Өлгийд шилжүүлсэн. Та ойрд эргэж очив уу?

-Төрсөн өдөр, нас барсан өдрөөр нь очдог уламжлалтай. Ээж минь амьд сэрүүн байхдаа тавдугаар сарын 21-ний өдөр болохоор биднийг ууланд дагуулж гараад тэр жилийн цэцэгсийн дээжийг аваад очдог байсан. Харамсалтай нь бид одоо очдог ч гэсэн дэлгүүрээс цэцэг худалдаж авдаг болохоор ээжийнхээ захиасыг тааруухан биелүүлж байна гэж боддог. Уг нь ээж амьд цэцэг тавихыг бидэнд захисан юм л даа.

-Одоогоос таван жилийн өмнө талийгаачийн шарилыг шилжүүлэх болоход ар гэр, үр хүүхдэд нь эвгүй байсан нь ойлгомжтой. Түүнээс хойш аавын тань дурсгалын хөшөө сүндэрлэн бослоо. Таны сэтгэл санаа одоо илааршиж байна уу?

-Шарил шилжүүлсний хувьд миний бодол огтхон ч өөрчлөгдөөгүй. Манайд нэг буруу практик бий болсон. Энэ нь төрийн удирдагчдынхаа шарилыг хөндөж болдог юм байна гэсэн загварыг Монгол Улсад бий болгосон. Бидний зарим нь “Коммунист дэглэм ёстой хогийн дэглэм” гэж ярьдаг. Тэр дэглэмийг хүмүүнлэг ардчилсан нийгмийн практикт бас хэрэглэсэн гэж үздэг. Хэзээ нэгэн цагт  хэн нэгнийг үзэн ядахдаа шарилаар нь оролдох юм байна л гэж би ойлгосон. Тэнд шарил тавьсан алдааг зассан нь зөв хандлага. Гэхдээ алдааг заавал тэгж засах ёстой ч байсан юм уу, үгүй юү. Нөгөө  хоёр удирдагчийн шарилыг удаа дараа хөндөж байсан. Тэнд ганцхан хүний шарил хөндөгдөөгүй байсан нь миний аавынх. Гэтэл түүнийг хөндөж зүрхэлснийг нь л би хэлээд байгаа юм. Цаг хугацаа өнгөрөхөд зөв байжээ гэсэн бодол төрөх болсон.  Гэхдээ би үүний төлөө Монголын төрөөс юу ч авахыг бодоогүй. Аваа ч үгүй. Харин аавынхаа хөшөөг босгож авсандаа л баярлаж байгаа. Мөн хуучин хөшөө байсан газрыг нь сангийнхаа хөрөнгөөр нөхөн сэргээж зүлэгжүүлсэн. Түүнээс өмнө тэгэх боломж ч байсангүй.

-Дахиад уучлаарай. Аавын тань хөшөөг босгоход зориулж Засгийн газраас 120 сая төгрөг өгсөн гэсэн мэдээлэл сонсч байсан?

-“Аавынхаа хөшөөг барихад зориулж өгсөн 120 сая төгрөгийг аваад идчихсэн юм гэнэлээ. Тэгсэн мөртлөө засч тохижуулахгүй байна” гэсэн хилс мэдээлэл гарсан. Засгийн газрын захирамжаар өгсөн тэр 120 сая төгрөгийг Ж.Батмөнх, Ж.Самбуу нарын хөшөөг барихад зориулсан. Аавынхаа хөшөөг бид өөрсдийн хөрөнгөөр босгосон. Үүнд гомдох юм алга. Харин барих, байрлуулахад л хамгийн хэцүү байсан. Газар маш үнэтэй, ашиг сонирхлын зөрчилтэй хүн ч  олон байсан юм байна билээ. Түүнийг шийдүүлэх гэж бөөн юм болсон. Төрөөс “Ж.Самбуу гуайн шарилыг Алтан-Өлгийд оршуулж хөшөө босгосугай” гэсэн УИХ-ын тогтоол л гарсан. Хуучин шарил дээрх хөшөөг нь шүү дээ. Харин энэ асуудалд хүний ёсоор хандсан улстөрчид гэвэл би одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Сангийн сайд С.Баярцогт нарыг хэлнэ.

-Тэд яасан гэж?

-Засгийн газар огцрохын өмнөхөн буюу 2006 оны хоёрдугаар сарын наймны орой 19 цагийн орчимд тухайн үед Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт над руу ярьсан. “Таны асуудлыг шийдэж чадахгүй удаасанд уучлаарай. Гэхдээ танай аавын болон Ж.Батмөнх даргын хөшөөний асуудлыг бид санхүүгийн хувьд шийдлээ. 120 сая төгрөгийг хувааж авна. Одоо ЗГХЭГ-аас Нийслэлийн Засаг даргад бичиг явууллаа. Ганцхан зүйл нь Ерөнхий сайдын  үүрэг гүйцэтгэгч, ЗГХЭГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч гэсэн хоёр гарын үсэгтэйгээр л явах нь гэсэн. Би үүнд баярладаг. Хэдийг зориулах нь сонин биш. Төрөөс харж үзлээ. Хөшөө нь л ааваас минь үлдлээ шүү дээ гэж боддог.

-Хэдийгээр аав тань малчдад илүү ойр байснаараа онцлогтой ч гэсэн хийж явсан ажил албан тушаалын хувьд яах аргагүй улстөрч, төр нийгмийн зүтгэлтэн байлаа. Одоогийн улстөрчдөөс түүнтэй төстэй чанарыг агуулсан ямар гишүүд байна вэ гэж та харьцуулж бодож байв уу?

-Би дүгнэлт өгч чадахгүй л дээ. Цаг үе нь ч өөр. Тийм улстөрчийг олж харахын тулд өнгөрсөн, одоо, ирээдүйг харж дүгнэлт хийх болно. Үнэхээр малчдын төлөө гэсэн сэтгэлтэй, амьдралын хар ухаан, туршлага дээр тулгуурлаж, “Малаа яаж маллахаа марксизмаар заалгахгүй” гэдэг шиг шинэ арга ухаан бодож, сэтгэлээ чилээж яваа улстөрчийг олж харахгүй л байна. Дөхөж очих нь хэн бэ гэвэл дунд үеэс ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, шинэ үеийнхнээс Завханаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ц.Балдан-Очир нарын үг, үйлдлүүдээс аавын минь чанар цухалздагийг олзуурхдаг юм.

-Сонирхолтой яриа өрнүүлсэн танд баярлалаа. Танай гэр бүлд сайн сайхныг хүсье.

У.ОРГИЛМАА

Зохиогчийн эрх:
 “Улс төрийн тойм” сонин.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж