Сонгинохайрханы Засаг даргаар Ц.Болдыг томиллоо

Хуучирсан мэдээ: 2010.03.09-нд нийтлэгдсэн

Сонгинохайрханы Засаг даргаар Ц.Болдыг томиллоо

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр захирамж гаргаж Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаар Цэгмидийн Болдыг томиллоо.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3, 26.5, 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын 4 дүгээр хуралдааны 12 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ийм шийдвэр гаргасан байна.  Цэгмидийн Болд нь 1958 онд Улаанбаатар хотод төрсөн. 1976 онд Улаанбаатар хотын 41 дүгээр дунд сургууль, 1976-1977 онд Иркутскийн их сургуулийн хэлний бэлтгэл, 1977-1982 онд ОХУ-ын Краснодар хотын Кубаны их сургуулийг хуульч, 1996-1998 онд ТЗУХИ-ыг төрийн удирдлагын менежер мэргэжлээр тус тус төгссөн байна.


Ц.Болд нь 1982-1992 онд Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Зохион зааварлах хэлтэст хуулийн асуудал, хороо хариуцсан зохион байгуулагч, ахлах мэргэжилтэн, 1992-1995 онд Хан-Уул дүүргийн ЗДТГ-ын Үйлдвэрлэл үйлчилгээний хэлтсийн дарга, 1995-2000 онд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба/ЗАА/-ны Үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтсийн дарга, 2000-2006 онд Улаанбаатар хотын ЗАА-ны Хот тохижилтын хэлтсийн дарга, 2006 оноос Нийслэлийн Хот тохижилтын газрын даргаар ажиллаж байсан байна.  


Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж