Оюуны өмчөө хулгайлж тараадаг болжээ | News.MN

Оюуны өмчөө хулгайлж тараадаг болжээ

Хуучирсан мэдээ: 2010.06.30-нд нийтлэгдсэн

Оюуны өмчөө хулгайлж тараадаг болжээ

Парламентын баталсан хуулийг амьдрал дээр гуйвуулж хэрэгжүүлдэг. Үүнийг хуулийн цоорхой гэдэг. Шинээр оюуны өмч төрж эхэлж байхад Оюуны өмчийн газрынхан түүнийг урьтаад өөр хүн дээр баталгаажуулан патент олгочихдог. Үүнийг оюуны өмчийн хулгай гэж болох. Оюуны өмчийг хамгаалах газар өөрөө оюуны өмчийн хулгайч болчихдог ийм тохиолдол далд сурталчилгааны үед элбэг тохиолдоно. Яагаав “150”, “Түмэн хишигтэн”, “3S” гэх мэтээр юу нь мэдэгдэхгүй, тэгсэн атлаа хүмүүсийг “юу юм бол” гэж сонирхтол телевизээр цацдаг рекламууд байдаг даа. Маркетингийнхан энийг далд сурталчилгаа гэдэг.

Дэлхий нийтэд далд сурталчилгаа бол шинээр эхэлж байгаа бизнесээ олон хүнд таниулах, оноосон нэрээ брэнд болгох, олны анхаарлыг татах зорилготой. Харин манайд дэлхийн энэ чиг хандлагаас гадна сурталчлахыг хуулиар хориглосон бизнесүүдийг далдаар сурталчилдаг. Жишээ нь, архи пивоны сурталчилгаа байна. Манай бизнесийнхэн энэ хоёрын аль ч төрлөөр хамаагүй баахан далд сурталчилгаа хийж, бизнесээ эхлүүлчихээд дараа нь өмчлөгчийн хувьд баталгаажуулахаар Оюуны өмчийн газарт ханддаг. Хэрвээ бизнесээ эхлэхээс өмнө хандвал бизнесийнх нь нууц задарч, далд сурталчилгааны утга алдагддаг учраас ийнхүү дараа нь ханддаг хэрэг. Гэтэл энэ нь Оюуны өмчийн газарт танилтай хүмүүст сайхан олз, сул мөнгө болдог ба түрүүлж бүртгүүлчихээд дараа нь жинхэнэ санаачлагчаас нь мөнгө нэхнэ. Огноог нь хөөгөөд үзэхээр далд сурталчилгаа дөнгөж эхэлсний маргааш, эсвэл нөгөөдөр өөр нэгэн эрхэм “оноосон нэр”-ийг нь өөр дээрээ патентлаад авчихсан байдаг ажээ. Цаг хугацааны хувьд ялигүй хоцорсон бизнесмэнд нэгэнт эхэлчихсэн бизнес, цаашдын төлөвлөгөө зорилго байдаг бол, түүнээс өрсч патенттай болсон эрхэмд урьтаж авсан оноосон нэрээс өөр юу ч байхгүй. Ингээд л тэр хоёрын дунд наймаа явагдана. Энэ бол ерөнхийдөө оюуны өмчөөр хулгай, шантааж хийдэг технологи. Өөрөөр хэлбэл, далд сурталчилгаа телевизээр яваад эхлэнгүүт л сэргэлэн нэг нь Оюуны өмчийн газарт хандаад сурталчилгааны өнөөх нэр, утгыг өөр дээрээ патентлуулчихдаг. Дараа нь далд сурталчилгааны эздэд патентаа зардаг байна. Ийм төрлийн луйвар Орост бол түгээмэл, бараг бизнес болчихсон. Манай улсад ч хэд хэд гарсан бололтой. Оюуны өмчөөр мөнгө хийдэг энэ аргад Оюуны өмчийн газрынхан холбоотойг шууд батлах боломжгүй. Гэхдээ тэдний ажил нь ийм бизнесийн таатай орчин бүрдүүлдэг учраас энэ агентлагийн хууль журамд цоорхой, эсвэл албан тушаалтнуудад нь но байна аа л гэсэн үг. Яг ийм тохиолдол манай томоохон, бүр нэлээд том хоёр ч компани дээр явагдаж, тэд “алдсан” оюуны өмчөө хувь хүмүүсээс худалдаж авсан байна. Мэдэгдэж байгаа нь энэ. Мэдэгдэхгүй цаана нь хэд ч байхыг үгүйсгэхгүй. Оюуны өмчийг хамгаалах ёстой агентлагийнхан оюуны өмчийг хулгайлахад хувилж тараахад үнэхээр оролцдог уу. Ингэж хардах үндэслэл бүхий саяхны хоёр баримт өгүүлье.

Баримт 1.

Улсын дээд шүүх ердөө хоёр сарын өмнө “Эрдэнэт” үйлдвэрийн нэхэмжлэлтэй нэгэн хэргийг хяналтын журмаар шийдвэрлэжээ. Шүүхийн шийдвэрээс үзэхэд Оюуны өмчийн газар юунд “ашигтай загварын патент” олгох нь ашигтай вэ гэдгийг мэддэг болохоос ямар бүтээлд ашигтай загварын патент олгох ёстой вэ гэдгийг төдийлөн сайн мэддэггүй бололтой. Энэ шүүх хурлын хариуцагч нь Оюуны өмчийн газар. Маргааны гол утга нь “Эрдэнэт” үйлдвэрт ашигладаг зэсийн баяжмал дахь мөнгөний хэмжээ, түүнд төлбөр тооцох аргачлалын тухай юм. Оюуны өмчийн газрынхан болохоор зэсийн баяжмал дахь мөнгийг тооцох аргачлалыг иргэн Я.Тоолой санаачилсан гэж түүнд ашигтай загварын гэрчилгээг 2004 онд олгожээ. Нэгэнт Засгийн газрын агентлагаар баталгаажуулсан патенттай учраас иргэн Я.Тоолой оюуны өмчөө үнэлүүлэхээр “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагуудад хандсан байна. Зарим хүний хэлж буйгаар их хэмжээний мөнгө нэхсэн бололтой юм. Гэтэл үйлдвэрийн удирдлага мөнгө өгөхөөс татгалзаж. Улмаар хууль зөрчиж патент өгсөн Оюуны өмчийн газрыг шүүхэд өгсөн байна. Чухам эндээс л маргаан үүсч, Улсын дээд шүүхийн хяналтын шат хүртэл явсан хэрэг. “Эрдэнэт” үйлдвэрийн захирал Ч.Ганзоригийн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ зэсийн баяжмал дахь мөнгийг тооцох аргачлалыг Орос-Монголын мэргэжлийн хүмүүсийн оролцоотойгоор тухайн үеийн яамны сайдын тушаал, бусад хууль дүрэм, стандартыг үндэслэн аль 1979 онд баталсан болохыг баримтаар дурджээ. Дээр үеэс олон жил мөрдөж ирсэн аргачлалыг олон жилийн дараа, гэнэт хувь хүн цоо шинээр нээсэн мэтээр ашигтай загварын гэрчилгээ болгон патенталсан Оюуны өмчийн газрын шийдвэрт гайхаж буйгаа ч дурдсан байна. Товчдоо шүүх дээр иргэн Я.Тоолой, түүнд оюуны өмчийн патент өгч, шүүх хуралд хариуцагчаар оролцсон Оюуны өмчийн газрынхан удаа дараа ялагдсан. Тус хуралд Оюуны өмчийн газрын дарга оролцоогүй ч, хариуцсан ажлын объём, давхар хашдаг албан тушаалынхаа тоогоор агентлагийн даргаасаа дутуугүй “том” Э.Мягмардорж хатагтай оролцжээ. Тэрээр тус агентлагийн хуулийн зөвлөх, боловсон хүчний дарга, Патентын маргааныг хянан шийдвэрлэх комиссыг хариуцсан нарийн бичгийн дарга, Зохиогчийн эрхийн хэлтсийн дарга, мөн дараа нь аж үйлдвэрийн өмчийн хэлтсийн даргын ажлыг ч хашдаг нэгэн гэнэ. Гол гол ажлуудыг зангидаж эрхэлдэг, асуудлыг сайн мэддэг, эрх мэдэлтэй хүнээ Оюуны өмчийн газрынхан шүүх хуралд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцуулсан ч баримтын үнэнд гүйцэгдэж ялагджээ. Дашрамд дурдахад үүнтэй ижил төрлийн маргаанууд “Тэц-4”, “Төмөр зам”, Эрдэнэт үйлдвэр зэрэг дандаа том компаниудтай холбогдож гардаг нь сонирхолтой. Гэтэл хүн бүр шахуу нээж ашигтай загварын гэрчилгээ авдаг утаагүй зуух гэх мэтчилэн жижиг зүйлүүд дээр ингэж маргадаггүй, маргаан ч гардаггүй юм байна.

Баримт 2.

“Би чамд хайртай” уран сайхны кино 20 жилийн дараа хоёрдугаар ангитай болсон. Хүмүүс ч 20 жилийн дараахь киноны үйл явдлыг ихэд сонирхож олноор үзэж байлаа. Уран бүтээлчид нь оюуны өмчийн хулгайтай тэмцэж, киногоороо мөнгө олохын тулд хатуу хяналттайгаар театруудад киногоо гаргаж байв. Театруудад гаргахдаа уран бүтээлчдийн багаас нэг хүн киногоо авчирч, өөрөө харж байгаад гаргаж дуусчихаад буцаагаад аваад явдаг байж. Энэ хяналт нь амжилттай болж, Европын орнуудаар явж, тэнд байгаа монголчууддаа киногоо үзүүлэхээр бэлтгэж эхлэв. Бүр төлөөлөгч томилж яг явах гэж байтал нэг л өглөө интернэтийн бүх сайтад “Би чамд харйтай-2” тавигдаж, хүссэн бүхэн үнэгүй үзэж эхэллээ. Ингээд кинотеатруудад үргэлжлүүлэн гаргах шаардлагагүй болов. Европт байгаа монголчууддаа үзүүлэх төлөвлөгөө бол бүр “будаа”. Кино бүтээсэн зардлаа ч олж амжаагүй байсан уран бүтээлчид хулгайчийн эрэлд мордлоо. Гэтэл хулгайч нь ч гэх юм уу, хувилж тараасан нь гэх үү лав л Оюуны өмчийн газар буруутан болж тодорсон байна. Уран бүтээлчид оюуны өмчөө патентлуулахаар өргөдлийн хамт киногоо хувилан тус газарт хандсан байжээ. Өөрөөр хэлбэл, уран бүтээлчид өөрсдөө чононд хонио аваачаад өгчихсөн байлаа. Уншигч та санаж байгаа бол Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг дээхнэ оюуны өмчийн хулгайтай тэмцэж байгаа нь энэ гэж баахан хулхи CD-нүүд хугалж нугалж жалганд хаялаа даа. Тэр үеэр “Би чамд хайртай-2”-ыг хувилсных нь төлөө Оюуны өмчийн газрынханд анхааруулга өгсөн гэдэг. Хариуцлага доошоо явж, яг энэ чиглэлийн ажил хариуцсан хэлтсийн Э.Мягмардорж даргыг алгасаад уран бүтээлчдээс киног хүлээн авч бүртгээд буцааж өгсөн мэргэжилтнээ Оюуны өмчийн газрынхан ажлаас нь халсан юм билээ. Буруугаа хүлээж, алдаа гарсан ажилтандаа хариуцлага тооцож байгаа нь тэр. Харамсалтай нь хэдхэн хоногийн дараа “байдал намжив” гэсэн үү нөгөө ажилтнаа буцаагаад ажилд нь авчихсан гэсэн.

Баримт 3.

Манай аль гайгүй гэсэн бүх хүнсний үйлдвэр “Чингис” нэртэй сархад, бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Гэсэн ч тэдэнд Оюуны өмчийн газрынхан “Чингис” гэсэн нэрийг хэрэглэхийг албан ёсоор зөвшөөрдөггүй гэнэ. Учир нь нэр алдартай хүний нэрэнд барааны тэмдэг олгохгүй гэсэн хууль журмаа үзүүлэн толгой сэгсэрдэг аж. Яах вэ, хууль нь нэгэнт ийм бол Оюуны өмчийн газрынхны зөв. Гэтэл эзэн Чингисийнхээ нэрийг үндэснийхээ үйлдвэрлэгчдэд өгөөгүй хэрнээ Казахстаны нэгэн тамхины үйлдвэрт “Чингис хаан” нэрийг барааны тэмдэг болгон Монгол Улсын Оюуны өмчийн газар бүртгэж гэрчилгээ олгосон байх юм. “Чингис” нэрийг монгол хүнд, монголчуудад ашиглуулж болохгүй, харин гаднынханд болно гэсэн хууль байхгүй л баймаар. Энэ баримтууд бол Оюуны өмчийн газрынхан оюуны өмчийг хамгаалах биш, оюуны өмчийг хулгайлахад, хувилж тараахад оролцдог болсны баримт юм. Нэр дээр суурилсан үйл ажиллагааг, бизнесийг биш, зөвхөн оноосон нэрүүдийг л патентжуулан далд бизнесийг хөхиүлэн дэмждэг тухай энэхүү өгүүллийн эхэнд дурдсан. Хэрвээ сэргэлэн, хамгийн гол нь Оюуны өмчийн газарт найдвартай танилтай хүн байвал Монголд орж ирэх нь тодорхой дэлхийн брэндүүдийн нэрийг өөр дээрээ оюуны өмч болгон патентжуулахыг зөвлөе. Уг нь ийм дэлхийн брэндүүдийг оюуны өмч болгож өгмөөргүй л юм. Гэтэл Оюуны өмчийн газрынхан яг оноосон нэрийг нь биш ч, ийм нэрээр Монголд үйл ажиллагаа явуулах эрхийг хэн нэгэн танил талдаа патент болгон баталгаажуулчихдаг байна. Жишээ нь, хэзээ нэгэн цагт Монголд Макдональдс орж ирж л таарна. Эртнээс та энэ нэрийг Монголд ашиглах эрхийг өөрийн оюуны өмч болгоод авчихсан байвал хожмоо Макдональдсыг оруулж ирсэн компанид патентаа дажгүй өндөр үнээр зарна шүү. Энэ бол бэлэн жишээ. Харин олсон ашгаа ийм боломж олгосон хүмүүстэйгээ хуваадаг жишиг байдаг үгүйг мэдэхгүй юм. Судлаад үзэх л хэрэгтэй.

Зохиогчийн эрх: "Үндэсний шуудан" сонин

2010.06.28

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 2010-06-30 202.170.67.20

Bi chamd hairtai kinog busdad damjuulsan hyniig said ni butsaagaad av gesen gene lee hen ch unshsan zahialgaar bichsen baina orlogch darga gej huldyy tolgoitoi duuchin bichyylsen biz

Avatar

USA 2010-06-30 65.208.187.194

MONGOLCHUUD BID ICHIJ UHMEER ULS BOLJ TOGLOJ BUI HUMUUS SHUU

Avatar

Lawyer 2010-06-30 202.131.233.60

Би бүр ноцтой баримт дурьдъя Би чамд хайртай 2 кино чиг өөрөө хууль зөрчсөн байхгүй юу Юу гэвэл эх бүтээл туурвигчаас нь буюу зохиогчийн амины эрх эдэлж байгаа этгээдүүд мөн зохиогчийн онцгой эрх эдэлж байгаа төрийн өмчийн хорооноос ямар ч зөвшөөрөл авалгүйгээр хийсэн байгаа шүү Төрийн өмчийн хорооныхон анхааралдаа аваад ашиг орлогоос нь аваачэээээээээээ\n

Avatar

Зочин 2010-06-30 202.131.239.18

Сонингынхон хэн нэгний захиалгаар бичиж байгаа биз дээТэрх захиалга чинь энэ байгууллага дотор ч байгаа байж мэднэ Одоо хүмүүс ичих булчирхай байхаа байсан шүү дээ

Avatar

www.Freecall.mn 2010-06-30 202.170.67.217

Hizgaargui yarih erh chelee

Avatar

NEvery 2010-06-30 59.24.78.69

hogjiltei yum aa\nMogold oyunii hodolmoriin erkh aldagdsan tul gadaadad garch hiihees Ta nar ch bas gadaadad hii Bitgii mongold hii hahahaha

Avatar

LOGO 2010-06-30 180.149.97.3

MANAHAN BOLIMOOR YUMAA OYUNII OMCHIINHON IIM BWAL BID HENDEE ITGEJ OYUNII OMCHOO BATALGAJUULAH WEMANAHAN HETIRHII HUILAA ZORCHIJ BA IIMERHVV YUMNUUDIIG SHOROND HIIDEG HUIL GARGAMAAR YU AJILAAS N HALAD NEMERGVI BUSTAGAD AJILD N ORUULDAG TIIM YUM MANA ORNOOS OR GAZAR LAW BHGVISHUUD YAL OGOH HEREGTE \n

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж