Засгийн газрын харьяа 11-11 төвд ирсэн санал гомдлын дийлэнх хувь нь төрийн үйлчилгээтэй холбогджээ. Тухайлбал, Төв шуудан дотор байрлах ТҮЦ машин ажиллахгүй байгаагийн зэрэгцээ холбогдох дугаарлуу залгаж энэ тухай дуулгах гэхэд утас холбогдохгүй байгаа. Мөн өвдөөд эмнэлэгт хандахаар эмч нь “Гэр барих ажилтай байна” гээд үзэхгүй байгаа тухай гомдлыг мэдүүлжээ. Түүнчлэн наадмын өмнөхөн асуудал болгон тавьж байсан “Ургах наран” хорооллын бохирын усны асуудал ч өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй элдэв халдварт өвчин гарч болзошгүй нөхцөл үүссэнийг №1407213091 дугаараар холбогдсон зочин хэлжээ. Энэ тухай тэрээр “Ургах наран” хорооллын бохирын усны асуудал шийдэгдэхгүй авто зам болон Хонхор луу урсаад сар болж байна. Муу усаар амьсгалаад маш хүндрэлтэй байна. Энэ талаар анхаарч арга хэмжээ авч өгөөч” гэжээ. Мөн дараах гомдлыг иргэд тавьжээ. Үүнд №1407218245 СБД 9-р хорооны оршин суугч. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн барилгын ажлыг шөнийн цагаар явуулдаг нь иргэдийг гэртээ амрах боломж олгохгүй байна. Гэр хорооллын дахин төлөвлөлтийг дэмжиж байгаа боловч шөнийн цагаар амрах боломж олгохгүй байгаа нь үнэхээр хүндрэлтэй байна. Үүнийг хэрхэн шийдвэрлэх вэ? Яаралтай шийдэж арга хэмжээ авч өгнө үү.
№1407213599 СХД 22-р хорооны Тахилтын 2-р буудлын хойно трансматрын эргэн тойронд айлууд зөвшөөрөлгүй буугаад байна. Энэ талаар шалгаж арга хэмжээ авч өгнө үү. Хороо, дүүрэгт хэлээд арга хэмжээ авч өгөхгүй байна.
№1407212883 Дархан-Уул аймгийн зам арай хэтэрхий эвдрэлтэй байна. Зам ашигласаны төлбөр гэж аваад байж замаа янзлахгүй юм. Үүнд анхаарч ажиллана уу
№1407219349 БЗД-ийн 22-р хорооны Алтан өлгий рүү явдаг шинэ зам дээр тоосго зардаг машинууд зогсчих юм. Тэгэхээр машин байтугай явган хүн ч зөрөх боломжгүй байна. Үүнд арга хэмжээ авч өгнө үү.
№1407219089 Шарга морьтын авто замыг хэзээ засварлаж эхлэх вэ. Энэ талаар мэдээлэл өгнө үү. 2 жил ийн турш иргэд бид хүлээж байна. НЗДТГ-ын дарга нар өөрсдөө машинтай тус замаар зорчиж үзэх хэрэгтэй байна.
№1407210885 Архангай аймгийн Хайрхан сумын эмнэлгийн эмч нар өвдөөд ирж буй хүмүүст эмнэлэгийн тусламж үзүүлэхгүй, гэр барих ажилтай байна гээд огт өвчтөнгүүдээ хүлээж авахгүй байна. Өндөр настай хордлогонд орсон хүнд тариа хийлгэх гэж эмч нараас гуйж 2 өдөр явж байна. Ажлын цаг дуусаагүй байхад гарч явж, үндсэн ажлын цагаар өөр ажил хийж байна.
№1407210840 Төв Шуудан дотор байрлах 2 ширхэг ТҮЦ машины ажиллагаа доголдоод лавлагаа авч чадсангүй. Үүн дээр анхаарлаа хандуулна уу. Мөн хариуцаж буй 77001111 дугаар луу залгасан боловч огт холбогдож чадсангүй.
№1407212833 Дамбадаржаад байрлах Миний дэлгүүрүүд шошгоны үнийг худал тавьснаас болж иргэдийг маш их хохироож байна. Энэ талаар арга хэмжээ авна уу.
№1407215310 Замын ажил хийж байгаа компаниудын карьерийн зөвшөөрлийг мэргэжлийн хяналтаас өгөхгүй байна. Ашиглалтын “А” лицензтэй компанид өгнө гэх юм. Хууль дагаж журам ирдэг. Журам нь ирээгүй юу яриад байгаа юм гэх юм. Улсын компанит ажлууд нь зогсоод байна.
№1407216826 Зүүн 4 замаас халдварт хүртэл замын гэрэл асаалттай байна. Өдрийн цагаар ингэж асаах нь ямар учиртай юм бэ?.
№1407219065 БЗД-ийн 9-р хорооны 8-р гудамжны 52 тоот газраа хувьдаа авах гээд өнгөрсөн оны аравдугаар сараас хойш хөөцөлдөөд чадахгүй байна. Айлуудаа олж ир гэх юм. Тэр айлууд нь “Бид нар бичиг баримтаа авсан болохоор оролцохгүй” гэх юм. Байцаагч дээрээ ирэхээр дооглоод байгаа нь мэдэгдэхгүй загнаад байх юм.
№1407218797 “Буянт ухаа-1” хорооллын зээл нь хэзээ шийдэгдэх вэ. Албан ёсны хариу өгнө үү тэнд байраа хүлээгээд гэр бүлээрээ гэрт суучихаад хэцүү байна.
Г.НАРАН