Амрахгүй, ажиллах даалгаврыг Засгийн газрын хуралдаанаас авсан сайдууд өнгөрсөн долоо хоногт орон нутгийг зорьж, өвөлжилтийн бэлтгэлийг хэрхэн хангаж байгаатай биечлэн танилцаж эхэллээ. Аймгуудад өвөлжилтийн бэлтгэл харилцан адилгүй байна. Наадамдаа налайн, ажлаа хойш тавьсан албан тушаалтнууд байхад нарны уртыг ашиглаж их зүйлийг хийхийг хичээсэн аймаг ч бас байна. Тухайлбал, Говьсүмбэр аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн сургуулийн өвөлжилтийн бэлтгэл ажил зуун задгай жаран хагархай байхад Дорноговийнхон жин тан болгосноор барахгүй бүтээн байгуулалтын ажил буцалж байх жишээтэй. Энэ бүхэнтэй УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав өчигдөр танилцлаа.
100 хүртэлх сая төгрөгийн зээл олгожээ
Аж үйлдвэрийн паркын гол төв болж хөгжих Дорноговийн Сайншандад иргэд нь барилга барьж, зам тавин, аж ахуй эрхлээд тун завгүй. Аймгийн Хөдөлмөрийн хэлтсээс орон нутагт хийж буй дэд бүтцийнхээ ажилтай уяж аж ахуйн нэгжүүддээ Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зээл олгосон нь нүдээ олжээ. Тодруулбал, бетон зуурмаг болон тоосгоны үйлдвэр байгуулахад зориулж тус бүр 100 хүртэл сая төгрөгийн зээл олгосноор барилга барихад шаардагддаг гол түүхий эдийг гаднаас авахааргүй болж дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангах боломжтой болжээ.
Тухайлбал, Бетон зуурмагын үйлдвэр нь 1 цагт 60 куб метр зуурмаг үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд бүтээгдэхүүнээ тусгай зориулалтын машинаар зөөвөрлөж 9 хүртэлх давхрын барилгад цахилгаан хөдөлгүүртэй шахах помпоор ажил гүйцэтгэдэг болохоор хөдөлмөр ч хөнгөвчилж буй юм байна. Мөн тус Хөдөлмөрийн хэлтсээс хөдөлмөрлөх чин хүсэлтэй иргэд, хоршоодод санхүүгийн буцалтгүй тусламжийг олгосон аж. Үр шимийг нь хүртэж яваа хөдөлмөрч хүмүүсийн нэг нь Тахианы болон хүлэмжийн аж ахуй эрхэлж байгаа “Говийн нүргэн” хоршооны ногоочин Б.Эрдэнэцэцэг юм. Тэрээр тахианы байр барих төсөл бичиж, Хөдөлмөрийн хэлтсээсээ 2 сая төгрөгийн дэмжлэг авчээ. Аж ахуйдаа 70 гаруй тахиатай, тэдгээр нь сайн өндөглөдөг 110 дэгдээхэйтэй болсон байна. Бас цацагт хяруул, галуу тэжээдэг, тус бүртээ 10 аад дэгдээхэйтэй болсон. 10х6, 20х6-гийн хэмжээтэй гурван ч хүлэмжтэй. Өргөст хэмх, улаан лооль, саладны навч, тарвас, хүрэн манжин тус бүр тариалж, өөрсдийн төдийгүй нутгийнхныхаа хэрэгцээг хангачихдаг болжээ. Тэрээр буцалтгүй тусламжийг авснаар аж ахуйгаа өрөгжүүлээд зогсоогүй тахиа ч сайн өндөглөөд ажил урагштай байна гэж ярилаа.
“Загасгал- цайг Сайншандынхан андахгүй
Дорноговь аймгийн Сайншанд сумын бас нэгэн хөдөлмөрч хүн бол өдгөө 80 шүргэж яваа Должин гуай юм. Дархлаа сайжруулах үйлчилгээтэй цайг тэрээр уламжлалт аргаар боловсруулж, бэлтгэн “Загасгал” нэртэйгээр худалдаанд гаргасаар багагүй хугацаа өнгөрчээ. Анх цайгаа гэртээ хийж эхэлсэн байна. Улмаар 2010 оноос 3 ажилтан авч цай үйлдвэрлэлээ өргөжүүлж, хоёр жилийн дараа 5 ажилтантай болж, одоо гэр бүлээ оруулаад 7 хүнийг ажлын байртай золгуулжээ. Энэ тухайгаа н.Должин “Цай маань цэвэр дархлаа сайжруулах үйлчилгээтэй. Эрүүл мэндийн яамнаас баталгаажуулсан бүтээгдэхүүн. Аймгийн хэмжээнд цайг маань өргөнөөр хэрэглэдэг болж, нутгийн брэнд бүтээгдэхүүн болсон” гэж тодотголоо. “Загасгал” цай Сайншандчуудын хэрэглээ болоход жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлого эзнээ олж очсоны тод жишээ юм.
Дорноговь МСҮТ-ийг төгссөн 13 залуу ажилтай болжээ
Жижиг, дунд үйлдвэр эрхэлж, нутгийнхаа хэрэгцээг хангаж байгаа үйлдвэрлэгчидтэй уулзсаны дараа УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав аймгийн төв дэх Дорноговь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус сургууль нь барилгын болон хөдөө аж ахуйн мэргэжилтэй ажилчид бэлтгэх хэрэгцээ шаардлагад үндэслэн 1986 онд Улаанбаатар хотын Барилгын Техник Мэргэжлийн I сургуулийн салбар болон байгуулагдсан байна. Тэр үеэс барилга, хөдөө аж ахуйн 20-иод мэргэжлээр 16000 гаруй мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэсэн. Харин Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв болсоноор 14 төрлийн мэргэжлээр мэргэжилтэй ажилтан бэлтгэдэг болжээ. Сургалтын баазын хувьд 100 хүүхдийн дотуур байр, 920 хүүхдийн хичээлийн байр, 720м2 талбай бүхий дадлагын 4 байр, спорт заал, хурлын танхим, номын сан, лекцийн танхимтай, суралцах тохилог орчин иж бүрэн бүрджээ. Өвөлжилтийн бэлтгэл хангагдсан нь сайдыг уужруулж, ажил нь өнгөтэй байсанд онц дүн тавив. Мөн тус сургуульд Мянганы сорилтын сангийн Мэргэжлийн боловсрол, сургалтын төсөл 2008-2013 он хүртлэх хугацаанд 25.5 сая ам долларын төсөвтэй, мэргэжлийн боловсрол, сургалтын чанарыг дээшлүүлж, хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцүүлэх төсөл хэрэгжжээ. Энэ талаар тус сургуулийн Нийгмийн түншлэл, олон нийттэй харилцах албаны дарга Д.Цэнд-Аюуш “НҮБ-ын Хүн амын сангийн Залуучууд хөгжлийн хөтөлбөрийн санхүүжилтээр 4000 ам. долларын өртөгтэй Амьдрах ухааны төв ашиглалтанд оруулахаар ажиллаж байна. Амьдрах ухааны төв нь оюутнуудад маань эрүүл мэндийн боловсрол олгоно. Сүүлийн үед ажил олгогчдын зүгээс чадварлаг мэргэжилтэй ажилтныг шаардахын зэрэгцээ хувь хүний төлөвшилд ихэд анхаарах болсон. Хувь хүний төлөвшил дотроо хөдөлмөрийн сахилга бат, эрүүл мэндийн боловсрол, өөрийгөө авч явах чадвар зэргийг давхар олгох шаардлагатай болж байна” гэлээ.
Мөн уг төв нь Хөдөлмөрийн яамнаас санаачлан хэрэгжүүлж байгаа үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж буй сургуулийн нэг аж. Аймгийн төвд баригдаж байгаа “Залуус” орон сууцны хорооллыг сүндэрлүүлж байгаа залуусаас 13 нь тус төвийг төгссөн суралцагсад байлаа. Хөдөлмөрийн сайд “айлчлал”-ынхаа хүрээнд мэргэжилтэй ажилчидаа эргэж, амжилтанд хүрэхийг ерөөсөн юм. Мэргэжилтэй ажилтан байхын давуу тал нь мэргэжлээ гартаа оруулж чадвал ажлын байр олдохгүйн зовлон үгүй. Дээр нь цалин өндөртэй ажил хийх боломжтой. Монгол Улсад ирэх жилүүдэд мэргэжилтэй ажилтны хэрэгцээ хамгийн их байх судалгаа гарсан тул зөвхөн богино хугацааны сургалтаар дамжуулж Хөдөлмөрийн яам энэ жил 6000 гаруй мэргэжилтэй ажилтан бэлтгэхээр болсон нь амжилттай хэрэгжиж байгаа ажээ.
Дээр дурдсан “Залуус” орон сууцны хорооллыг “Монголт” барилгын компани барьж байна. Тус компанийн инженер М.Амартөр “Манай компани Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөрийн хүрээнд 13 хүүхэд мэргэшүүлж сургаж авсан. Өнөөдөр тэд манай компанийн үндсэн ажилтан болчихоод явж байна. Мэргэжилтэй ажилчдыг богино хугацаанд бэлтгэж, дадлагыг үйлдвэрлэл дээр хийх болсноор хэн, хэндээ хэрэгтэй, улс орондоо ч тустай тусч байна. Ажил олгогч нарын хувьд мэргэжилтэй ажилтныг хайх зовлонгүй болж байна, компани дээрээ сургаад авна. Номоо үзчихсэн, дадлагаар ажлын туршлага олчихсон залуус ажил дээр гарахад их, дээд сургуульд сурсан залуусаас хавьгүй илүү ажил нугалж байна” гэлээ. Мөн хөтөлбөрийн дүнд ажилгүй байсан залуус мэргэжил эзэмшиж, ажилтай болж, өрхийн орлого нь нэмэгдэн нүдээ олсон ажил болж байгаа тул хөтөлбөр үргэлжлэн хэрэгжих нь илүү олон залуус ажлын байртай болж орон нутаг ч хөгжих өргөн боломж нээж өгнө” гэсэн юм.
Аймаг, сумын 90 жилийн ой үргэлжилж байгаа энэ өдрүүдэд Дорноговийнхон харин халууныг үл ажран ажилласаар.
Г.ДАРЬ