Гадаадын хэвлэлүүдэд бичиж байгаагаар Moody’s агентлагийн Хөрөнгө оруулалтын албанаас манай улсын зээлжих зэрэглэлийг дахин бууруулсан байна. Энэ тухайгаа өнгөрсөн пүрэв гаригт мэдээлжээ. Тодруулбал, Монголын зээлжих зэрэглэл B2 болж буурсан нь хөрөнгө оруулалт татах зэрэглэлээс таван түвшингээр доогуур үзүүлэлт гэдгийг эдийн засагчид тайлбарлаж байгаа юм.
Монголын зээлжих зэрэглэл буурах нь олон улсын хөрөнгийн зах зээлд зарагдаж байгаа, бонд болон хувьцаануудад сөргөөр нөлөөлөх хандлагатай. Тиймээс тус агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг бууруулсан гэдгийг мэдэгдсэний дараа манай Засгийн газрын босгосон бондын үнэлгээ огцом уналттай гарчээ.
Дотоодын зах зээлд ам.долларын ханш өсч, өнгөрсөн тавдугаар сарын байдлаар гадаад валютын нөөц 1.6 тэрбум доллар болтлоо доошилсон нь манай улсын зээлжих зэрэглэлийг дахин бууруулах шалтгаан болсон гэж гадны мэргэжилтнүүд үзэж байна. Үндэсний статистиктийн газраас гаргасан судалгаагаар зургадугаар сарын байдлаар төгрөгийн ханш 26 хувиар унасан, цаашид унах төлөвтэй байгаа нь ч харагдаж байгаа. Учир нь арилжааны банкуудад зарж байгаа ам.долларын ханш өнөөдрийн байдлаар 1851 төгрөгтэй тэнцэж байна.
"Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоног"-ийн хүрээнд ам.долларын ханш улам өсч, Монголын зээлжих зэрэглэл ийнхүү дахин буурсан нь Засгийн газар гол ажилдаа анхаарах хэрэгтэйг сануулав. Нөгөөтэйгээр, Монгол Улсын гадаадад тавьсан өр ч тодорхой хэмжээгээр нэмэгдсэн нь Азийн бүс нутагтаа хамгийн өртэй орны тоонд багтахад хүргэжээ. Өрийнхөө хэмжээгээр манай улсын Азид айргийн тавд багтсаныг Блюмбүүргээс мэдээллээ.
“Монголын экспортын 90 хувийг дангаараа эзэлдэг БНХАУ-аас тус улс дэмжлэг авах бүрэн боломжтой” гэж Сингапур дахь Азийн судалгааны ING компанийн ахлах Тим Гордон ярьжээ. Монголын зээлжих зэрэглэл буурсан нь гадаадаас хөрөнгө оруулалт татахад ч сөргөөр нөлөөлөх талтай. Тиймээс ам.долларын өсөлтийг хязгаарлаж, инфляцийн энерцийг буруулах хэрэгтэйг Дэлхийн банкнаас сануулж, үүний тулд төсөв мөнгөний бодлогоо хатууруулах ёстойг ч зөвлөж буй. Харин Монголын ажил олгогчдын эздийн холбоо төсөв мөнгөний хатуу бодлого барих нь ажлын байрыг цөөлж, бүтээмжийг сулруулах эрсдэл байгааг анхааруулж байна. Харин ч хямралыг бүтээмжийг дээшлүүлэхэд анхаарч, ажлын байрыг хадгалах замаар давах ёстой гэдгээ илэрхийлж буй.
Он гарсаар ийнхүү хагас жилийн хугацаанд Монголын зээлжих зэрэглэл өсч, Эдийн засгийн хөгжлийн яамны тооцоолж байсан ам.долларын ханшийг 1384 төгрөгт барина гэдэг мөрөөдөл үлгэр болов. Дотоодын зах зээлд бараа бүтээгдэхүүний үнэ өсч, гадаадын зах зээл бонд, хувьцааны ханшийг унагах том шалтгаан болоод байгаа ам.долларын ханшийг тогтворжуулахгүй бол Монгол Улсын хэдхэн жилийн хугацаанд олж авсан хичээл зүтгэл талаар болох дэг.
Валютын нөөцийн хомсдол буурч байгаа нь Монголын эдийн засагт аюул учруулах хэмжээнд хүргэж байна. Хэдийгээр экспортын хэмжээ нэмэгдсэн ч гэлээ орж ирэх валютын хэмжээ өсөхгүй байгаа. Хөрөнгө оруулалт бага зэрэг өссөн сайхан мэдээ дуулдаж буй ч гадаад валютын нөөц багасч байгаа нь ийнхүү гадаад зах зээл дэх манай улсын үнэлэмжинд сөргөөр нөлөөлөх боллоо.
Б.ХОНГОР