“Тал нутгийн марафон- 2014” олон улсын марафон гүйлтийн тэмцээн өчигдөр буюу долдугаар сарын 20-нд Төв аймгийн нутаг дахь Өндөр дов хэмээх газарт амжилттай болж өндөрлөлөө.
18 дахь жилдээ болж буй тус тэмцээнд марафон гүйлтээр хичээллэдэг зургаан орны 550 гаруй тамирчид хурд, хүч, ур чадвараа сорив. Дэлхийн улс, хотуудын марафон тэмцээнээс байгаль, тал нутагт болдгоороо онцлог уг тэмцээнд энэ жил Японы 60 орчим тамирчин оролцсон нь бусад улсаас хамгийн олон нь байлаа. Түүнчлэн манай зэвсэгт хүчний тусгай ангийн цэргүүд марафонд гүйж, бэлтгэл сургуулилалтынхаа үр дүнг шалгуулав.
Олон улсын гүйлтийн тэмцээн уламжлал ёсоор гурав, тав, 10, 21 км-ийн зайд эрэгтэй, эмэгтэй төрлөөр болсон бөгөөд хамгийн урт зай буюу 21 км-т гүйж түрүүлсэн тамирчдад анх удаа хурдан удмын даага бэлэглэсэн юм.
21 км-ийн эрэгтэйчүүдийн төрөлд ОУХМ Ц.Бямбажав, эмэгтэйчүүдийн төрөлд спортын мастер Б.Мөнхзаяа нар түрүүллээ. 10 км болон 21 км-ийн медальт байрт шалгарсан тамирчид ирэх есдүгээр сарын 19-нөөс аравдугаар сарын 4-ний хооронд БНСУ-ын Инчон хотноо болох Азийн зуны спортын XVII наадам оролцох аж.
Тэмцээний дүнг танилцуулья:
21 км:
Эрэгтэй:
Алтан медаль: ОУХМ Ц.Бямбажав
Мөнгөн медаль: спортын мастер Д.Гантулга ("Хилчин" спорт хороо)
Хүрэл медаль: Н.Батхуяг (“Мон-Алтиус” биеийн тамирын дээд сургууль)
Эмэгтэй:
Алтан медаль: спортын мастер Б.Мөнхзаяа ("Алдар" спорт хороо)
Мөнгөн медаль: ОУХМ Л.Отгонбаяр ("Хүч" спорт хороо, тус тэмцээнд арав дахь жилдээ оролцож байна.)
Хүрэл медаль: Ц.Санжидмаа (“Мон-Алтиус” биеийн тамирын дээд сургууль)
10 км:
Эрэгтэй:
Алтан медаль: Б.Доржпалам ("Алдар" спорт хороо)
Мөнгөн медаль: Н.Олонбаяр ("Алдар" спорт хороо)
Хүрэл медаль: Суваргахайрхан ("Хилчин" спорт хороо)
Эмэгтэй:
Алтан медаль: Г.Шүрэнцэцэг ("Алдар" спорт хороо)
Мөнгөн медаль: Г.Ундармаа ("Хилчин" спорт хороо)
Хүрэл медаль: Н.Сэмжид ("Хилчин" спорт хороо) тус тус шалгарлаа.
Ч.БОЛ
Зэвсэгт хүчний тусгай ангийн цэргүүд марафонд гүйж, бэлтгэл сургуулилалтынхаа үр дүнг шалгуулав.
Тэмцээнд ахмад тамирчид идэвхтэй оролцлоо.