“Google” компани Хятадын агуулгын цензурыг тойрч гарах, шинэ арга олсон байна. Саяхныг хүртэл тус компани Хятадын хэрэглэгчдийн хандалтыг агуулганд шүүлт хийдэггүй Хонг Конгод байрладаг вэбсайтруугаа автоматаар шилжүүлж хандуулдаг байсан юм. Гэвч үүнээс болж “Google” компани Хятадад үйл ажиллагаа явуулах лицензээ алдаж болзошгүй гэж анхааруулсан тул “Google” ингэж байсныгаа больж байгаа юм байна. Харин түүний оронд Хятадын хэрэглэгчид тусдаа өөр “газардах хуудсан дээр” буух бөгөөд тэр хуудасны хаана ч дарсан Хонг Конгийн шүүлтүүргүй сайт руу холбогдох юм байна. Энэ жижиг өөрчлөлт нь “Google” компани автоматаар шилжүүлээгүй, харин хэрэглэгч өөрөө товчлуур дарж шийдвэр гаргаж байгаа тул энэ нь Хятадад үйл ажиллагаа үргэлжлүүлэн явуулахад нь саад болохгүй байх гэж найдаж байна. Хятадад үйл ажиллагаа явуулах лицензийнх нь хугацаа дуусахын өмнөхөн “Google” энэ өөрчлөлтөө зарласан байна.
Хятадын хуулиар компаниудын вэб серверүүд Хятадад байрласан байх ёстой байдаг аж. “Google” ийнхүү өөрчлөлт хийсэн ч Хятадын эрх баригчид үүнд хэрхэн хандах нь одоогоор тодорхойгүй байна гэж “BBC” агентлагийн технологийн сурвалжлагч Рори Селлан-Жонес ярьж байна.
“Google”-ийн хайлтын хуудсанд гарахын тулд компаниуд байнга өөрийн вэб сайтын ажилладаг тохиргоог өөрчилдөг, учир нь “Google” өөрийн хайлтын алгоритмыг байнга шинэчилж, өөрчилж байдаг юм. “Google” Хятадын зах зээлээс гарахыг хүсэхгүй байгаа. Учир нь Хятад дэлхийн хамгийн том интернетийн зах зээл. Нэг талаас Хятадын эрх баригчид өөрсдийн иргэдийг юу уншиж, үзэхэд хяналт тавихыг хүсэж байгаа бол, нөгөө талаас “Google” хяналт тавихад оролцохыг хүсэхгүй байгаа бөгөөд үүнд оролцох нь тус компанийн дэлхий даяарх имиж, брендийн нэр төрд сөргөөр нөлөөлөх болно гэж үзэж байна. “Хятадад интернетийн үйлчилгээ явуулах лиценз байхгүй бол бид Google.cn сайт ажиллуулах боломжгүй болох бөгөөд тэгвэл Хятадын талаарх мэдээллийн хоосон орон зай үүсэх болно. Үүнийг Хятадын хэрэглэгчид ч мөн хүсэхгүй байгаа юм” гэж тус компанийн захирал Дэвид Драммонд компанийнхаа блогонд бичсэн байна.
“Google” компани нэг бус удаа Хятадын эрх баригчидтай үзэл бодлын асуудлаар зөрчилдөж байсан. Харин энэ оны нэгдүгээр сард Хятадад байршилтай компьютерүүдээс тус компанийн зүг нарийн боловсронгүй халдлага их хэмжээгээр хийгдсэнтэй холбоотойгоор “Хятадад үйл ажиллагаа явуулахаа бүрмөсөн зогсоож магадгүй” гэж мэдэгдсэн. Эдгээр халдлагууд нь Хятадын хүний эрхийн идэвхтнүүдийн мейл хайрцгууд руу халдсан байсан бөгөөд түүнээс гадна АНУ-ын зарим компанируу чиглэсэн байв.
Сүүлд нь тус компани Хятадад үлдэж үйл ажиллагаагаа явуулахаар шийд гаргасан ч Хятадын хэрэглэгчдэд ямар нэг шүүлтүүргүй интернетийн хайлт гаргаж өгөхөөр шийдсэн. Энэ нь тус компанийн “хаанахын ч хэрэглэгчид бүх мэдээллийг гаргаж өгнө” гэсэн компанийн зорилттой холбоотой гэж тайлбарладаг. Ойрын таван жилийн дотор Хятадын иргэдийн бараг хагас нь интернетэд холбогддог болно гэсэн зорилт Хятад тавиад байгаа. Одоогийн байдлаар иргэдийнх нь бараг 30 хувь нь интернетэд холбогдож байна. Хэрвээ Хятадад үйл ажиллагаа явуулахгүй бол “Google”-ийн ирээдүйн өсөлтөнд тийм ч таатай байхгүй нь ойлгомжтой. Тэмдэглүүштэй нь, бусад орны зах зээлээс ялгаатай нь “Google” Хятадын зах зээл дээр хайлтын үйлчилгээ хийхэд төдийлөн төвлөрч анхаардаггүй бөгөөд одоогоор Хятадын интернет хайлтын зах зээл дээр орон нутгийн “Baidu” компани тэргүүлэх байр суурьтай байна. Хайлтын оронд “Google” Хятадад хөгжим болон газрын зургийн үйлчилгээ үзүүлэхэд илүү анхаарч байна гэж судлаач нар дүгнэдэг.
Т.БАДРАХ